Бээжингийн өндөр цамхгийг мөргөсөн онгоцны нисгэгч “хувийн шалтгаан”-тай байсныг Хятадын эрх баригчид мэдээлжээ
Өнгөрсөн долоо хоногт Бээжин хотын хамгийн өндөр цамхгийг хөнгөн нисэх онгоц мөргөсний улмаас нисгэгч нь амиа алдаж, барилгад байсан 13 хүн бэртэж, гэмтсэн билээ.
Тэгвэл уг нисгэгч нь “архаг нойргүйдэл, сэтгэл түгшүүр”-ээр шаналж байсан хүн бөгөөд “хувийн шалтгаан”-аар ийм зүйл хийсэн болохыг Хятадын эрх баригчид өчигдөр мэдээлжээ.
Нисгэгчийн нэрийг зөвхөн овгоор нь Лю гэж мэдээлсэн байна.
Ослын шалтгааныг мөрдөн шалгасан Бээжин хотын Чаоян дүүргийн захиргаа 66 настай Люг эхнэрээсээ салсан, ганцаар амьдардаг, чөлөөт уран бүтээлч байсныг мэдээлжээ.
Түүний өдрийн тэмдэглэлд “амиа хорлох санаа” олон удаа бичигдсэн байсан гэнэ.
“Мөрдөн байцаалтын үр дүнд энэ нь хувийн шалтгаанаар олон нийтийн аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл байсныг тогтоолоо” гэж уг мэдэгдэлд өгүүлжээ.
Гэмтсэн хүмүүсийн нэг нь эмнэлгээс гарсныг бас дурдсан байна.
CITIC цамхагт гарсан энэ осол агаарын орон зай нь өндөр хамгаалалттай гэгддэг Хятадын нийслэлд болсон нь анхаарал татаж байгаа юм.
109 давхар уг барилга Хятадын Коммунист Намын төв байрнаас хэдхэн километрийн зайд байрладаг.
Ослын зураг, дүрс бичлэг Хятадын сошиал ертөнцөд олноор тараад байсан нь бүгд устгагджээ.
Ослын дараа хөнгөн нисэх онгоцны үйлчилгээ явуулдаг гурван компанид үйл ажиллагаагаа түр зогсоох захирамж ирснийг эх сурвалжууд мэдээлж байна.
Лю нь Бээжингийн ойролцоох жижиг хотын нисэх онгоцны буудлаас ганцаараа хөөрсөн бөгөөд “тогтоосон замаас хазайж, нисэх буудалтай холбоо тасарсны дараа” барилга мөргөснийг Чаоян дүүргийн захиргааны мэдэгдэлд тайлбарлажээ.
Албаны хүмүүсийн мэдээлснээр тэр 2021 онд спортын нисгэгчийн, 2024 онд хувийн нисгэгчийн үнэмлэх авч байсан байна.
Түүний онгоц Хятадын Sunward Aircraft компанид үйлдвэрлэсэн хоёр суудалтай Aurora SA60L загварын онгоц байжээ.
6.9 метр урт, 8.6 метр урт далавчтай энэ онгоц амралт зугаалга, агаараас зураг авах зэрэг үйл ажиллагаанд зориулагдсан юм байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

