Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Шүүх Г.Алтанхүүгийн хэргийг хэрхэн шийдэв?

Г.Номин, iKon.mn
2015 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Дүүргийн эрүүгийн хэргийн I шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Л.Мөнхтуяа

Хамтран амьдрагчаа зодож амь насыг нь хөнөөсөн хэрэгт сэжиглэгдээд байсан Г.Алтанхүүд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд болж гурван жилийн хорих ял оноосон байна.

Шүүхийн шийдвэрийн талаар өнөөдөр тус шүүхийн олон нийттэй харилцах албанаас дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

Г.Алтанхүүд холбогдох шүүх хурал олон удаа хойшилж байсан ба Дүүргийн II прокуророос Г.Алтанхүүг талийгаачийн үхэлд буруутай гэж үзэж байгаа бол Шүүх  эмнэлэг талийгаач хууч өвчний улмаас  амь насаа алдсан гэж дүгнэсэн байна.

Шүүх бүрэлдэхүүн Г.Алтанхүү талийгаачийг зодож хүндэвтэр гэмтэл учруулсан нь талийгаачийн амь насанд нөлөөлөөгүй гэж үзсэн учир түүнд үүсгээд байсан Эрүүгийн хуулийн 91.1 гэсэн зүйл ангийг хэрэгсэхгүй болгож, 98.1-т зааснаар буруутган гурван жилийн хорих ял оноожээ.

Ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх бөгөөд цагдан хоригдсон хугацааг оруулж тооцох юм байна. Г.Алтанхүү 2013 оны арваннэгдүгээр сараас хойш цагдан хоригдож байгаа юм.

Хэргийн оролцогчид болон улсын яллагчийн зүгээс шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа бол 14 хоногт багтаан Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдлоо гаргах боломжтой ажээ.


Хуулийн заалт:

91 дүгээр зүйл. Хүнийг санаатай алах

91.1.Энэ хуулийн 91.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

98 дугаар зүйл. Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах 

98.1.Бусдын бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулсан буюу хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл санаатай учруулсан бол хоёр зуун тавин нэгээс дөрвөн зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.