Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ямар хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах вэ

Л.Болормаа
2014 оны 8 сарын 13
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

БНХАУ-ын Дарга Си Жинпины айлчлалаар Иж бүрэн түншлэлийн хамтарсан тунхаглал зурах бол ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин Монгол нутагт морилон саатахдаа Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг баталгаажуулна.

Аль аль айлчлалын явцад олон баримт бичигт гарын үсэг зурах нь. БНХАУ ба Монголын тал 30 гаруй гэрээ хөтөлбөрийг үзэглэх бол ОХУ-тай мөн л “олон баримт бичигт гарын үсэг зурах” бэлтгэл ажлууд хийгдэж байна.

Эдгээр айлчлал Орос, Хятадын хувьд онцгой цаг үед болж байна. Тун саяхан, Наадмын дараа БРИКС-ийн бүлгийн орнууд өөрсдийн Хөгжлийн банкийг байгуулсан. Тэр нь Дэлхийн банкийг “орлох” гэнэ. Түүнчлэн Валютын сангийн төстэй хувилбар Эрсдлийн сан хэмээх шинэ байгууллагыг ч эмхлэв. БРИКС-ийн Хөгжлийн банк 2016 оноос арилжааны зээл олгож эхэлнэ. Дэд бүтцийн том төслүүдэд зээл өгнө, хөрөнгө оруулалт хийнэ. Харин БРИКС-ийн Эрсдлийн санг Хятад улс удирдана. Шанхайд төвлөрөх бололтой. 

БРИКС буюу хөгжиж буй таван том эдийн засгийн нэгдэл 2009 онд албан ёсоор байгуулагдсан. Харин өнөөдөр хөрш хоёр гүрэн маань БРИКС-ийн толгойд сууж, тэдний бодлогын давлагаанд Монголын эдийн засаг хамрагдахаас өөр аргагүй нөхцөл бүрджээ.

Хятад

Хятадын даргын айлчлалаас Монгол улс нэг чухал үр дүн хүлээж байгаа. Тэр нь Хятад улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай хэлэлцээр. Монголын уул уурхайн бүтээгдэхүүнийг гурав дахь зах зээлд гаргах транзитийн гарцын тухай олон жил ярьсан ба 1991 оны Хэлэлцээрийг шинэчлэх ажил энэ удаагийн айлчлалаар бодит зүйл болох нь. Удаах нь, Хилийн төмөр замаар харилцан холбогдох 1955 оны Хэлэлцээр мөн шинэчлэгдэнэ. Боомтын төмөр зам байгуулах ажил энэ хавраас эхэлсэн тул Хилийн төмөр замын хэлэлцээр шинэчлэгдэх нь, түүнчлэн Боомтоор харилцан холбогдох тухай хэлэлцээрүүд хийгдэх нь тодорхой байсан билээ.

Өндөр дээд хэмжээний айлчлалын гол үр дүн эдгээр байх болов уу. Мэдээж БНХАУ-аас санал болгох арилжааны зээл, хөнгөлөлттэй зээлийн дүн, хөрөнгө оруулалтын санал дараагийн чухал сэдэв юм. Монгол-Оросын Засгийн газар хоорондын Комисстой адил Монгол-Хятадын хамтын ажиллагааны Зөвлөл шинээр байгуулагдах бололтой. Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн салбарт Хятадын хөрөнгө оруулалт их хэмжээгээр орж ирэх нь тодорхой. Харин ямар хэмжээний хөрөнгө оруулалт, ямар нөхцөлөөр, ямар төслүүдэд хийгдэх бол?

Нүүрснээс хий гаргах Хятадын СИНОПЕК компанитай хамтарсан төсөл ажил хэрэг болох нь эрт тодорхой болсон. Мөн Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн компаниуд БНХАУ-ын Хэбэй мужийн Гангийн корпорацитай хамтран ажиллах, хуурай болон нойтон баяжмал, цаашлаад ган бөмбөлөг экспортлох тухай яриа бий.

Одоогоор тодорхой сонсогдож байгаа төслүүд гэвэл дээрх. Үүнээс гадна БНХАУ-аас их хэмжээний зээл орж ирнэ гэсэн хүлээлт яагаад ч юм нийгэмд эрт бий болсон. Одоогоос яг таван жилийн өмнө буюу санхүүгийн хямралын үеэр Монгол улс Хятадаас 3 тэрбум ам. долларын арилжааны зээл авахаар хэлэлцэж байсан юм. Эдийн засаг өнөөдрийнх шиг, түүнээс ч гүн хямраад байсан үе. Харин тухайн үед ОУВС Монголыг хямралаас аврах хөтөлбөр хэрэгжүүлж, 200 сая ам. доллараас дээш хэмжээтэй арилжааны зээл авах эрхийг хязгаарласан байлаа.

2009 оны санхүүгийн хямралын үеэр дэлхийн бүх улс Хятадаас мөнгө гуйж явсан ба Монгол тэдний нэг адил 3 тэрбум ам. долларын зээл авахыг оролдсон гэсэн үг. Харин энэ удаа 5 тэрбум ам. долларын арилжааны зээл БНХАУ-аас ирэх нь гэсэн мэдээ чих дэлсч байна. Хятадууд ямар төсөлд ийм их хэмжээний санхүүжилт хийх нь вэ?

Энэ удаа 5 тэрбум ам. долларын арилжааны зээл БНХАУ-аас ирэх нь гэсэн мэдээ чих дэлсч байна.

Юуны өмнө www.tbf-mongolia.com сайтад анхаарал хандуулахыг хүсье. Шанхайд энэхүү TBF International group-ийн Монголын салбар нээлтээ хийсэн тухай товч мэдээ бий. Энэ хавар болсон үйл явдал бололтой. Төдөлгүй гуравдугаар сард Монголын Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хүнд үйлдвэрийн газрын дарга болон Сайншанд аж үйлдвэрийн паркийн ерөнхий менежер нар Шанхайд зочлон мөнөөх TBF International-тай Харилцан ойлголцлын Меморандум үзэглэснийг Та энэхүү сайтаас уншиж болно. Юун тухай Меморандум юм бол?

Сайншандад жилдээ 5 сая тонн ган хайлуулах үйлдвэр байгуулах (Монголын жилийн хэрэглээ ханасан түвшиндээ 600.000 тн), нүүрс угаах, зэс хайлуулах, Цементийн үйлдвэр зэргийг Хятадын хөрөнгө оруулалтаар байгуулах тухай ерөнхий тохиролцоо бололтой. Таны анхаарлыг татах өөр нэг хэсэг нь “Шинэ Улаанбаатар” төслийн санхүүжилт буюу дэд бүтэц, цахилгаан станц, цэвэр, бохир усны, инженерийн шугам сүлжээ, барилга байгууламж зэрэгт хөрөнгө оруулалт татахаар хамтран ажиллана гэжээ. Замын-Үүдэд казино байгуулах тухай эндээс уншихад Танд бүр сонирхолтой байж мэднэ.

“Монголын том төслүүд” хэмээн уг сайтад нэрлэсэн агаад 5 тэрбум ам. долларыг Шанхайд байрладаг TBF international хэмээх байгууллага манай талд санал болгох бололтой юм. Уг байгууллагын хөрөнгө оруулагчид чухам ямар хүмүүс байдаг, ямар төслүүдэд урьд өмнө хөрөнгө оруулалт хийсэн талаар тодорхой мэдээлэл тун хомс.  Юутай ч Ерөнхий захирал хэмээх хятад нэр харагдаж, Шанхайн South Pudong гудамж гэсэн хаяг мөн сайтад байрлажээ. Тэнд том том төслүүд, их хэмжээний арилжааны зээлийн дүн яригдаж, Үйлдвэр хөдөө аж ахуйн Сайдын зөвлөх Энхтөр гэдэг хүн энэ оны гуравдугаар сард Сайншандын аж үйлдвэрийн паркийн менежертэйгээ дахин морилон саатсан тухай мэдээлжээ.

TBF International ямар нөхцөлөөр Монголд арилжааны зээл олгох талаар ам нээх албаны хүн мэдээж хомс байна. “Эрдэнэс Тавантолгой”-н 900 сая тонн нүүрсийг авах гол нөхцөлийг тавьж байгаа гэх мэдээлэл бий. Таван тэрбумынхаа гурван тэрбум ам. доллараар Хятад-Монголын хамтарсан компани байгуулж, санг нь бүрдүүлнэ гэсэн таамаг ч сонсогдож байна. Энэ зээлийн эргэн төлөгдөх нөхцөлийн талаарх схемийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн экс сайд Х.Баттулга илүү тодорхой тайлбарлах болов уу гэж найдаж байна.

Орос

Таван жилийн өмнө, 2009 оны тавдугаар сард ОХУ-ын Засгийн газрын тэргүүн  В.Путин Монгол улсад айлчилсан юм. Түүний айлчлалын гол үр дүн нь хамтарсан хоёр аж ахуйн нэгж байгуулах тухай тохиролцоо байлаа.

“Монгол улсад шинээр төмөр замын дэд бүтэц барих болон УБТЗ нийгэмлэгийг хөгжүүлэх асуудлаар хамтарсан аж ахуйн нэгж байгуулах” Протоколыг ноён Путиний айлчлалын бэлтгэл болгон В.Якунин, Монголын Зам тээврийн сайдтай үзэглээд байлаа. Удаах аж ахуйн нэгж нь ураны салбарт хамтран ажиллах компани. “Росатом”-ын охин компани “Атомредметзолото”-той хамтарсан аж ахуйн нэгжийг мөн л 50:50 харьцаатай хөрөнгө оруулах учиртай байсан болов уу. Болов уу... гэдэг нь монголчууд Путинд өгсөн амлалтаасаа бултчихсан юм. “Дэд бүтцийн хөгжил” гэгч хамтарсан компанийг Монголд бүртгүүлэх нь бүртгүүлсэн. Гэхдээ Монгол улс шинэ төмөр замын сүлжээнийхээ 50 хувийг дахиад оросуудтай хувааж эзэмшихийг хүсээгүй. УБТЗ шиг болгох гэж үү? Мэдээж монголчуудад тийм сонирхол байхгүй. Шинэ төмөр замынхаа, уул уурхайн дэд бүтцийнхээ, эцсийн дүндээ хөгжлийнхөө хувь заяаг өөрсдөө авъя аа гэж үзсэн. Гэхдээ ийм боломжоо өнгөрсөн хугацаанд монголчууд өөрсдөө хааж боосоор өнөөдрийг хүрчээ.  

ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин таван жилийн өмнөхөөсөө өөр нөхцөл байдалд Монголд дахин ирэх гэж буйг тэмдэглэе. Тус улс экспортын шинэ замыг Ази тийш гаргаж байна. Алхмын цаана байгаа Хятад түнштэйгээ ашигтай худалдаа хийх торгоны зам нь Монголоор дайрч буйг Путин тооцох биз ээ.

Алхмын цаана байгаа Хятад түнштэйгээ ашигтай худалдаа хийх торгоны зам нь Монголоор дайрч буйг Путин тооцох биз ээ.

ОХУ-ын компаниуд ч ялгаагүй Америк, Европын хөрөнгө оруулалтаас тусгаарлагдсан учир Ази, тэр дундаа Шанхай, Хонконгод үйл ажиллагаагаа идэвхжүүлж эхлээд байна. Хонконгийн биржид бүртгэлтэй Монголын орд газруудын хувьцаа өсч эхэлсэн нэг шалтгаан нь Оросын бизнесийнхэн хувьцаа хямд дээр нь ихээр авч буйгаас үүдэлтэй болов уу.

Таван жилийн дараа буюу эдийн засгийн хямрал эргээд нүүрлэсэн үед өмнөд, хойдын дарга нар Монголд ирэх нь. 2009 оны аравдугаар сард Оюутолгой ордын Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэснээр Монголд барууны хөрөнгө оруулалт нэмэгдсэн юм. Бид  өнөөх муу хямралыг дор нь мартсан. Эрдэс баялгийн  үнэ өсч, алтан үе ирэв. Азаар Австралид үер буув. Монголын коксжих нүүрс Хятадын зах зээлд өөрийн гэсэн хамаарлыг бий болгож, орон зайгаа эзэлж эхэлсэн. Үүлэн чөлөөний нар тэр байсан. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг олон улсын биржид гаргачих боломж ч өндөр байсан. Тавантолгой ордод гурав дахь улсын хөрөнгө оруулалт татаж чадах бүх бололцоо бидний өмнө байсан билээ.

Төдөлгүй барууны хөрөнгө оруулагч империалистуудыг элдэн хөөхөөр шийдэж, уул уурхайн төмөр зам нь мянгаас дээш километр байж гэмээнэ цэцэглэн хөгжинө гэсэн ухуулга газар авсан. Өдгөө таван жил өнгөрч, шинэ төмөр замууд, Тавантолгой ордын ашиглалт хуучин байрандаа, Си дарга, Пу ерөнхийлөгч нарыг бид хүлээн суусан мэт санагдана...

В.Путин Монголд айлчилсны дараа 2009 онд ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Е. Скрынник Монголын малын махны импортыг 3-4 дахин нэмэгдүүлэх шийдвэр үзэглэж байлаа. Путин сюрпризтэй ирдэг удирдагч. Энэ удаагийн Оросын өөрийн нөхцөл байдал нь бидэнд айдас гэхээсээ илүү өргөн хүрээтэй хамтын ажиллагаа санал болгох болов уу.

Хятадын талаас юаниар хөнгөлөлттэй зээл олгох, Орос төлбөрийн бусад хэрэгслэлийг санал болгох болов уу гэсэн таамаг бий. БРИКС-ийн Хөгжлийн банкнаас дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх эхлэл тавигдаж байна. Шинэ хамтын ажиллагааны үе эхлэв... Гэхдээ таван жилийн өмнөхтэй харьцуулахад монголчуудад хоёр хөршөөс өөр сонголт үлдсэнгүй.

Зураг