Засгийн газрын бүтцийн тухай, бүрэлдэхүүний тухай Хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхийг Төрийн Байгуулалтын Байнгын Хорооноос дэмжлээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 15 яам, 19 сайдтай байх бүтэц өргөн барьсан. Мөн Тахарын алба, Цөмийн Энергийн Газрыг татан буулган, хуулийг нь хүчингүй болгох санал оруулж ирсэн.
Гишүүд хэдхэн хоногийн өмнө хэлэлцэн баталсан хуулиа хүчингүй болгох нь байж болзошгүй зүйл хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн юм.
Мөн Тахарын албыг татан буулгах нь хүчирхийлэлд өртөж байгаа хохирогчдыг хамгаалах боломжгүй болгож, цагдаагийн байгууллагын ачааг нэмж байна хэмээлээ.
Ингээд зарим гишүүний байр суурийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин: Хэдэн сайдын золиосонд Тахарын алба явлаа
Надад нэг л асуудал ойлгомжгүй байна. Энэ нь бусдад ч гэсэн худлаа, ойлгомжгүй харгадаж байна. Үнэхээр эдийн засаг хүндрэлтэй, урсгал зардлуудаа багасгая гэж байгаа бол иргэнд үйлчилдэг, эмзэг хэсэг рүү очдог хэсгээсээ илүү сандал суудлаа ярих ёстой. Гэтэл Засгийн газар нь улам данхайгаад, шинэ яамдуудаа үйлдвэрлээд түүнийх нь золиосонд Тахарын алба явж байна. Үүнээс болж гэрч, хохирогчид хамгаалалтгүй болон хүний эрх зөрчигдөж байна. Сандал суудлын төлөөөх энэ шунал өдөр бүр хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүсээс илүү үнэ цэнэтэй юм уу.
Хүний эрхийн нөхцөл байдлаа жаахан ч гэсэн сайжруулъя, шударга ёсыг нэг ч гэсэн алхамаар урагшлуулъя гэсэн бодлогыг золиод хэдэн сайдын суудлыг нэмье гэж байгаа нь локиггүй харагдаж байна. Энэ буруу улс төр. Энэ асуудлаа жаахан ухаалаг хараач ээ. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд аа би танд хэлж байсан. Х.Тэмүүжин гэдэг хүнд сайдын суудал хэрэггүй.
Харин хууль зүйн салбарт хэрэгжээд эхэлсэн энэ ажлыг оршуулалгүй одоо байгаа энэ түвшинд нь байлгаач гэж би гуйсан. Гэтэл үүнийг явуулын тохиролцоонд живүүлэх гэж байгаа бол, үүнийг хэн нэгэн хүний захиалгаар хийх гэж байгаа бол энэ буруу. Үнэхээр гутаж байна.
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл: Төсөв хэмнэх бус нэмж байна
Энд оруулж байгаа бүтэц дээр нэг харамсалтай зүйл байна. Үүний талаар дуугарахгүй байж чадахгүй нь. Хэдийгээр хоёр нам зөвшилцөөд хуулийн төсөл оруулж ирж байгаа нь улстөрийн талаасаа таатай зүйл боловч үндэсний дархлааны талаас дэндүү харамсалтай төслийг оруулж ирж байна. Үүнийг эргэж хараач ээ.
Сайд, яамдуудын тоог нэмэгдүүлсэн байна. Эндээс харахад төсөв хэмнэх бус нэмэх төсөл байна. Төсвийг хэмнэх бодлогын хүрээнд нэг яамыг татан буулгасан байна. Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамыг намууд өвлийн идшээ болгож хувааж идэж байна. Энэ яам уруу ингэж буурангуй, харгис хандаж байгаа нь Монгол гэдэг онцгойрлыг эсэргүүцсэн гэж ойлгогдож байна. Соёл, спорт, аялал жуулчлал гурав бие биенээ дэмжээд монгол гэдэг нэрийн төлөө 2-3 жил ажиллалаа.
Энэ яамыг устгаад хамгийн хүнд сурталтай салбарууд руу нийлүүлж байна. 2013, 2014 оны хамгийн хүнд сурталтай яамаар тодорсон Эрүүл мэндийн яаманд спортыг хариуцуулж байна. Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яаманд соёлын салбарыг гэхчлэн. Хүнд суртлаараа эхний нэг, хоёрдугаар байранд явж байна гэдэг нь тухайн салбарууд ачааллаа дийлэхгүй байна гэсэн үг.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Бид өнөөдөр баталсан хуулиа хэд хоногийн дараа хүчингүй болгох уу
Зарим нэг ойлгомжгүй зүйл байна. Жишээ нь, Монгол Улсын сайд гэсэн шинэ албан тушаал. Монголын сайд, монголын биш сайд гэсэн хоёр янзын сайд байгаа юм шиг харагдаад байна.
Тахарын албыг байхгүй болгоно гэж байна. Ер нь анх байгуулахад нь би эсэргүүцэж байсан. Яагаад гэвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дор нэг хэлтэс байхад хангалттай байсан. Гэхдээ нөгөө талаас нь авч үзвэл Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг байхгүй болгосноор шүүх эрх мэдэлд хяналт тавих асуудал бүрхэг болсон. Тэгээд Тахарын албанд энэ асуудлыг хариуцуулах нь гэтэл өнөөдөр байхгүй боллоо.
Дээр нь Цөмийн Энергийн Газрыг татан буулгана гэсэн. Энэ Засгийн Газрын мөрийн хөтөлбөр хэвээрээ байгаа бол шар нунтаг гаргаж аваад зарах асуудалд яригдаж байсан. Цөмийн энергийн хяналтгүй болсноор цөм болон цацраг идэвхит бодисын талаар дур дураараа ярих болох нь.
Өмнөх жишгээр авч үзвэл бүтэц, бүрэлдэхүүнээс өмнө намууд мөрийн хөтөлбөрөө нийлүүлж Засгийн Газрын мөрийн хөтөлбөрийг гаргадаг шиг санаад байх юм. Одоо бол бушуухан суудлаа авья, тэгээд явья гэсэн байдлаар хандаад байна.
Бид өмнө нь бүтэц, бүрэлдэхүүн, Тахарын албаны тухай хууль, Боомтын тухай хуулийг баталсан. Тэгээд хэд хоног, хэдэн сарын дараа үүнийгээ хүчингүй болгоод байгаа юм бэ. Хууль тогтоомж гаргахдаа ямар ч судалгаагүй байна. Өнөөдөр хэлэлцэж баталсан хууль хэд хоногийн дараа хүчингүй болох уу.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Төсвийн хэмнэлт Засгийн Газарт хийгдэхгүй
Бүх намууд хамтран ажиллая гэж шийдсэнээс хойш хийж байгаа хамгийн анхны Байнгын Хорооны хурал. Хуучин болдог байсан хурал, одоо болж байгаа хурлын уур амьсгал хоёр их өөр байна. Эдийн засгаа эрчимжүүлэн хамтран ажиллахын төлөө бүх нам сэтгэл зүй, зорилго зорилтын хувьд ч нэгдэж чадаж байна гэж бодож байна. Гишүүдийг жижигхэн асуудлууд дээр нэгдсэн нэг ойлголттой болъё.
Нэгдүгээрт хэмнэлт бол Засгийн Газрын танхимд явагдахгүй. Энэ бол зөвхөн оройн жижиг хэсэг. Хэмнэлт доошоогоо зайлшгүй хийгдэх ёстой. Шинэ яам үйлдвэрлэж байгаа асуудал ерөөсөө байхгүй. Бид өнгөрсөн жилүүдийнхээс илүү яам байгуулах санал оруулж ирээгүй. Загсийн Газрын түүхэнд хамгийн ихдээ 16 яам, 19 сайдтай байсан. Соёл, элдэв юм алга болно гэж битгий ярь. БСШУЯ гэж байгаа шүү дээ. БОАЖ, ЭМ-ийн гээд яамууд байгаа. Энэ салбаруудаа адилхан хэмээнд аваад явах сайдууд томилогдоно гэж би бодож байна.
Бүр хүсээд байвал БСШУ биш СБШУ яам гэж нэрлэж болно. Тиймээс Монголын брэнд болж байгаа энэ гурван зүйл алга болж байгаа зүйл байхгүй шүү.
Хийх юмаа олж ядаад хоёр агентлагийг татан буулгаагүй. Өнөөдөр би Засгийн Газрын бүтэц бүрэлдэхүүний асуудлаа яримаар байна гэтэл хилийн боомт, тахарын асуудал ярих гээд байгаа нь зохимжгүй. УИХ-ын хэлэлцэх асуудлыг Байнгын Хороонд оруулж ирээд байна.
Цаашдаа би 57 байгууллагын асуудлыг оруулж ирнэ. Тэр хүрээндээ тооцоо судалгаагаа сайн хийгээд энэ асуудлуудыг эргэн яръя.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!