Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

БНХАУ-ын дарга Си Зиньпиний тухай сонирхолтой 10 баримт

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг
  1. 1953 оны зургаан сарын 1-нд төрсөн Си Зиньпин бол хувьсгалын баатар, ерөнхий сайдын орлогч байсан Си Зонсуний хүү. Бага нас нь Хятадын элитүүдийн хүрээнд “ханхүү”-гийн статустай өнгөрсөн гэдэг.
  2. Түүний эцэг 1962 онд намын эсрэг бүлгийг толгойлсон хэргээр шийтгүүлсэн. Зиньпинийг 10 настай байхад Мао эцгийг нь албан тушаалаас нь буулгаж үйлдвэрт ажиллуулахаар цөлж байжээ. Мөн Мао Зедун 30 сая залуусыг хотоос хөдөөд хүчээр шилжүүлэн ажиллуулахад 15 настай Зиньпин хамрагдсан байна. Тэр 1969-1975 онуудад хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөр эрхэлж байгаад 1976 онд Маог нас барахад буцаж ирсэн юм. Тэгэхэд Зиньпиний эцэг ч цагаадаж Гуандун мужийн намын хорооны нарийн бичгийн дарга болжээ.
  3. Си Зиньпин 1975-1979 онуудад Бээжингийн нэр хүндтэй Циньхуа Их сургуульд химийн инженерийн мэргэжил эзэмшсэн. Гэхдээ энэ мэргэжлээрээ огт ажиллаагүй гэдэг. Хожим нь тэр Циньхуа Хүмүүнлэгийн Их сургуульд Марксист онолоор мэргэжсэн. Зиньпин бол Хятадын удирдагчдаас анхны Ph.D цолтон.
  4. 2008 оны гурван сарын 15-нд Дэд ерөнхийлөгч болсныхоо дараа тэр Мексикт айлчлал хийх үеэрээ гадаадынханд хандсан хатуу мэдэгдэл хийж байжээ. “Хятад руу хуруугаа чичлэхээс өөр ажилгүй, уйдсан гадаадынхан хаа сайгүй байна. Тэдэнд хандаж хэлэхэд, нэгт, Хятад хувьсгал экспортолдоггүй, хоёрт, Хятад өлсгөлөн, ядуурал экспортолдоггүй, гуравт, Хятад та нарт толгойны өвчин авчирдаггүй. Үүнээс илүү юу хэлэх ёстой гэж?” Түүний энэ дипломат биш хатуу үгс нэг хэсэг дуулиан тарьсан юм.
  5. Зиньпин 2008 оны Бээжингийн Олимпын Наадмын бэлтгэл ажлыг удирджээ.
  6. 1980-аад оны эхээр хуримласан анхны гэрлэлт нь хэдхэн жилийн настай байсан. 1987 онд Зиньпин нийтийн дууны од Пэнг Лиюаньтай гэрлэжээ. Улс төрд өндөр авахаас нь өмнө Пэнг нөхрөөсөө илүү алдартай байсан гэдэг.
  7. Зиньпиний охин Си Миньзе 2010 онд Харвардын Их сургуульд элссэн. Гэхдээ тэр бусдын анхаарлыг татахгүйн тулд өөр нэр хэрэглэдэг гэнэ.
  8. Зиньпин “Saving Private Ryan”, “The Departed” зэрэг Холливудын кинонуудыг үзэх дуртай. Мөн найруулагч Жя Занькегийн бүтээлийг магтан сайшааж байсан удаатай.
  9. Тэр Time сэтгүүлийн 100 нөлөө бүхий алдартны жагсаалтад 2009, 2011, 2012 онуудад багтаж байсан. Мөн “New Statesman” түүнийг 2010 оны Дэлхийн Хамгийн Нөлөө бүхий 50 хүний жагсаалтын дөрөвдүгээрт нэрлэж байжээ.
  10. 2012 оны The Washington Post сонины дугаарт түүнийг сайн мэдэх нэгэн тодорхойлохдоо “прагматик, буурь суурьтай, хашир, хөдөлмөрч, энгийн даруу амьдралтай” гэсэн байдаг. Мөн Зиньпин авлига, хээль хахуультай тэмцэж, засаглалд шинэчлэл хийж эхэлснээрээ алдаршиж “Хятад Мөрөөдөл” хэмээх шинэ нэр томъёог бий болгоод байгаа юм.