Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

"ОХУ руу зорчихдоо 65-115 ам.доллараар виз авдаг явдал үгүй болж байна"

ikon.mn
2014 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны Гэрээ, эрх зүйн газрын захирал А.Төмөртэй ярилцлаа.


Монгол Улсын иргэд хэдэн улсад визгүй зорчиж байгаа талаар мэдээлэл өгнө үү?

-Манай улсын иргэд нийт 48 улсад визгүй буюу тодорхой хэмжээний хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчиж байна. Мөн энэ сарын 14-нөөс бүх паспорттой иргэд ОХУ-д, мөн 18-наас дипломат паспорттой иргэд Итали Улсад харилцан визгүй зорчихоор болоод байна.

Сүүлийн нэг жилийн хугацаанд 14 улстай визгүй буюу тодорхой хэмжээний хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчих хэлэлцээрийг байгуулсан бөгөөд цаашид ч Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр манай яам ажиллана.

Энэ сарын 14-нөөс бүх паспорттой иргэд ОХУ-д, мөн 18-наас дипломат паспорттой иргэд Итали Улсад харилцан визгүй зорчихоор болоод байна.

Гэхдээ энэ ажил зөвхөн биднээс шалтгаалахгүй. Швед, Финланд, Япон зэрэг өндөр хөгжилтэй улсын иргэд 170 гаруй улсад чөлөөтэй зорчих байдлаараа дэлхийд тэргүүлж байхад манай улс 84 дүгээрт бичигдэж байна. Энэ нь ийм төрлийн хэлэлцээрийг тухайн улсын эдийн засаг, иргэдийнх нь хууль бусаар үлдэх магадлал, аюулгүй байдалтай нь холбон харж байж байгуулдагтай холбоотой юм. 

-ОХУ-тай байгуулсан иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай хэлэлцээр энэ сарын 14-нөөс эхлэн мөрдөгдөж эхлэх юм байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлвэл?

-Аливаа хэлэлцээр нь гарын үсэг зурснаар шууд хэрэгжиж эхэлдэггүй. Хэлэлцээр байгуулсны дараа түүнийг хүчин төгөлдөр болгоход талууд шаардлагатай дотоодын бэлтгэл ажлаа хангасны дараа хүчин төгөлдөр болгодог жишигтэй. Өөрөөр хэлбэл, энэ хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд гадаадад суугаа манай дипломат төлөөлөгчийн газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болон Гаалийн ерөнхий газар гэх мэт байгууллага бэлтгэлээ хангах шаардлагатай байдаг.

Мөн манай иргэдэд аль ч улсаас ОХУ-аар дамжин өнгөрөх, зорчих нислэгийн билет авахад ямарваа нэгэн хүндрэл үүсгэхгүй байх үүднээс бүх агаарын тээврийн компанийг мэдээллээр хангадаг Олон улсын агаарын тээврийн холбоонд урьдчилан мэдэгдэх гэх мэт ажлыг зохион байгуулдаг. Талууд эдгээр бүх ажлыг дотооддоо хийж дуусгаж, хэлэлцээрийг Засгийн газраас баталсан тул хэлэлцээрийн холбогдох заалтын дагуу 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх гэж байна. 

-ОХУ руу визгүй зорчих ач холбогдлын талаар ярихгүй юу?

-Хоёр улсын Засгийн газар 1995 онд иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай хэлэлцээр байгуулж хоёр улсын иргэд харилцан визтэй зорчиж эхэлсэн байдаг.

Манай иргэд ОХУ руу нэг удаад гуч хүртэлх хоногоор визгүй зорчихдоо олон төрлийн баримт бичиг бүрдүүлж 65-115 ам.доллараар виз авдаг байсан бол энэ явдал үгүй болж байгаа.

Энэ нь хоёр улсын худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарт сөргөөр нөлөөлсөн гэж үзэн талууд тун удалгүй визгүй болох талаар ярилцаж эхэлсний дүнд энэ онд биеллээ олж байна. 

Визгүй болсноор мэдээж ач холбогдолтой.

Нэгдүгээрт, манай иргэд ОХУ руу нэг удаад гуч хүртэлх хоногоор визгүй зорчихдоо олон төрлийн баримт бичиг бүрдүүлж 65-115 ам.доллараар виз авдаг байсан бол энэ явдал үгүй болж байгаа.

Хоёрдугаарт, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт нэмэгдэж, аялал жуулчлал, хөдөө, аж ахуй, дэд бүтцийн салбар хөгжихөд дөхөм үзүүлнэ.

Гуравдугаарт, хоёр улсын аюулгүй байдал, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх болон хилийн хяналтын хамтын ажиллагааны өнөөгийн байдал улам сайжирна гэж үзэж байна.

-Цаашид ямар улстай ийм төрлийн хэлэлцээр байгуулахаар төлөвлөж байгаа вэ?

-Одоогийн байдлаар Ази, Европын улстай ийм төрлийн хэлэлцээрийг түлхүү байгуулаад байна. Цаашид иргэд ихээр зорчиж, олноор оршин сууж байгаа, мөн шууд нислэг үйлдэх боломжтой улстай ийм төрлийн хэлэлцээрийг түлхүү байгуулахаар ажиллаж байна.