Баянзүрх дүүргийн иргэн Б.Алтанхуяг сураггүй алга болсон тухай бид мэдээлж байсан. Тэрбээр энэ сарын 15-ны өдөр гэрээсээ гарсан бөгөөд өнөөдрийг хүртэл олдоогүй байна.
Иймд уг хэрэг явдалтай холбогдуулан түүний эхнэр Б.Саруул, нагац эгч Д.Цэрмаа, ах Д.Бат-Эрдэнэ нар өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа.
Б.Алтанхуяг нь сураг тасраад 15 хонож байгаа бөгөөд цагдаагаас гаргасан эрлийн багийнхан болоод гэр бүлийнхэн нь Богд уулын ам, Гачуурт, Хужирбулан, Хонхор гэсэн чиглэлд хайж байгаа аж.
Хэрэг гарсан өдөр Б.Алтанхуяг нь 29-83 УНК улсын дугаартай микро автобустай явсан /биедээ дөрвөн сая төгрөг, долоон сая төгрөгийн бараатай./ бөгөөд машиныг нь мөн адил олоогүй гэнэ.
Б.Алтанхуягийн ах Д.Бат-Эрдэнийн хэлж буйгаар хэрэг гарсан 15-ны өдөр дүү нь таньдаг хүнтэйгээ явсан байх магадлалтай байгаа гэлээ. Иймд ойр орчимд нь ажилладаг болоод танил тал, найз нөхдөөс нь цагдаагийнхан байцаалт авч эхэлжээ.
Б.Алтанхуягийн эхнэр Б.Саруул: Хүүхдүүд минь аавыгаа асуугаад үнэхээр хэцүү байна

-Би ханьтайгаа гэрлээд 15 жил болж байна, гурван сайхан үртэй. Өнөөдөр хүүхдүүд минь надаас аавыгаа нэхээд үнэхээр хэцүү байна. Бид 15 хоног өдөр, шөнөгүй хайж байна.
Хэрэв хэн нэгэн нөхрийг минь аваад явсан бол зодож нүдсэн ч бай хамаагүй амьд л гэр рүү нь буцаагаач гэж чинь сэтгэлээсээ гуйя /уйлав/. Ханийгаа амьд л олоод авах юм бол би ямар нэгэн гомдол мэдүүлэхгүй гэдгээ дахин дахин хэлье.
Бид эрлийн ажлыг өдөр алгасахгүй явуулж байгаа ч үр дүн гарахгүй байна. Гачуурт, Хонхор, Хужирбулан чиглэлд ямар ч камержуулалт алга. Хэрэв камертай байсан бол өнөөдөр олчихсон байхыг үгүйсгэхгүй юм гэлээ.
Б.Алтанхуягийн нагац эгч Д.Цэрмаа: Цагдаагийн байгууллагын явц гэмт хэрэгтнүүдээс удаан, хүнээ гэсэн сэтгэл алга
-Монгол Улс гуравхан сая хүнтэй. Гэтэл нэг хүн олж чадахгүй байна шүү дээ. Морьтой гарсан бол махлаад зарчихсан гэж бодохсон. Гэтэл бүхэл бүтэн том машинтай гарсан хүнийг олж чадахгүй байна.
Цагдаагийн байгууллагын явц гэмт хэрэгтнүүдээс удаан, хүнээ гэсэн сэтгэл алга.
Иймд мэргэн ард түмнийхээ хурц хоёр нүдэнд итгэж өнөөдөр бид хэвлэлийн хурал хийлээ. Дүүгийн минь талаар үнэн бодит мэдээлэл өгсөн хүнийг чадлынхаа хэрээр шагнаж урамшуулах болно гэсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!