Каннын кино наадмын үеэр Холливүүдийн од Жон Траволта насан туршийн амжилт бүтээлээ үнэлүүллээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
46 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Каннын олон улсын кино наадамд анхны найруулсан бүтээлээ танилцуулахаар ирсэн Холливүүдийн од Жон Траволта өчигдөр насан туршийн амжилт бүтээлээ үнэлүүлсэн байна.

“Propeller One-Way Night Coach” киногоо нээхийн өмнө хүндэтгэлийн Далдуу Модны Алтан Навч шагналыг гардан авсан тэрбээр “Би итгэж чадахгүй байна. Энэ бол Оскарын шагналаас давсан шагнал юм” гэж сэтгэл хөдлөлөө илэрхийлжээ.

Оскарын шагнал огт авч байгаагүй Траволта 1994 онд найруулагч Квентин Тарантиногийн “Pulf Fiction” кинонд бүтээсэн алуурчин Винсент Вегагийн дүрээрээ Каннын кино наадмын дээд шагнал Palme d’Or-ийг хүртэж байсан юм.

“Миний амьдралынхаа турш дүр бүтээсэн хамгийн дуртай кинонууд маань үргэлж Palme d’Or хүртэж байсан” гэж Траволта энэ үеэр бахархан хэлжээ.

72 настай түүний найруулсан анхны кинонд онгоцоор анх удаа зорчсон өөрийнх нь түүхийг өгүүлдэг бөгөөд нислэгийн бүхээгийн ажилтны дүрд түүний охин Элла Блю тоглодог юм байна.

зураг
 

Траволта найруулагчийн анхны бүтээлийг нь олон улсын нэр хүндтэй наадам хүлээж авсанд гайхаж байгаагаа илэрхийлж байв.

Каннын наадмын захирал Терри Фрэмо арваннэгдүгээр сард түүнд энэ талаар мэдэгдэхэд “Миний киног хүлээж авна гэж би огт төсөөлж байсангүй” гэж хэлж байжээ.

“Propeller One-Way NIght Coach” кинонд Траволта найман настайдаа 1962 онд жүжигчин ээжийн хамт Нью-Йоркоос Лос Анжелес хот руу ниссэн түүхийг өгүүлдэг гэнэ.

Нью Жерсид ирланд ээж, итали гаралтай эцгийн хүү болон мэндэлсэн Траволта 16 настайдаа жүжигчний мөр хөөхөөр сургуулиа орхиж байжээ.

Хоёр жилийн дараа тэр Бродвэйн “Grease” мюзиклд анхны гол дүрээ бүтээж байв. 1978 онд тэр “Saturday Night Fever” кинонд бүтээсэн диско бүжгийн аварга Тони Манерогийн дүрээрээ анх удаа Оскарын шагналд нэр дэвшиж байжээ.

 

Эх сурвалж: AFP