Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/29-НД НИЙТЛЭГДСЭН

Марко Пологийн жинхэнэ түүх

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 12 сарын 29
iKon.MN
Зураг зураг

1271 онд Венецийн худалдаачин Марко Поло, өөрийн эцэг, авга ах нарын хамт Азийг туулах домогт аялалд гарчээ.

24 жилийн урт аяныхаа дараа Поло Дорно зүгийн хотууд, соёл иргэншил, технологийн тухай тэмдэглэл үлдээсэн нь Европ хүмүүсийн хувьд анхных байлаа.

Марко Поло аяллаа эхэлснээс нь хойш 750 орчим жилийн дараа түүний тухай 11 түүхэн баримтыг хүргэж байна.

 

  • Марко Пологийн тэмдэглэл шоронд бичигдсэн

Марко Полог алдаршуулсан зүйл нь “Марко Пологийн аялал” нэртэй ном. Сонирхолтой нь энэ бүтээл түүнийг шоронд хоригдож байхад бүтээгджээ. 1298 онд буюу Поло аяллаас буцаж ирснээсээ хойш гурван жилийн дараа өрсөлдөгч Женова (Генуя ч гэдэг) хотын эсрэг тулаанд Венецийн талыг тэргүүлэн оролцож яваад олзлогдсон юм. Шоронд тэр үедээ алдартай зохиолч гэгддэг байсан Пизагийн Рустичеллотой танилцжээ. Ингээд Поло түүхээ ярьж, түүнийг нь Рустичелло бичиж буулгасан юм. Ном нь 1299 онд бичигдэж дууссан түүхтэй.

  • Марко Поло Азиар аялсан анхны Европ хүн биш байлаа

Хэдийгээр Марко Поло Ази тивээр аялж хамгийн их танигдсан хүн боловч анхных нь биш байлаа. Францискийн санваартан Жиованни да Пиан дел Карпини 1240 онд буюу Пологоос 20-оод жилийн өмнө Монголын эзэнт гүрэнд зорчиж байжээ. Түүний мөрөөр бусад Католик шашны төлөөлөгчид, түүн дотор Уилльям де Рубрук 1250-аад онд Монголчуудыг Христ шашинд оруулах зорилготой зочилж байсан юм. Эдгээр аялагчид нь Христийн шашинтнуудыг нэгтгэх дорно зүгийн их хаан Престр Жоны тухай домгийн мөрөөр аялагчид байлаа. Хожим Поло номдоо Монголын Чингис хаантай ширүүн тулаан хийсэн нэгэн хааны тухай өгүүлсэн байдаг нь тэр байж магадгүй юм.

  • Марко Поло аяллын эхэнд өөрийн эцэг, авга нараа сайн таньдаггүй байлаа

Марко Полог төрөхөөс хэдхэн сарын өмнө буюу 1254 онд түүний эцэг Николо, авга Маффео нар Ази руу худалдаа хийхээр аянд гарсан байв. Тэд 1269 онд Венецид эргэн ирэхэд Марко 15 настай болсон байлаа. Ингээд 1271 онд тэд дараагийн аялалд гарахад Маркогийн хувьд аав, авга нар нь төдийлөн танил дотно хүмүүс биш байсан гэдэг. Уг нь тэд Алс дорнодод богино хугацаанд буудаллах төлөвлөгөөтэй байсан ч энэ аялал нь 20 гаруй жил үргэлжилсэн юм.

  • Марко Поло аяллынхаа ихэнх хугацаанд Хубилай хааны элчээр ажилласан

Пологийнхны гол наймаа нь торго, үнэт эрдэнэс, халуун ногоо зэрэг ховор бараа байжээ. Гэвч тэд зөвхөн наймаа хийхээр аялж байсангүй. Тэд Монголын их хаан Хубилайн элчээр аялдаг байв. Ялангуяа залуу Поло их хаантай илүү ойр байж Хятад болон Зүүн Өмнөд Азиар татвар хураагч, тусгай элчийн хувиар аялдаг байжээ.

Их хааны хүлээлгэсэн итгэл, хамгаалалт нь түүнийг Монголын эзэнт гүрний хаана ч хүрэхэд саад учруулдаггүй байв. Түүнд олгосон гэрэгэ нь хааны агт морьд, буудаллах өртөөгөөр бүрэн хангадаг байсан гэдэг.

  • Марко Поло зарим амьтныг үлгэрийн амьтан болгож будлисан

Азиас буцаж ирснийхээ дараа Марко заан, сармагчин, матар зэрэг урьд нь харж байгаагүй амьтдын талаар дурссан байдаг. Жишээ нь Поло аварга том биетэй, хурц хумстай, хүнийг бүхлээр нь залгидаг амьтантай таарсан гэх мэтээр бичсэн байв. Мөн Азийн хирсийг анх удаа хальт харсан Европ хүнийхээ хувьд түүнийг үлгэрт гардаг нэг эвэрт адуу (unicorn) гэж андуурсан байдаг.

  • Марко Поло Хятадын шинэ технологиудтай танилцсан анхны Европчуудын нэг

Пастаг анх Марко Италид авчирсан гэх мэт буруу ойлголтууд их байдаг. Үнэндээ паста нь түүнээс өмнө Европт хэдэн зууны туршид байсан гэдэг. Харин цаасан мөнгөний тухай бичсэн нь хүмүүст хүрсний дараахан Европт цаасан дэвсгэрт бий болсон. Поло бас Европт 18 дугаар зуунаас л хэрэглэж эхэлсэн нүүрсний тухай анх өгүүлсэн байдаг. Бас нүдний шилийг ч анх Барууныханд танилцуулсан байж магадгүй. Пологийн нэг гавьяа нь Монголын шуудангийн системын талаар хамгийн дэлгэрэнгүй мэдээллийг Барууныханд хүргэсэн явдал. Энэхүү мэдээлэл дамжуулах систем нь Хубилай хааныг бүх гүрэн улсаа захирахад тусалдаг байсан гэдэг.

  • Поло Азиас буцахдаа хүнд аяныг туулж амьд үлдсэн

Олон жилийн аян, олон удаагийн аюулаас эсэн мэнд гарсан Пологийн хамгийн хэцүү аялал нь Итали руу буцах зам байлаа. Түүний буцах аялал нь их хааны сул талыг харуулна гэж болгоомжилсных уу, Хубилай хаан Полог албанаас чөлөөлж нутагт нь буцаах дургүй байв. Гэвч 1292 онд Их хаан Полог Персид илгээх Монгол гүнжийн дагуулаар явахыг зөвшөөрчээ. Тэнгисээр хийх энэ аялал нь түүний хувьд хамгийн том аз туршилт байсан гэдэг. Марко Поло сүүлд олон зуун хүний амийг авсан энэ аяллаас арай л гэж амьд үлдсэнээ өгүүлсэн байна.

  • Поло гэртээ харих замдаа ихэнх хөрөнгөө алдсан

Марко, Николо, Маффео нар Монголын газар нутгаас гарсны дараа Хубилай хааны хамгаалалтаас ч бас гарчээ. Тэднийг Требизондын хаант улсаар (одоогийн Турк) нэвтрэх үед орон нутгийн захиргаа тэдний 4,000 Византийн алтан зоосыг нь дээрэмдсэн гэдэг. Гэсэн ч 1295 онд Венецчүүд хангалттай баялагтай төрөлх хотдоо иржээ. Зарим түүхчдийн өгүүлснээр тэд ихэнх үнэт чулуу, эрдэнэсээ хувцсандаа гоёл, чимэглэл болгон нууж авч явсан гэдэг.

  • Марко Пологийн ярьсныг түүний цаг үеийнхэн худал яриа гээд тоодоггүй байсан бол одоогийн зарим түүхчид ч тэгж үздэг

Пологийн Занаду дахь ордон (одоогийн Ханьжоу) зэрэг бусад Дорнын гайхамшгийн тухай өгүүлснийг хэтэрхий, байж боломгүй тансаг гэж үзээд хүмүүс итгэдэггүй байжээ. Тэр үед нас өндөр болсон Полог хүмүүс үлгэр домог яригч гэж хардаг байв. Ер нь ч тэр үед аялагчид өөрийгөө баатарлаг түүхийн гол дүр байсан мэтээр дөвийлгөж ярих нь түгээмэл байжээ. Орчин үеийн түүхчид түүний номын ихэнх хэсэг бодитой гэдэгт итгэдэг ч зарим хэсгийг цэвэр зохиомол гэж үздэг байна. Гэвч Марко өөрийгөө ганц ч худал зүйл яриагүй гэдэг байлаа. Бүр үхэхийнхээ өмнө Поло “би үзсэн зүйлсийнхээ талыг нь яриагүй юм шүү” гэж хэлж байжээ.

  • Марко Пологийн гаргасан замыг дахин хэн ч туулаагүй

Полог Венецид буцах үед их хаан Хубилай нас баржээ. Түүний дараа Монголын эзэнт гүрэн суларч Маркод дахин дорно зүгт аялах боломж олгосонгүй. Алдарт торгоны зам дайрдаг байсан газар нутгийг олон өв залгамжлагчид хуваан авснаар Өрнө Дорныг холбосон гүүр тасарчээ. Хятад хүрэх хуурай газрын зам улам бүр аюултай болж зориглон аялалд гарах хүн олдохгүй болжээ. Поло нь амьдралынхаа сүүлийн хорин жилд төрөлх Венецээсээ огт гараагүй гэдэг.

  • Марко Поло нь Христофор Колумби зэрэг олон аялагчдыг зоригжуулсан

Марко Поло өөрийгөө хэзээ ч аялагч гэж хэлдэггүй харин “бадарчин” мэтээр нэрлэдэг байв. Гэсэн хэдий ч түүний үхлээс үл айсан, зоригт аяллын түүх нь бүтэн нэг үеийн аялагчдад урам зориг өгсөн юм. Тэдгээрийн дотроос Марко Пологийн аяллыг давтах гэж оролдсон хүн бол Христофор Колумби байв. Монголын эзэнт гүрнийг нуран унасан гэдгийг үл тоосон Колумби Марко Пологийм мөрөөр замнаж, Хубилай хааны залгамжлагчидтай уулзахыг зорьж байжээ.

 

Нэмэлт:

Марко Поло түүхэн дэх хамгийн алдартай аялагч байсан ч туулсан үнэмлэхүй газар нутгийн хэмжээгээр Мороккогийн аялагч Ибн Баттутаг гүйцэхгүй юм.

Пологийн аяллаас хэдэн арваны дараа төрсөн Ибн Баттута амьдралынхаа ихэнх хугацааг Африк, Ойрх Дорнод, Ази, Хятадаар аялахад зориулжээ. 1369 онд нас барах үед нь Баттутагийн туулсан зам өнөөгийн 44 улсыг дамнаж, 117 мянга орчим километр үргэлжилсэн нь Пологийн туулснаас гурав дахин урт юм.

 

Эх сурвалж: History.Com