Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

“Хятад мөрөөдөл”-ийн эзэн Си Зиньпин

Д.Гэрэлцэцэг
2014 оны 8 сарын 4
Зууны мэдээ
Зураг зураг
БНХАУ-ын дарга Си Зиньпин

“Хятад мөрөөдөл”-ийн эзэн хэн бэ гэвэл хятад хүмүүс  л энэ асуултад хялбархан хариулах байх. БНХАУ-ын дарга Си Зиньпин чухам энэ үгээрээ олны танил болсон гэж болох аж.

Монгол Улсад удахгүй дээд хэмжээний айлчлал хийх гэж буй түүний талаар хэд хэдэн баримтыг хүргэж байна. Хятадад хамгийн хүчтэй лидерт тооцогддог түүний багадаа туулсан амьдрал нь тийм ч дардан байгаагүй.

Өдгөө 61 настай Си Зиньпин Бээжин хотод коммунист ахмад дайчин Си Жонсуны гэр бүлд төржээ. Тэрээр багадаа Хятадын засаг захиргааны нэгж ихтэй, улс төрийн үйл ажиллагаа нэлээд зохион байгуулагддаг мужид өссөн аж.

Түүнийг дөнгөж арван настай байхад эцгийг нь хол газар үйлдвэрт ажиллуулахаар явуулжээ. Харин үүний дараа 1968 онд Соёлын хувьсгал эхэлж эцгийг нь шоронд хийсэн гэдэг.

Тухайн үед өнөөгийн БНХАУ-ын удирдагч 15 настай байжээ. Эцгээс нь салгасан жилүүд түүний амьдралын хам­гийн хүнд үе байсан хэмээн тэрээр хожмоо дурссан байдаг.

Гэхдээ энэ бүхэн түүнийг хал үзүүлж, амьдралд тэв­чээртэй, асуудлыг ший­дэж чадах чадварт сургасан байна.

Си Зиньпин химийн инженерийн мэргэжлээр Цинхуагийн Их сур­гуульд сурч төгсчээ. Гэх­дээ тэрээр сургалт, судалгааны чиглэлээр удаан яваагүй юм.

Түүний улс төрийн карьер 1971 онд Коммунист залуу­чуудын холбоонд элс­сэнээр эхэл­сэн гэдэг. Чухам энэ мөчөөс эхлэн Си Зиньпин залуучуудын улс төрийн үйл ажил­лагаанд идэвхтэй орол­цож, Хятадын олон муж улсад албан тушаал дэвшин ажиллаж байжээ.

Улс төрд хүчтэй байр суурьтай болоход түүний хожим хамгаалсан эрдмийн зэрэг чухал нөлөө үзүүлсэн гэдэг. Түүнийг нь ч гадны хэвлэлүүд бичиж байсан удаатай.

Тухайлбал, Лондонгийн “Sunday Times” сонинд Си Зиньпинийг химийн ин­женер мэргэжилтэй байхад нь бараг хэн ч таньдаггүй байсан. Харин дахин суралцаж хуулийн мэргэжилтэй болсноор түүний улстөрчийн ирээдүй гэрэл гэгээтэй болсон юм хэмээн дүгнэн бичсэн байдаг.

Өдгөө Хятадын тав дахь хүчтэй удирдагч хэмээн нэрлэгдэж буй Си Зиньпин хэд хэдэн зүйлийг эх орондоо ажил болгосон гэдэг.

Түүний нэг нь 2008 оны Бээжингийн олимп байсан аж. Тэрээр энэ үйл ажиллагааг гардан хийсэн нь маш амжилттай болжээ.  

Үүний дараа Засгийн газраа төлөөлөн Хонгконг, Макаотай ам­жилттай харилцаа тог­тоож чадсан нь түүнийг сайн улстөрч гэдгийг дахин баталсан байна.

БНХАУ-ын дарга Си Зиньпин авлигын эсрэг тууштай тэмцэгч юм. Түүнийг удирдагч болсноос хойш Хятадын төрийн өндөр дээд албан тушаалтнуудын тоо, албан байгууллагад гардаг байсан авлигын асуудал эрс буурсан байна.

Мөн засгийн газраа нээлттэй болгох, эдийн засгийг эрчимтэй хөгжүүлж, шинэчлэх талаар олон ажил хийжээ. Энэ бүхнийгээ тэрээр “Хятад мөрөөдөл” хэмээн нэр­лэсэн байдаг.

“Хятад мөрөөдөл” хязгааргүй, гэхдээ хэзээ нэг цагт энэ бүхэн биелэлээ олно хэмээн тэрээр залууст хэлэх дуртай гэнэ. Гэр бүлийн хувьд тэрээр 1980 оны үед Хятад улсаас Их Британид Элчин сайдаар сууж байсан Кэ Хуа сайдын охинтой гэрлэж байж. Гэвч хэдэн жилийн дараа салсан байна.

Харин 1987 онд Хятадын ардын дуучин бүсгүй Пэн Лиюантай гэрлэжээ. Тэд нэг охинтой. Охин нь 2010 онд Харвардын их сургуульд элсчээ. Гэхдээ тэрээр нууц нэрээр бүртгүүлэн суралцаж байгаа аж.

Даш­рамд хэлэхэд БНХАУ-ын дарга Си Зиньпин “Загалмайлсан эцэг” киноны үнэнч фэн гэнэ.

Зураг