Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Ганцэцэг: Цементийн импорт 30-40 хувь буурна

ikon.mn
2014 оны 11 сарын 8
iKon.MN

Барилгын гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдсан Техник Импорт ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганцэцэгтэй ярилцлаа.  

-Танай компани ямар үйл ажиллагаа эрхэлдэг талаар яриагаа эхэлье?

-Техник Импорт ХКомпани нь 1958 оноос гадаад дотоод худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн үндэсний шилдэг топ 150 компаний нэг. Байгуулагдсан цагаасаа аж үйлдвэр, барилга, эрчим хүч, уул уурхай, харилцаа холбоо гэх мэтчилэн салбаруудыг хөгжүүлэхэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, материалыг холбогдох газруудын захиалгаар импортлон нийлүүлсээр ирсэн.

1990 онд Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэнтэй холбогдуулан төрийн өмчит нээлттэй хувьцаат компани болон өөрчлөгдөж 1998 онд нээлттэй дуудлага худалдаагаар хувьцаа нь арилжаалагдаж 100 хувь хувийн өмчит “Техник Импорт” ХК болж үйл ажиллагаа явуулж байна.

-Монголбанк, Засгийн газартай хамтран “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлээд хоёр жил гаруй хугацаа өнгөрлөө. Үүнд, Барилгын гол нэр төрлийн материалын дотоодын үйлдвэрлэгч, зайлшгүй шаардлагатай барилгын материал (цемент, арматур)-ыг импортлогч аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олгож, барилгын материалын нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах хөтөлбөр багтаж байгаа.  Энэ хөтөлбөрийг эдийн засагт нөлөөлсөн бодит үр дүн нь юу байв гэж та харж байна вэ?

-Монголбанкны Ерөнхийлөгч, Барилга хот байгуулалтын яамны сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах​” дэд хөтөлбөрийн хүрээнд барилгын гол нэр төрлийн материал цемент, арматур импорлогчид, дотоодод үйлдвэрлэгчдэд олгосон хөнгөлөлттэй зээл өнгөрсөн жил барилгын салбарт их дэвшлийг авчирсан.

Дотооддоо арай ядан үйлдвэрлэл явуулж эргэлтийн хөрөнгөөр байнга гачигдаж байсан  компаниудын хувьд эдийн засгийн хувьд маш том түлхэц болсон.

Манай компаний хувьд бодит үр дүн нь Хөтөлийн үйлдвэрийн цементийг дотоодын зах зээлд тогтвортой үнээр байнга нийлүүлж, мөн Улаанбаатар хотод жилд 100000 тн цементийн тээрмийн үйлдвэр байгуулсан нь уг хөтөлбөрийн үр дүнгийн хамгийн том бодит жишээ.

Манай улс цементийнхээ 70-80 хувийг импортоор авдаг байсан бол Хөтөлийн цементийн үйлдвэрийн технологийг шинэчлэж, шинээр хуурай аргаар жилд 1000000 тн цемент үйлдвэрлэх үйлдвэр байгууллагдсан нь цементийн импортыг  30-40 хувь бууруулах  боломж бүрдэж байна.

-Барилгын салбарыг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй байсан бол барилгын гол түүхий эдийн бодит үнэ ханш ямар байх байсан бол?

-Манай компаний хувьд цементийн үнийг хөтөлбөрийн гэрээний дагуу нийлүүлсэн. Хөтөлбөр хэрэгжсэнээр барилгын гол нэр төрлийн материал цемент, арматурийн үнэ 2013-2014 онуудад тогтвортой байсныг бид бүгд харсан. Урьд жилүүдэд нэг тонн цементийн үнэ 250000 хүртэл өсөх тохиолдол байсан. 

-Барилгын салбарыг дэмжих хөтөлбөр цаашид хэр удаан хугацаанд үргэлжлэх бол. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд авсан зээлийнхээ эргэн төлөлтийг танай компани төлж барагдуулсан уу?

-Барилгын салбарт хэрэгжиж байгаа Үнэ тогтворжуулах хөтөлбөр цаашид үргэлжлэх нь манай салбарт төдийгүй улсад ч ард иргэдэд ч хэрэгтэй. Компаниуд зээлийн эргэн төлөлтөө сайн хийж байгаа байх. Манай компаний хувьд хөтөлбөрийн зээлийг зориулалтын дагуу зарцуулж зээлээ хугацаанд нь төлсөн. Хөтөлбөрийг цаашдаа үргэлжлүүлэх хүсэлтэй байна. 
 

-УИХ-ын зарим гишүүн ирэх жил "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-ийг зогсоох хэрэгтэй гэдгийг онцолж байгаа. Хэрвээ хөтөлбөр зогсвол ямар үр дагавар гарах бол? 

-Маш зөв зүйтэй хэрэгжиж, эдийн засагт үр өгөөжөө өгч байгаа хөтөлбөрийг шууд зогсоох нь компаниудад хүндээр тусна. Үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хэрэгтэй. УИХ-ын гишүүд яг ямар үр дүнд гараад байгаа, цаашид ямар үр дүнд хүрэхийг холбогдох яам газруудаас мэдээллийг нь эдийн засгийн үндэслэлтэй нь гаргуулан авч сайтар дүгнэж үзсэнийхээ дараа шийдвэрээ гаргах  хэрэгтэй болов уу.
 

-Манай улс цементийн хэрэгцээний хэдэн хувийг дотоодоосоо хангаж байна вэ?

-Дээр хэлсэнчлэн 70-80 хувийг импортоор авдаг. Хөтөлийн үйлдвэр 1000000 тн цемент үйлдвэрлэх үйлдвэрийг энэ онд ашиглалтанд орууллаа. Цаашид хоёроос гурван том үйлдвэрүүд ашиглалтад оруулах гэж байна. Барилгын  үйлдвэрлэлийн  гол үндсэн түүхий эд болох цементийг импортын хараат биш үндэсний үйлдвэрүүд үйлдвэрлэж 100 хувь дотоодоосоо хангах нөхцлийг энэ хөтөлбөр бүрдүүлж өгсөн. 

-Ярилцсанд баярлалаа.