Трампын айлчлалын дараа Путин ирэх долоо хоногт Бээжинд айлчлахаар болжээ
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ирэх долоо хоногт Хятад улсад айлчлахаар болсныг Кремлийн хэвлэлийн алба Баасан гарагт мэдээлжээ.
Түүний айлчлал АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын айлчлалын дараа болж байгаа ч энэ айлчлал шиг “сүр жавхлантай” болохгүйг эх сурвалжууд баталж байна.
Тухайлбал уг айлчлалыг “Москва-Бээжингийн ердийн харилцааны нэг хэсэг бөгөөд хүндэтгэл ёслолын арга хэмжээнүүд, хүлээн авалт болох магадлал бага” гэж нэрээ нууцалсан албаны эх сурвалж мэдээлжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчидтэй уулзахдаа айлчлал ирэх долоо хоногт болохыг батлаад огноог удахгүй зарлахаа амласан байна.
Айлчлалын үеэр нэн түрүүнд хоёр улсын харилцааны асуудлуудыг хэлэлцэхээс гадна Ши Жиньпин энэ долоо хоногт болж өнгөрсөн Трампын айлчлалын талаар Путинтэй “санал бодлоо солилцох” гэнэ.
“Бид Хятадад байхдаа энэ мэдээллийг шууд авах хүсэлтэй байна” гэж Трампын айлчлалын талаар Песков хэлжээ.
Лхагва гарагт 2017 оноос хойш анх удаа Бээжинд айлчлан ирсэн АНУ-ын ерөнхийлөгчийг Хятадын эрх баригчид улаан хивс дэвсэн хүлээж авсан юм.
Түүний айлчлал Баасан гараг хүртэл үргэлжилсэн.
Путин, Трамп нарыг дараалан хүлээж авч байгаа нь Хятад улс нэг сарын дотор АНУ, ОХУ-ын ерөнхийлөгчдийг хүлээн авч буй анхны тохиолдол болохыг ажиглагчид баталж байна.
Энэ нь Бээжингийн эрх баригчид хоёр улстай харилцах харилцаандаа тэнцвэртэй байдлыг хадгалах хүсэл эрмэлзлийн илрэл гэнэ.
Путин хамгийн сүүлд өнгөрсөн есдүгээр сард бүс нутгийн чуулганд оролцохоор Хятадад айлчилж байсан.
Хоёр улсын дээд хэмжээний уулзалт 2024 оны тавдугаар сард, Путинийг дахин сонгогдсоны дараахан болж байжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

