ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Батболд: Уртын дууг бичлэгээр сонсох бус дуучдаараа дуулуулдаг болъё

Х.Монголхатан
2015 оны 2 сарын 14
Зууны мэдээ
Зураг зураг

Монголын уртын дууны холбооны тэргүүн, СУИС-ийн багш, “Улаанбаатар” чуулгын дуучин, Үндэсний бөхийн улсын манлай засуул, СТА Б.Батболдтой ярилцлаа.

-Та саяхан Уртын дууны холбооны тэргүү­нээр сонгогдсон. Холбоо­гоо шинэчилж өөрчлөх ямар ажил хийхээр төлөвлөж байна даа?

-2003 оны хоёрдугаар сард Монголын уртын дууны холбоо байгуулагдсан. Өнгөрсөн 12 жилийн хугацаанд манай холбоо Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Түвшинжаргал тэргүүнтэй удирдах зөвлөлийн зургаан гишүүнтэйгээр ажиллаж ирсэн.

Энэ сарын 1-ний өдөр хийсэн ээлжит бус хурлаар “Өвөг дээдсээс уламжилж, өвлөж ирсэн уртын дуугаа залуус та нар цааш нь судалж сурталчлах, дэлгэрүүлэх, зааж сургах, хойч үедээ үлдээх үүрэгтэй. Тиймээс холбоогоо авч яв” гээд тэргүүнээр нь намайг сонгосон. Удахгүй удирдах зөвлөлийн хурлаараа энэ жилийнхээ төлөвлөгөөг гаргана.

2004 оны есдүгээр сарын 1-нд Монголын уртын дууг ЮНЕСКО хүн төрөлхтөний биет бус соёлын өвд бүртгэж авсан шүү дээ. Тиймээс уртын дууны тогтсон нэг өдөртэй болох тухай ч бид ярьж байна.

2003 оны хоёрдугаар сард Монголын уртын дууны холбоо байгуулагдсан.

Гадаад харилцаа холбоогоо сайжруулах, дэлхийгээр тарсан Монгол туургатнуудынхаа дунд их наадам зохион байгуулж, алдартай дуучдынхаа нэ­рэм­жит уралдааныг үр­гэлжлүүлэх, шинэ залуу дуучдыг ахмад үеэс суралцах боломж бүрдүүлэх зэрэг олон ажил бодож, төлөвлөж байна. Уртын дуу бол ашиг харж явбал хөгжихгүй урлаг. Мөнгөөр хэмжигдэхгүй эрхэм нандин өв.

-Сүүлийн үед уртын дууг хүмүүс их сонирхох болсон. Гэвч хүн бүр сурах боломжгүй байх шиг?

-Нэг үеэ бодоход уртын дуу сонирхдог, дуулах хүсэлтэй хүмүүс нэмэгдэж байна. Хоёр сая төгрөгийн төлбөртэй СУИС-ийн уртын дууны ангид жил бүр 20-иод хүүхэд элсэн суралцах болсон. Ер нь манайхан “Монгол хүн байна даа ганц ч болов уртын дуу сурчих юмсан” гэсэн хүсэлтэй явдаг байх. Тиймээс би 2013, 2014 онд “Улаанбаатар” чуулга дээр “Монгол уртын дуу 2222” нэртэй сургалтыг зохион байгуулсан.

2013 онд гурван сарын сургалтаа 30 мянган төгрөгөөр хийхэд 300 гаруй хүн хамрагдсан бол 2014 онд тайзны түрээсийн төлбөрөөс шалтгаалаад нэг сарын 30 мянгын төлбөртэйгөөр 100 гаруй хүнд хоёр сар заасан.

Өөртөө итгэлтэй, зоригтой уртын дуу сурах чин хүсэлтэй хүмүүс манай сургалтад суусан. Хамгийн гол нь мөнгө олох бус олон хүнийг уртын дуугаа сураасай гэсэндээ энэ сургалтыг зохион байгуулсан юм.

-Та уртын дуучин, энэ урлагт буцалж яваа хүний хувьд уламжилж ирсэн ардын урлагаа хэрхэн хөгжөөсэй гэж боддог вэ?

-Уртын дуу байх газраа байж, дуулах газраа дуулах ёстой. Уртын дууг бид зөвхөн Үндэсний их баяр наадам, Цагаан сараар л бичлэгээр сонсч ирлээ. Гэтэл СУИС жил бүр уртын дуучин бэлдэж төгсгөж байна. Аймгийн болон улсын театруудад уртын дуучид байсаар атал хэдий болтол ахмадуудынхаа дуулсан бичлэгийг сонссоор байх билээ.

Бөхийн өргөөнд бөхчүүд нь барилдаж, засуул цэц, үзэгчидтэйгээ хамт уртын дуучид нь дуугаа дуулаад зогсч яагаад болохгүй гэж. Тиймээс өнгөрсөн арванхоёрдугаар сарын 20-нд болсон Богд хан уулын хишиг барилдаанаар ямар ч бичлэг явуулахгүй, 30 оюутнаараа 90 уртын дуу дуулуулсан. Үзэгчид маш сайхан хүлээж авсан.

Одоо Цагаан сараар ч уртын дуучдаараа дуулуулах талаар ярилцаж байна. Наадмаар ч мөн адил есөн хөлт цагаан тугныхаа хоёр талд асар бариад тэнд дуучдаа суулгаад, ээлжилж дуулуулаад байж болно шүү дээ.

Уртын дуу байх газраа байж, дуулах газраа дуулах ёстой. 

Дээр үед Монголчууд ингэж л нааддаг байсан. Ингэж байж уртын дуучид хөгжинө, уртын дуу танигдана, татагдана. Үзэгчид дуучдын дунд амьд харилцаа бий болно.

-Уртын дуучин мэргэжлээр СУИС-ийг жилд хэдэн хүүхэд төгсч байна вэ. Тэдэнд ажлын байр байна уу?

СУИС-ийг жил бүр 20 орчим хүүхэд уртын дуучнаар төгсч байна. Өдрийн анги, эчнээ анги нийлээд 150 орчим хүүхэд сурч байна. 20 жилийн өмнө уртын дууны ангид нэг л хүүхэд байлаа.

Гэтэл уртын дуучдыг ингэж олноор нь бэлдэх шаардлагагүй гэх хүмүүс таардаг. Энэ бол буруу юм. Хэдийгээр уртын дуучны ажлын байрны орон тоо цөөн ч олон салбарт хөрвөх чадвартай.

Дуучин болдоггүй юмаа гэхэд сум орон нутагтаа очоод соёлын төвийн эрхлэгч, найрал дууны багш, цэцэрлэг, сургуулийн дуу хөгжмийн багшаар ажиллах юм уу, уртын дууны сургалт ч явуулж  болно. Өөрөө бусдыг үлгэрлэн, уриалан дуудаж, зааж сургах зэргээр ардын сайхан язгуур урлагаа өвлүүлэн үлдээх боломжтой.

-Уртын дууг хөгжүүлж, зөв менежмент хийснээр нийтийн дууны адил хүмүүст хүргэх боломж бий юу. Нэгэн цагт монголчууд бүгд дуулдаг байсан уртын дууг өнөө үед ядаж тал хувь нь мэддэг, дуулдаг болгомоор санагддаг?

-Би 2013 онд Хүннү гүрэн үүсэн бай­гуу­лагд­саны 2222 жи­лийг тохиолдуулаад тө­сөл бичээд яаманд танил­цуулсан ч дэмжигдээгүй. Тиймээс л “Улаанбаатар” чуулгаа түшиглэн “Монгол Уртын дуу 2222” сургалтаа бие дааж эхлүүлсэн хэрэг.

Сарын 10 мянган төгрөгийн үнэтэй ч долоо хоногийн гурван өдөр хичээллэдэг энэ сургалтаараа би ямар ч ашиг хонжоо хараагүй. Миний сургалтын зараар 15-79 насны эмэгтэй, эрэгтэй 300 гаруй хүн ирсэн. Энэ бол олон хүнийг хамруулж уртын дуу заасан анхны сургалт байсан.

Эндээс л Монголчууд уртын дуугаа сурах ямар их хүсэлтэй, ямар их авьяастай болохыг харсан. Сургалтын үед суралцагсдаа дасгал уншуулсны дараа хоолойг нь амраах ёстой. Тэр хооронд амьсгаагаа яаж авах, гаргах арга техник, алдартай дуучдын авьяас чадвар, амьдрал уран бүтээл, нутаг нутгийн аялгуу гээд олон талын мэд­лэгийг заадаг учир тэд­гээр хүмүүс уртын дуу­ны талаар нэлээд мэдлэгтэй болж төгссөн. Хоёр жилийн сургалтад суусан хүмүүстэйгээ хамтраад Монгол уртын дууны “Өнө” чуулга байгуулж, 15 дуутай цомог гаргасан.

-Танд ийм сургалт зохион байгуулах санаа хэзээ төрсөн юм бэ?

-Би 2006 онд МУИС-д “Монгол уртын дууны эгшиг томолт, түүнийг заах аргазүйн асуудал” сэдвээр магистр хамгаалсан. Үргэлж­лүүлээд докторантурт сурч байна. Уртын дууны эгшиг томолт гэдэг маш чухал амин сүнс нь байдаг.

Тиймээс би эрдмийн ажлаа практикт хийсэн нь дээрх сургалт юм. Биднийг багад Монгол бичиг телевизээр заадаг байсан шиг одоо уртын дууны хичээл заавал олон хүн сурна байх гэж боддог. Ядаж л тэр хичээлийг үзэж, сонсч байгаа хү­мүүсийн чих онгойж, сэт­гэлд нь тэр сайхан аял­гуунууд хоногшино доо.

-Таны бэлдэж сургасан 999 хүн 2013, 2014 оны наадмын хөтөлбөрт уртын дуу дуулсан байх аа?

-Баяр наадмын тоглолтын ерөнхий найруулагчаар ажиллаж байсан Гавьяат жүжигчин Д.Сосорбарам гуай манай сургалтыг ирж сонирхсон юм. Хүмүүсийн дуулахыг сонсоод их гайхсан. Уртын дуу мэддэг ардын авьяастнуудыг цуглуулсан гэж ойлгосон юм билээ. Гэтэл тэнд цугласан 200-гаад хүнээс настай хоёр хүн л залуудаа уртын дуу дуулдаг байсан.

Д.Сосорбарам гуай намайг 999 хүнийг богино хугацаанд сургаж өгч чадах уу гэхээр нь би цэрэг өгчих гэсэн. Тэгээд л Батлан хамгаалахын их сургуулийн 999 сонсогчид өдөрт хоёр удаа очиж уртын дуу зааж эхэллээ. Эхлээд “Уухай” зааж өгөөд “Түмэн эх” дууг заасан. Энэ бол жирийн хүн битгий хэл мэргэжлийн дуучин дуулахад хүнд дуу. Бэлтгэлийн үеэр зарим нь цаасаа нүүрэн дээрээ тавиад унтана, залхуурна, ядарна.

Тэгэхээр нь “Та нар монгол хүмүүс. Аав ээж, эмээ өвөө, өвөг дээдэс чинь бүгд уртын дуугаа дуулдаг байсан. Та нарын мах, цус, ясанд бий. Зөвхөн би сурах ёстой гэсэн омогшил та нарт байх ёстой” гээд бүгдийг нь командаар босгоод бэлдүүлсэн дээ.

Таван өдрийн дараа явцыг нь шалгахаар ирсэн Д.Сосорбарам гуай 999 цэргийн дуулахыг сонсоод уйлсан шүү. Ингээд 2013 оны наадмаар 10 гаруйхан хоног бэлдсэн 999 хүн Түмэн эх”-ийг дуулсан түүхтэй. Харин 2014 онд Сьерра-Леон явахаар бэлдэж байсан 999 цэрэгт “Эртний сайхан” дууг зааж, дуулуулсан.

-Уртын дууг удам дамжиж, өвлөж ирсэн гоц авьяастай хүмүүс л дуулж чадах юм шиг санагддаг. Гэтэл та энгийн хүмүүст сургаж чадна гэх юм?

-Хоолой нь сөөгөөгүй л бол ямар ч хүн уртын дуу дуулж чадна. Дуу чимээг ялгахгүй хөгжлийн бэрхшээлтэй л биш бол солгой хоолойтой хүн гэж байхгүй. Уртын дууг хэсэгхэн хүмүүст зориулж зохиосон зүйл биш. Бүх Монголчууд морин дээрээ дуулж, найран дээрээ түрдэг байсан. Мэдээж олны дундаас онцгой сайхан дуулдаг авьяастай хүмүүс төрнө.

Тэднийгээ нутаг усаараа хүндэлж, сонсдог байсны жишээ Ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Н.Норовбанзад гуай юм.

Хоолой нь сөөгөөгүй л бол ямар ч хүн уртын дуу дуулж чадна. 

Би өнөөдөр Баян­хонгор аймагт 100 гаруй хүнд эгшиг томолтоор уртын дуу заахаар явж байна.

Хэрэв яам дэмжээд, цаг зав зохицуулдаг бол аймаг бүрт очоод сургалтаа явуулах хүсэл байна. Тэдгээр хүмүүс нь цаашаа нутаг орныхондоо заах маягаар энэ урлаг дамжиж, хөгжинө шүү дээ.

-Сонгодог урлаг шиг уртын дуу маань дэлхийд танигдах, хөгжих боломж байна уу? 

-Боломжгүй зүйл биш. Зарим судлаачид уртын дуу бол дэлхийн сонгодог гэдэг. Дэлхийд Монгол уртын дуу шиг том цар хүрээ, багтаамжтай дуу байхгүй.

Намайг “Дуртмал сайхан” дуугаа Швейцарьт дуулж байхад хөгжмийн мэдлэгтэй хүмүүс сонирхож асууж байсан. Оперын басс баритон хоолойтой хүн, тенор хоолойтой хоёр хүний дуулах дууг нэг болгон дууллаа гэж тайлбарлаад, төгөлдөр хуур дээр өнгийг нь дарж, өөрөө дуулж үзүүлэхэд гайхан, “байж боломжгүй зүйл” гэж байсан.

Европт басс баритон хоолойтой хүн тенор луу орж дуулж чадахгүй. Энэ мэтчилэн ур­тын дууг дэлхийд та­ниулж, гайхуулахын тулд хүмүүст сургах ёстой. Сур­гахдаа тайлбарлаж, өөрс­дөө дуулж үзүүлэх хэрэгтэй.   

-Уртын дуунууд дээр үеэс уламжилж ирсэн байдаг. Шинээр зохиох боломж бий юу?

-Уртын дууг зохиож чадахгүй гэж ярьдаг хүмүүс бий. Уламжилж ирсэн уртын дуунуудыг ч хэн нэг хүн зохиосон байгаа шүү дээ. Цагийн уртад зохиогчийнх нь нэр мэдэгдэхгүйгээс ардын дуу болчихоод байгаа юм.

УГЗ уртын дууч С.Цоодол гуай, М.Дугаржав гуай нар олон уртын дуу зохиосон байдаг. Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай гурван актав уртын дуу зохиож, ардын жүжигчин Чимэдцэеэ дуулсан шинэ дуу бий.

-Яг хэдэн уртын дуу бүртгэгдсэн байдаг вэ?

Давхардсан тоогоор 5,000 дуу байдаг гэж зарим судлаачид хэлдэг. Гэхдээ Петербург хотын номын санд манай 1,600-гаад уртын дуу бүртгэлтэй байдаг юм билээ. Би бол 1,100-гаад дууны нэрийг олж тогтоосон.

Тэгэхээр миний мэдэхгүй 500-600 дуу байж болох. Зарим дуу төв халх, зүүн, баруун аймгийн гээд гурван ч аялгуугаар дуулагддаг. Тэгэхээр давхардаж тоологдож ч болох талтай.

-Өвөг дээдсийн маань дуулдаг байсан уртын дуу өнөөгийн бидэнд ирэхдээ хэмжээ нь богиносч, үг нь өөрчлөгдсөн гэх юм билээ?

-“Уяхан замбуу тивийн наран” гэдэг дуу “Дөрвөн талт замба тив” гэсэн нэртэй, том актавтай байсан. Гэтэл социализмын үед хэн нэг эрх мэдэлтний дураар хасч, танагдсан. Иймэрхүү байдлаар богиноссон дуунууд нэлээд хэд байдаг. Тэрүүгээр нь дуулаад хэвшчихсэн, бид сонсоод сурчихсан байна. Үг нь ч орчин үежээд өөрчлөгдөөд ирсэн нь ч байна.

Хамгийн гол нь бид олон жил бичлэг сонссоор байгаад түүнийгээ уртын дууны төгс хувилбар гэж ойлгодог болж. Тэр нь 1960-1970-аад онд алдартай дуучдыг 60-аас дээш настай байхад нь бичиж авсан бичлэгүүд. Гэтэл одоо залуучуудыг дуулахаар чихэнд нь бууж өгөхгүй, худлаа дуулаад байна гэдэг. Энэ бүхнийг наана, цаанатай ойлгоосой гэж боддог. Цаашид ца­гаан сар, наадмын бөхийн барилдаанаар дуучид маань уртын дуугаа дуулдаг болчихвол сайн байгаа юм. Дуулж байж дуучид хөгжинө, ур чадвар нь сайжирна шүү дээ.  

-Эмэгтэй хүний дуул­даггүй дуу гэж байдаг уу?

-“Түмний эх”, “Уяхан замба тивийн наран”, “Эрдэнэ засгийн унага”, “Эр бор харцага“ гэсэн дуунуудыг зарим нутагт эмэгтэй хүн дуулдаггүй гэх юм билээ. Бүр дээр үед уртын дууг эмэгтэй хүн дуулдаггүй байсан ч гэж зарим судлаачид хэлдэг.  

-Хамгийн олон цагаар дуулдаг ямар дуу байдаг вэ?

-“Өвгөн шувуу”, “Бор борын бялзуухай” зэрэг дуунуудыг гурван цаг гаран дуулдаг.

-Уртын дуунд хүмүүсийг дуртай болгох, татахын тулд олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, реалити шоу зохиож болох уу?

-Манай урлагийнхан тэр дундаа рок поп, опера, нийтийн дуучдаас уртын дуу сурах хүсэлтэй хүмүүс олон байдаг. Тиймээс тэднийг ашиглаад теле­ви­зийн шоу хийж, сурах, бэлдэх бүх явцыг харуулаад төгсгөлд нь тусгай шүүгчдээр шүүлгэж хамгийн сайн дуулж сурсныг нь шалгаруулж болох юм. Тэгвэл үзэгчид ямар ч хүн уртын дуу сурч чадах юм гэдгийг харах болно.

“Маск” продакш­ныхан надаар уртын дуу заалгаж “Эрдэнэ засгийн унага” дуулж сурсан. Тэгээд өнгөрсөн намар тоглолтондоо дуулцгаасан. Х.Баянмөнх аварга “Дэлхийн 10 настай бүх хөвгүүдийг барилдуулахад Монгол хүүхэд төрүүлнэ” гэж хэлсэн байдаг. Үүн шиг Монголчууд бүгд ур­тын дуугаа дуулах авьяас­тай гэж хэлмээр байна.

Зураг