Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад холбогдох хууль, дүрэм, журам, стандартын хэрэгжилттэй холбогдуулан МХЕГ-аас шалгалт хийжээ. Шалгалтын үеэр ямар, ямар зөрчил илэрсэн талаар МХЕГ-ын Ахлах байцаагч Ц.Ургамалаас тодрууллаа.
-Энэ удаагийн шалгалтад хэчнээн байгууллага хамрагдсан бэ?
-МХЕГ-ын энэ оны хяналт, шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад шалгалт хийлээ. Ингэхдээ холбогдох хууль, дүрэм, журам, стандартын хэрэгжилт, технологийн горимын мөрдөлт, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцлийг шалган илэрсэн зөрчил дутагдалыг арилгуулах, эрсэдэлийг бууруулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, үнэлгээ, дүгнэлт хийсэн.
Цаашид авах арга хэмжээний санал боловсруулж эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор шалгалт, хяналт шинжилгээ, тандалт судалгааг зөвлөн туслах үйлчилгээг хийж гүйцэтгэсэн. Шалгалтад аймаг, нийслэлийн хэмжээнд нийт 1421 хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч хамрагдсан. Үүнээс төлөвлөгөөт хяналтад 735, урьдчилан сэргийлэх болон удирдлагын шийдвэрээр хийсэн хяналтад 686, хяналт шинжилгээнд 523 хоолны газрууд, тандалт судалгаанд 38 нэр төрлийн хоол амтлагч /хүнсний нэмэлт/, зөвлөн туслах үйлчилгээнд 175 хоолны газар тус тус хамрагдсан.
-Шалгалтын үеэр ихэвчлэн ямар нийтлэг зөрчил илэрсэн бэ?
-Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын гол онцлог нь зөрчил дутагдлыг арилгуулаад, шаардлага хүргүүлээд, үйл ажиллагааг нь түр зогсоогоод, эргүүлээд үйл ажиллагааг нь эхлүүлдэг. Гэтэл үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн өдрөөсөө хоол үйлдвэрлэх явцаа зохистой дагаж мөрддөггүй, дотоод хяналтаа тавихгүй байдаг зөрчил, дутагдал дахин давтагдаж байдаг зөрчил нийтлэг байдаг.
Хяналт шинжилгээнд хамрагдсан хоол үйлдвэрлэл
-Зөрчил илэрсэн байгууллагуудад ямар хариуцлага тооцох вэ?
-Зөрчилтэй газруудад МХЕГ-аас эхний ээлжинд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байгаа. Зөвлөгөө өгөөд хугацаатай үүрэг даалгавар өгдөг. Хэрэв хугацаатай даалгаврыг биелүүлээгүй хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан болох нь тогтоогдсон бол торгох, буюу үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээг авч ажилладаг. Энэ оны хувьд улсын хэмжээнд 90 гаруй сая төгрөгийн торгууль ногдуулан ажилласан.
Ер нь нийт шалгалтад хамрагдсан хоолны газруудын ажиллагсадын 26.7 хувь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, 46.3 хувь нь халдварт өвчнөөр өвдсөн, өвчтэй хүн асарсан ажиллагсадыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж магадлагаа дүгнэлт гаргуулаагүй, бүртгэлжүүлээгүй нь тэднээр дамжин хүнс бохирдох, улмаар халдвар, хордлого тархах нөхцөл бүрдүүлж байгаа юм.
-Хоолны хордлого хамгийн их бүртгэгддэг бүс нутгуудын судалгаа гарсан уу?
-Шалгалтад хамрагдсан байгууллагуудын 53.1 хувь ариун цэвэр, эрүүл ахуй,хүнсний аюулгүй байдлын чиглэлээр дотооддоо сургалт явуулдаггүй, сургалтад хамруулдаггүй гэсэн дүн гараад байна.
Судалгаанаас харахад 2004-2014 онд хоолны хорддого хамгийн их бүртгэгдсэн аймаг нь Төв аймаг бөгөөд 39 тохиолдол, Хөвсгөл, Ховд, Баянхонгор, Дундговь аймгуудад 1-2 тохиолдол бүртгэгдсэн.
Энэ оны эхний найман сарын байдлаар нийт долоон удаагийн дэгдэлтэд 541 хүн, үүнээс хүүхдийн байгууллагад дөрвөн удаагийн тохиолдол бүртгэгдэж 356 хүн, байгууллагын цайны газартай холбоотой хоёр тохиолдол бүртгэгдэж 152 хүн өртсөн байгаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!