Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

БНХАУ-ын дарга Си Зиньпин юу хэлэв

ikon.mn
2014 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг

БНХАУ-ын дарга Си Зиньпин манай улсад төрийн айлчлал хийсэн билээ. Тэрбээр УИХ-ын Хүндэтгэлийн хуралдаанд үг хэлсэн юм. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж  болон түүний гэргий,

Эрхэм хүндэт З.Энхболд Их Хурлын дарга аа,

Эрхэм хүндэт гишүүд ээ, сайд нар аа,

Хатагтай ноёд оо,

Анд нөхөд өө,

Сайн байцгаана уу. Өнөөдөр миний бие Монгол Улсын Их Хуралд зочилж, Та бүхэнтэй уулзаж байгаадаа туйлын байртай байна.

Юуны өмнө миний бие БНХАУ-ын Засгийн газар, Хятадын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа энд оролцож байгаа Та бүхэнд болон Та бүхнээр дамжуулан Монголын ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Миний бие 2008 онд БНХАУ-ын Дэд даргын хувиар Монгол Улсад айлчлахдаа Монгол Улс элбэг баян сайхан орон юм гэсэн сэтгэгдэл төрж байлаа.

Танай улсын нэрт зохиолч Д. Нацагдоржийн “Миний нутаг” шүлэгт:

       “Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд

       Хойд зүгийн чимэг болсон ой хөвч уулнууд

       Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд

       Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд

       Энэ бол миний төрсөн нутаг  Монголын сайхан орон” гэж бичсэн байдаг.

Би 6 жилийн дараа дахин Монгол Улсад айлчилж, танай улсын хөгжил цэцэглэлт, хүч бололцоог хараад чин сэтгэлээсээ баярлаж байна. Миний бие ажилсаг хичээнгүй, итгэл төгс дүүрэн Монголын ард түмний ололт амжилтад баяр хүргэж байна.

Өчигдөр миний бие Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хэлэлцээ хийж, өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нартай уулзаж ярилцлаа. Монгол Улсын удирдагчидтай Хятад, Монголын харилцаа болон харилцан сонирхсон асуудлаараа өргөн хүрээнд санал солилцож, тодорхой тохиролцоонд хүрлээ.

Хоёр тал Хятад, Монголын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны түвшинд хүргэн дээшлүүлж, Хамтарсан тунхаглал гарган, улс төр, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг салбарын 20 гаруй хэлэлцээр, баримт бичигт  гарын үсэг зурлаа. Айлчлалын үр дүнд би сэтгэл ханамжтай байна. Хятад, Монголын харилцааны ирээдүйд итгэл төгс байна.
 

Хатагтай, ноёд оо,

Анд нөхөд өө,

Хүлгийн сайныг унаж мэддэг

Хүний сайныг ханилж таньдаг.

Хятад, Монгол  хоёр улсын хооронд 65 жилийн өмнө анх дипломат харилцаа тогтоосон билээ. Монгол Улс шинэ Хятад улстай дипломат харилцаа тогтоосон анхны орнуудын нэг. Танай улсаас шинэ Хятад улсад үзүүлсэн дэмжлэгийг бид мартах ёсгүй.

Хоёр дахь жарандаа ороод байгаа хоёр талын харилцаа улам өндөр түвшинд хүрснийг баяртайгаар тэмдэглэж байна. Ялангуяа өнгөрсөн 20 жилийн туршид Хятад, Монголын өндөр, дээд хэмжээний харилцан айлчлал тогтмолжиж, улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрч ирлээ. Хоёр улсын худалдаа, эдийн засгийн ажил хэрэгч хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж, БНХАУ олон жил дараалан танай улсын гадаад худалдааны хамгийн том түнш болон хамгийн том хөрөнгө оруулагчийн байр суурийг хадгалж байна.

2013 онд Хятад, Монгол хоёр улсын хооронд харилцан зорчсон иргэдийн тоо 1 сая 300 мянга давсны дотор Хятадад зорчсон монгол иргэдийн тоо 1 саяыг давжээ. БНХАУ, Монгол Улсын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон нь цаг үетэйгээ нийцэж байна. Энэ нь хоёр талын харилцаа түүхэндээ хамгийн сайн үедээ орсныг илтгэж байна.  

Хятад, Монгол хоёр орон уул, усаараа холбогдсон найрсаг хөршүүд бөгөөд бүс нутгийн хувьд чухал улсууд билээ. Энэ жил бол БНХАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг шинэчлэсний 20 жилийн ой, мөн Хятад, Монголын найрсаг солилцооны жил болж байна.  Хоёр тал иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон боломжийг ашиглан Хятад, Монголын харилцааг улам өндөр түвшинд гаргах хэрэгтэй гэж үзэж байна.

Үүний тулд,

Нэгдүгээрт, Хятад, Монгол хоёр улс бие биедээ тустай сайн хөрш болох ёстой.

Олон улсын нөхцөл байдалд ямарч өөрчлөлт гарсан хоёр улсын харилцааны гол чиг шугамаа дагаж, стратегийн түншлэлийн өнцгөөс нөгөө талынхаа эрх ашгийг бодолцож байх ёстой. Нөгөө талын бүрэн эрх, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал зэрэг гол асуудал болон нөгөө талынхаа анхаарлаа хандуулж буй томоохон асуудалд тууштай, харилцан дэмжлэг үзүүлж байх хэрэгтэй.

Нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал зэрэг гол асуудал болон нөгөө талынхаа анхаарлаа хандуулж буй томоохон асуудалд тууштай, харилцан дэмжлэг үзүүлж байх хэрэгтэй. /Си Зиньпин/

Хоёр улсын хооронд өндөр, дээд хэмжээний харилцан айлчлалын давтамжийг хадгална.

Хоёр улсын удирдагч нар янз бүрийн шугамаар уулзалдаж, стратегийн зохицуулалтыг эрчимжүүлж, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлнэ.  Миний бие Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг энэ оны 11 дүгээр сард Хятадад болох АПЕК-ийн гишүүн орнуудын удирдагч нарын албан ёсны бус хурлын үеэр зохион байгуулах дэд бүтцээр холбох түншлэлийн яриа хэлэлцээнд оролцохыг урьж байна. 

Хятадын тал Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдыг энэ онд БНХАУ-д албан ёсны айлчлал хийхийг мөн урьж байна. Хууль тогтоох байгууллагуудын хооронд байнгын харилцах механизм, БНХАУ-ын Гадаад харилцааны яам, Монгол Улсын Гадаад харилцааны яам хооронд стратегийн яриа хэлэлцээний механизм тогтоохоор хоёр тал тохиролцсон бөгөөд батлан хамгаалах, аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалтын хүрээнд хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг бэхжүүлнэ.

Монгол Улсыг АПЕК-ийн гишүүнээр элсэхийг БНХАУ дэмжиж байна.

Монголын тал Зүүн Азийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, Зүүн Азийн дээд түвшний уулзалт, Хятад, Япон, Өмнөд Солонгосын хамтын ажиллагаанд зохих хэлбэрээр оролцохыг Хятадын тал дэмжиж байна. Монголын тал санаачилсан Зүүн хойд Азийн аюулгүй байдлын талаарх Улаанбаатарын яриа хэлэлцээг дэмжиж, НҮБ, АСЕМ, АХАИББХ, ШХАБ-ын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ.

Хятадын тал Монголын талтай “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилгын хүрээнд ажиллахад бэлэн байна. Монголын “Талын зам"санаачлагад нааштайгаар, нээлттэй хандаж байна. /Си Зиньпин/

Хятадын тал Монголын талтай “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилгын хүрээнд ажиллахад бэлэн байна. Мөн Монголын “Талын зам"санаачлагад нааштайгаар, нээлттэй хандаж байна. Хоёр тал Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг шинэ талбарт хамтын ажиллагааг бэхжүүлэн хамтдаа хөгжиж, хамтран ашиг хүртэх болно.

Хоёрдугаарт, Хятад, Монгол хоёр улс харилцан ашигтай, хамтдаа хожих сайн түнш болох ёстой.

“Усны дэргэдэх асраас сарны тусгалыг түрүүлж харна” гэсэн үг бий.

Хятад, Монгол хоёр орон газар зүйн байршлын хувьд хөрш, эдийн засгийн хувьд харилцан нөхөх шинжтэй. Хятадын талд зах зээл, хөрөнгө мөнгө, техник,технологи, зам, дэд бүтцийн талаар давуу тал бий. Монгол Улс арвин их байгалийн баялагтай. Иймд хоёр тал хамтран ажиллахад ихээхэн боломж байна.

Өнгөрсөн жил Хятад улсын импорт, экспортын барааны эргэлт 4 трилион 16 тэрбум ам.долларт хүрсэн. Ирэх 5 жилд Хятадын гадаад худалдааны эргэлт 10 трилион, гадаадын хөрөнгө оруулалт 500 тэрбум ам.долларт хүрэх урьдчилсан тооцоо байна. Өнгөрсөн жил гадаадад зорчсон хятад иргэдийн тоо бараг 100 сая болсон. Энэхүү тоо 2020 он гэхэд 150 саяд хүрнэ. Хятад улсын тасралтгүй хөгжил Монгол Улс болоод бусад түншүүдэд асар том зах зээл, боломжийг нээж байна.

Миний энэ удаагийн Монгол Улсад хийсэн айлчлалаар

  • Монголын тал удаан хугацаанд анхаарал тавьж ирсэн дамжин өнгөрөх тээвэр, далайн гарцын асуудал тодорхой шийдэлд хүрлээ.
     
  • Хоёр тал уул, уурхай, эрчим хүч, дэд бүтцээр холбогдох хамтын ажиллагааны комисс байгуулж, Хятад, Монголын  худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрт гарын үсэг зурлаа.
     
  • 2020 он гэхэд хоёр талын хоорондын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг тодорхойлсон. Хоёр талын хилийн боомтын төмөр замын хамтын ажиллагааны талаар гүн гүнзгий санал солилцож, тохиролцоонд хүрлээ.
     
  • Хоёр тал юань, төгрөгийн свопийн хэмжээг 10 тэрбум 500 сая хүртэл нэмэгдүүллээ.
     
  • Эрээн-Замын-Үүдэд хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах талаар судалгаа хийхээр санал нэгдлээ.
     
  • Хоёр тал уул уурхайн бүтээгдэхүүнийг гүнзгий боловсруулах, шинэ эрчим хүч, хөдөө аж ахуй, мал аж ахуй, байгаль орчныг хамгаалах зэрэг салбарт бүх талын хамтын ажиллагаа явуулах  болно. Эдгээр шинэ хэлбэрийн хамтын ажиллагаа нь хоёр орны ард түмэнд улам их, бодит ашиг тус авчирна гэдэгт найдаж байна.

Гуравдугаарт, Хятад, Монгол хоёр улсын иргэд үргэлж харилцан зочилсон сайн найзууд болох ёстой.

Замаа мэдвэл явахад амар

Хүнээ мэдвэл ярилцахад амар.

Өчигдөр би Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хэлэлцээ хийхэд иргэдийн солилцоог идэвхжүүлэх, харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх бодлого баримтлах, залуучууд, хэвлэл, мэдээллийн салбарын тогтмол солилцоог бэхжүүлж, ингэснээрээ нийгэмд таатай уур амьсгалыг бүрдүүлж, Хятад, Монголын найрамдлыг эрчимтэй сурталчлахаар тохиролцсон.

​Хятадын тал ирэх 5 жилд Монголын талд нийт 1000 хүнийг давтан сургалтад хамрагдах квот олгож, Засгийн газрын тэтгэлэгт 1000 оюутныг хамруулах, 500 цэргийн албан хаагчдын мэргэжлийг дээшлүүлэх болно. /Си Зиньпин/

 

Хятадын тал Монгол Улсын иргэн тус улсад суралцах, жуулчлах, худалдаа хийх, эмчлүүлэхэд найрсагаар хүлээн авах болно.

Хятадын тал ирэх 5 жилд Монголын талд нийт 1000 хүнийг давтан сургалтад хамрагдах квот олгож, Засгийн газрын тэтгэлэгт 1000 оюутныг хамруулах, 500 цэргийн албан хаагчдын мэргэжлийг дээшлүүлэх болно.

​Монголын 500 залуу, 250 сэтгүүлчийг Хятадад айлчлахыг урьж байна.

​Хятадын тал Монголын талд 25 шилдэг кино бэлэглэх болно. Эдгээр нь хоёр орны ард түмний хоорондын харилцан ойлголцол, найрамдлыг гүнзгийрүүлэхэд түлхэц болно гэдэгт итгэж байна.

Гэрэл зургийг Б.БЯМБА-ОЧИР mpa.mn

Хатагтай, ноёд оо,

Анд нөхөд өө,

Одоо Хятадын ард түмэн хоёр “100 жил”-ийн зорилт биелүүлэхийн төлөө хүчин зүтгэж байна. 2020 он гэхэд анхан шатны чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулж, энэ зууны дунд үе гэхэд чинээлэг, ардчилсан, соёлтой, өв тэгш, орчин үеийн социалист орныг бүтээн байгуулна. Бидний энэхүү зорилтыг товчлон хэлбэл, Хятад үндэстний сэргэлтийн “Хятадын мөрөөдөл” гэж хэлж болно. Монгол Улс өөрийн орны шинэчлэлт, өөрчлөлт, нийгэм, эдийн засгийн хөгжил цэцэглэлтийн төлөө хүчин зүтгэж байна. Өөрөөр хэлбэл Монголын ард түмний зүрхэнд бас “Монголын мөрөөдөл” бий.

БНХАУ-ын шинэчлэл өөрчлөлт, нээлттэй байх бодлого, орчин үеийн бүтээн байгуулалт нь хөрш орнуудад, түүний дотор Монгол Улсын хөгжилд нааштайгаар нөлөөлж, чухал түлхэц болно. Хятад, Монгол хоёр улсын хөгжлийн стратегийг үр дүнтэй хослуулснаар хамтран хөгжих бүрэн боломжтой юм.

Хоёр “100 жил”-ийн зорилтыг биелүүлэх нь амар хэрэг биш. Яагаад гэвэл бид 1 тэрбум 300 сая хүн амтай, алслагдсан зах хязгаар нутгийн хөгжил тэнцвэргүй, бидний ачаа хүнд, туулах зам хол байгааг бүрэн мэдэрч байна. Бид удаан хугацаанд цуцалтгүй хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Энэхүү зорилтыг биелүүлэхэд аятай таатай орчин хэрэгтэй. Хэрвээ гэрийн гадаа тайван байвал, гэрийн дотор санаа зоволтгүй ажлаа хийж чадна.

Хятад улсын зогсолтгүй хөгжлийн явц дэлхий дахинд болон зарим хүмүүст эргэлзээ төрүүлжээ. Хятад улс хөгжсөнөөрөө заналхийлэл болох вий гэж санаа зовниж байна. Энэ бол буруу ойлголт, буруу үзэл бодол юм.

Хятад улсын зогсолтгүй хөгжлийн явц дэлхий дахинд болон зарим хүмүүст эргэлзээ төрүүлжээ. Хятад улс хөгжсөнөөрөө заналхийлэл болох вий гэж санаа зовниж байна. Энэ бол буруу ойлголт, буруу үзэл бодол юм. /Си Зиньпин/

Хятад улс энх тайванч замаар тууштай замнаж, дэлхийн улс орнууд энх тайвнаар хөгжихийг дэмжиж байгаагаа олонтаа илэрхийлсэн. Хятад улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлэн, дэлхийн бусад орнуудтай хамтран хүн төрөлхтөний ёс суртахуун болон олон улсын нийтлэг хэм хэмжээг сахин хамгаалж, дэлхий болоод бүс нутгийн үйл ажиллагаанд шударга ёсыг эрхэмлэн оролцох болно. Хятад улс чин шударга, зоригтой, тэвчээртэй, яриа хэлэлцээний зарчмаар, энх тайван замаар аливаа зөрчил маргааныг шийдвэрлэхийн төлөө байна.

Хятад улс аливаа жанжлах бодлого, хүчирхийлэгч улс төрийг эсэргүүцэж, хэзээ ч жанжлах бодлого явуулахгүй, хэзээ ч тэлэх бодлого явуулахгүй. /Си Зиньпин/

 

Хятад улс дэлхийн улс орнууд өөр өөрсдийн хөгжих замыг сонгох эрхийг хүндэтгэж ирснийг олонтаа мэдэгдэж байсан. Бид өөрсдийн үзэл бодлыг бусдад тулган хүлээлгэхгүй.

Аливаа хүн өөрийн үзэл бодлыг хятадын ард түмэнд тулган хүлээлгэхийг бид бас зөвшөөрөхгүй. Бид олон улсын маргааныг энх тайвнаар шийдэхийн төлөө байна. Хятад улс аливаа жанжлах бодлого, хүчирхийлэгч улс төрийг эсэргүүцэж, хэзээ ч жанжлах бодлого явуулахгүй, хэзээ ч тэлэх бодлого явуулахгүй.

Хятад үндэстэн энх тайвныг эрхэмлэгч үндэстэн бөгөөд хятадын соёл, өв уламжлалыг эрхэмлэдэг. Таван мянган жилийн иргэншлийн хөгжлийн явцад хятад үндэстэн энх тайванч, эв хамтач үзлийг тууштай баримталж ирсэн билээ. Энх тайвныг эрхэмлэх, эвсэг найртай харилцах, өөрийн хүслийг бусдад тулгахгүй байх зэрэг ойлголтууд нь Хятадын эрт дээр үеэс уламжлагдан ирсэн, хятад гүн ухаанд  шингэсэн, хятад хүний үйл ажлаар илэрч байдаг.

Эрт дээр үеэс хятад үндэстэн гадаадад довтлохын оронд худалдаа хийх, гадаад харилцааг идэвхтэй явуулж ирсэн. Өөрийн орныг хамгаалах эх оронч үзлийг эрхэмлэдэг. Харин нутаг дэвсгэрээ тэлэх, колончилох  үзэл байхгүй. Хуучин Хятад улсын түүхээс харахад гай гамшиг дүүрэн, зовлон доромжлолд автсан гашуун түүх байдаг.

Мөн Хятад үндэстний гадаадын довтлогоог эсэргүүцсэн, үндэсний тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсэн аугаа их тэмцлийн түүх байдаг. Хатуу зовлонг туулсан Хятадын ард түмэн энх тайвныг эрхэмлэн хайрладаг бөгөөд өөрийн гашуун сургамжийг бусдад дахин амсуулахгүйн төлөө байна. Хятадын ард түмэн дэлхийн бусад орны ард түмэнтэй энх тайвнаар зэрэгцэн оршиж, эв хамтаар хөгжих, энх тайвныг хамтран сахин хамгаалж, энх амгаланг хамтдаа хүртэхийн төлөө бэлэн байна.

Хятад улсын шинэчлэл, нээлттэй бодлого явуулсан 30 гаруй жилийн түүх энх тайвнаар хөгжих нь БНХАУ-ын улс орны үндсэн нөхцөл байдал, нийгмийн тогтолцоо, уламжлалт соёлоос үүдсэн стратегийн сонголт гэдгийг нотлон харуулж байна. Энэ нь он цагийн урсгалд хөл нийлсэн, Хятадын үндэсний эрх ашигт нийцсэн, дэлхийн бусад орон болон хөрш орнуудын эрх ашигт зохицсон байдаг юм. Бид үүнийг өөрчлөх учиргүй.

Бид Монгол Улс болоод хөрш орнуудаа хамтдаа хөгжих сайн түнш, энх тайван тогтвортой байдлыг сахин хамгаалах сайн найз гэж үздэг. Бид дийлэнх хөршүүдтэйгээ түншлэлийн харилцаа тогтоогоод байна. Цаашид ч хөршүүдтэйгээ найрсагаар харилцах, түнш болох зарчмыг барьж, энх тайвнаар зэрэгцэн оршиж, баян чинээлэг болгох бодлогыг баримтална. Бид хөршүүдтэйгээ харилцахдаа эвтэй найрсагаар, чин сэтгэлээсээ, үнэнч шударгаар хандаж эвсэг хөрш, амгалан хөрш, баян хөрш байх бодлого баримтална.

Хамтдаа түлээ цуглуулбал гал өндөр бадарна. Хятад улс Монгол Улсыг оролцуулаад хөрш орнууддаа хөгжлийн боломж, хөгжих орон зайг олгоно. Та бүхнийг Хятадын хөгжлийн галт тэргэнд суухыг урьж байна. Галт тэрэг хурдан ч бай, удаанч бай бид Та бүхнийг урьж байна. “Ганцаар явбал хурдан явна. Олуулаа явбал хол явна” гэж үг байдаг.

Хамтдаа түлээ цуглуулбал гал өндөр бадарна. Хятад улс Монгол Улсыг оролцуулаад хөрш орнууддаа хөгжлийн боломж, хөгжих орон зайг олгоно. /Си Зиньпин/

Хятад улс хөгжиж буй орнуудтай хамтын ажиллагаа явуулахдаа зөв үзэл бодол баримталж, “би хожиж, чи хожигдоно”, “би ихийг, чи багыг” гэх асуудал гаргахгүйгээр, зарим тодорхой төслүүд дээр нөгөө талын эрх ашгийг анхаарах болно гэдгийн би олонтаа хэлсэн. Хятад хүн хэлснээ хийдэг, хийснээ дуусгадаг. Хятад улсын хэлсэн үг, амласан амлалт заавал биелэх, хэрэгжих ёстой.

 

Гэрэл зургийг Б.Бямба-Очир/ MPA.mn


Хатагтай, ноёд оо,

Найз нөхөд өө,

Монголд “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэсэн үг байдаг.  Хятад хүн “Сайн хөршийг алтаар ч солихгүй” гэж ярьдаг. Хятад  улс дэлхий дээр хамгийн олон хөрштэй орон. Үүнийгээ бид үнэт эрдэнэ гэж үздэг.

Өнөөгийн өртөнцөд Ази тив бол эдийн засаг хамгийн эрчимтэй хөгжиж байгаа бүс нутаг. Мөн эмзэг асуудал цөөнгүй байдаг. Азийн улс орнуудын хөршийн харилцааг хэрхэн зохицуулах, яаж энх тайвнаар зэрэгцэн орших, яаж хамтдаа хөгжих, зөрчил маргааныг эв зүйгээр хэрхэн зохицуулах зэрэг нь заримдаа төвөгтэй асуудалд хүргэдэг. Миний бодлоор эдгээр асуудлыг шийдэхийн тулд хамгийн чухал нь цаг үеийн байдал, ард түмний хүсэл зорилгод нийцүүлэх хэрэгтэй гэж үздэг.

Мөн түүнчлэн харилцан хүндэтгэлтэй хандаж, үзэл бодлоо нэгтгэж, санал зөрөлдөөнөө арилган, ирээдүйгээ харсан, харилцан ашигтай байх, хамтдаа хожих зарчмыг баримталж, дорно дахины оюун ухаанаар аядуу зөөлөн асуудлыг шийдэж, эвийг эрхэмлэх зүйтэй гэж боддог.

60 жилийн өмнө Хятад, Энэтхэг, Мяньмар хамтран энх тайвнаар зэрэгцэн орших 5 зарчмыг санаачилсан нь улс хоорондын харилцааны чиглүүлэх суурь мөрдлөг болж, Азийн улс орнууд олон улсын харилцааны хөгжлийг урагшлуулахад чухал хувь нэмэр оруулсан билээ.

Бүс нутгийн хамтын ажиллагааг урагшлуулах явцад Азийн улс орнуудын солилцоог бий болгон, харилцан хүндэтгэж, санал нэгтэй зөвшилцөн тал талд таатай ази хэв маягийг харгалзан үзэх нь энэ бүс нутгийн онцлог, харилцаагаа зохицуулах уламжлалд нийцэх юм. Энэхүү уламжлал нь Азийн улс орны хөршийн харилцаанд илэрч байна. Өнөөдөр үүнийг үргэлжлүүлэн өргөжүүлж, Азийн орнууд болон бүс нутгийн энх тайван, хөгжил, хамтын ажиллагаанд тасралтгүй өдөөгч, дотоод хөдөлгөгч хүч болгох хэрэгтэй. Энэхүү уламжлалыг баримталж хэрэгжүүлэхэд дараах хэдэн зүйлийг хийх хэрэгтэй.

Харилцан хүндэтгэж, харилцан итгэе. Азийн олон улс, орнууд гадны түрэмгийлэлд өртөж, зовлон зүдгүүр амссан түүхтэй. Тиймээс ч тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын үнэ цэнийг гүн гүнзгий ойлгодог. Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, нөгөө улсын сонгосон нийгмийн тогтолцоо болон хөгжлийн замыг хүндэтгэх, дотоод хэрэгт нь үл оролцох, бие биенийхээ анхаарал хандуулж буй томоохон асуудлыг харилцан  дэмжих нь Азийн улс орнуудын найрсаг харилцааны гол үндэс юм.

Азийн улс орнууд өөр өөрийн онцлогтой, нээлттэй, хүлээцтэй уламжлалтай билээ. Улс орнууд эрх тэгш зарчимд тулгуурласан өөр өөр соёл, иргэншлийн харилцан солилцоог нэмэгдүүлэх замаар харилцан ойлголцол, илтгэлцлийг гүнзгийрүүлж, Ази тивийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлийн бат бэх үндэс суурийг бий болгоно.    

Нийтлэг зүйлийг нэмэгдүүлж, зөрчлийг арилгая. Азийн улс орнуудын харилцааны түүхэнд найрсаг хамтын ажиллагаа голлож ирсэн боловч зарим нэг шийдвэрлэх асуудлууд байсаар байна. Хөрш орнуудын хооронд үл ойлголцох явдал хааяа гардгийг үгүйсгэхгүй. Гол нь асуудалд хэрхэн хандаж, яаж шийдвэрлэх нь чухал юм.

Яриа хэлэлцээний нэгдсэн ойлголт болон хамтын ажиллагааны нийтлэг зүйлийг нэмэгдүүлж, зөрчилдөөнийг арилгах нь бүс нутгийн тогтвортой, аюулгүй байдлыг удаан хугацааны туршид хадгалах цорын ганц баталгаа юм. Бид алсын хараатай байж, аливаа асуудлыг найрсагаар хэлэлцэн зөвшилцөж, олон улс, бүс нутгийн үйл хэрэгт хамтран оролцож олон улсын улс төр, эдийн засгийг эрх тэгш, шударга зарчмаар хөгжүүлэхэд идэвхтэй хувь нэмэр оруулна.

Хамтын ажиллагаанд хамтдаа хожих, эдийн засгаа хөгжүүлэх, ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх нь Азийн улс орнуудад тулгарч буй эн тэргүүний зорилт бөгөөд харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх нь найрсаг харилцааг урагшлуулах гол түлхүүр юм.

Азийн улс орнууд хамтдаа хүчирхэгжин, харилцан туслах ази чанараа хадгалан, давуу талаараа харилцан нөхөлцөж, эрх ашгаа хамтатган өргөжүүлж, чөлөөт худалдааны бүс байгуулах болон харилцан дэд бүтцээр холбох бүтээн байгуулалтаа урагшлуулан, бүс нутгийн эдийн засгийн интеграцийг гүнзгийрүүлж, хамтдаа хөгжин, нийтлэг эрх ашгийн том бялууг бүтээлцэж, улс орнуудын ард түмний аз жаргалыг нэмэгдүүлэхийг хүсч байна.

 

Хатагтай, ноёдоо,

Анд найз нараа,

Миний бие энэ удаагийн Монгол Улсад хийж буй айлчлалаасаа Монгол, Хятадын найрамдал хэдийнээ хоёр орны ард түмний сэтгэлд соёлж буйг мэдэрлээ. Энэ нь Монгол, Хятадын харилцааны хөгжилд хамгийн том итгэлцэл, хөдөлгөгч хүч юм. Хоёр орны ард түмний дэмжлэгээр Монгол, Хятадын харилцааны маргааш улам сайхан болно гэдэгт итгэлтэй байна.

Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаанд хурдан моринд ташуур өгөх адил амжилт хүсье. /Си Зиньпин/

Энэ он бол Монгол, Хятадын морин жил. Морь бол хүч чадал, ахиц дэвшлийн бэлэг тэмдэг юм. Монгол, Хятад хоёр орны ард түмний хайр, хүндэтгэлийг гүн гүнзгий мэдэрцгээе.

Монгол Улсын бүтээн байгуулалт морины хурдаар цэцэглэн хөгжихийг чин сэтгэлээсээ хүсч байна. Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаанд хурдан моринд ташуур өгөх адил амжилт хүсье. Гар гараасаа барилцан хамтын чармайлтаар Монгол, Хятадын үе үеийн найрамдлын үрийг хоёр орны ард түмний сэтгэл зүрхэнд цацая.