АНУ-ын Тусгаар тогтнолын өдөр–250 жилийн ой. “250” гэхлээр залуухан Төрт-улс мөн л дөө. Тэгэхдээ хөгшин залуудаа биш өнөөдөр хэн бэ гэдэгтээ учир утга нь оршино. Энэ нийтлэл Америкийг үзэн ядагчид, хараагчид руу чиглээгүй шүү. Тэгж эндүүрэв. Нийт монголчууддаа мэдээлэл, болж өгвөл мэдлэг өгчих санаатай бичсэн үзэл бодол (ятгалга биш) гэх үү дээ?
Гэхдээ монголчуудын савлагаа, туйлшралын гучин хэдэн жилийн түүхийг эргэж сөхөхгүй бол болохгүй байна. Социализм-коммунизмдаа монголчууд нэн итгэлтэй (100%) байсан уу, байсан бол яагаад 1990 онд амархан хөмрөөд ойччихсон юм бэ? - Таны хариулт?
Зөвлөлт Холбоот Улс тэргүүтэй дэлхийн социалист хамтын нөхөрлөл (нэг идэвхтэй гишүүн нь БНМАУ!), ЗХУКН тэргүүтэй олон улсын коммунист-ажилчны хөдөлгөөн (нэг идэвхтэй гишүүн нь МАХН!), социалист чиг баримжаа бүхий Үндэсний-эрх чөлөөний хөдөлгөөн (үлгэр жишээч нь социалист Монгол!) гээд гурвуулаа “Хүйтэн дайн”-тайгаа хамт нэгэн зэрэг нураад унахад уйлж унжсан, амиа хорлосон, амиа хорлох дөхсөн завдсан (ядаж улаан коммунистуудаас нь?) нэг ч монгол хүн төрөөгүй учраас би савлагаа туйлшрал гэсэн “түүх” сэдэж олсон хэрэг л дээ.
Үнэндээ санал нэгтэйгээр, АНУ-ын оролцоогүйгээр, тэднээр өнгөт хувьсгалаа санхүүжүүлэхийг хүсээгүйгээр МОНГОЛЧУУД бид санал нэгтэйгээр ардчилал-зах зээл рүү шилжсэн дээ. 1990-ээд оны гэрчүүд бараг бүгд амьд сэрүүн байна. Америк, Япон, Өрнөдийнхнийг яасан ихээр уухайлж, сонирхож, шүтэж байлаа? Жил гаруйнхны өмнө гэхэд л тэднийгээ империалистээр нь дуудаж, хараан зүхэж, хардаж сэрдэж суусан монголчууд бид нөгөө империалистүүдтэйгээ хүзүү толгой холбоод авах нь тэр. Тэгсэн гэж одоо яривал үлгэрийн, тэнгэрийн түүх мөн л дөө.
Гэтэл 36 жил өнгөрсний дараа, одоо, нөгөө империализмийг үзэн ядах өвчин нь сэргээд сэдэрчихсэн, АНУ ба Өрнөдийг үзэн ядагчид сав л хийвэл Сүхбаатарын талбайд цуглачих гээд, сошиалаар бол бүр алж өгч байна. Хараал зүхэл, нулимах, занахад цаад хязгаар алга. 1990-ээд ардчилагчид ба ардчиллыг талархан хүлээн аваад одоо хүртэл түүндээ үнэнч яваа бүгдийг ЛИБЕРАЛ-ууд гэж цоллож хочлоод бараг л алж устгах хэрэгтэй хэмээн орилолдох сэхээтнүүдийг яанам бэ? Ардчилсан либерализмаас татгалзахыг уриалан дуудагсад!
Эдүгээ хүн төрөлхтөнд хөгжлийн гурван л загвар-замнал байна.
Цаашаа нийгэм-эдийн засгийн өөр формац байна уу? Боолт нийгэм хэт алсраад алга болсон, феодализмд эргэж очихгүй нь лав. Өөр байна уу? Тэр шилдэг загвараа нэрлээч!
Монголд шилжилт хэт удаашраад, өөрсдөөсөө болсон назгайрал нь ядууралтай нь хутгалдчихсан. Үүндээ гол буруутнаар АНУ-ыг тодруулаад зүхчихсэн, дээр нь Израиль гэж улс нэмэгдэн хамтдаа хараалгаж байна. Хараах эрх чөлөөгөө эдэлж байна гээд уучилъя.
Олон таван үггүйгээр Тусгаар тогтнолынх нь баярыг тохиолдуулан бидний хувьд АНУ хэн юм бэ? Ерөөсөө дэлхийд хэн юм бэ гэдэгт одоо тархиа чилээх үү?
Монгол Улс бол Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай хоёр их хөрштэй, цаана нь Стратегийн түншлэлийн харилцаатай 8 түнштэй–бүгд гуравдагч хөрш гэдэг ангилал шалгуурт багтана. Түүний нэг нь АНУ. Харилцааны түвшин маш ахицтайгаар ийм өндөрлөгт хүрсэн.
Монгол Төрийн алтан аргамж–гадаад харилцааны маш том түүхэн ололтуудыг 5 үе шатаар өгүүлэхэд ийм байна. Цаашаа зургаа, долоо, найм... гээд явж өгнө дөө. Саруул дардан зам өмнө маань байна.
“Ардчиллын замаар замнаж байгаа Монгол Улсын хамгийн том дэмжигч нь АНУ гэдгийг дахин батлан хэлэхийг хүсэж байна”, “Монголын эрчим хүчний бие даасан байдлыг хангахад АНУ-ын зүгээс дэмжих асар их сонирхол байна”, “Цаашид Стратегийн гуравдагч хөршийн түншлэлээ улам хөгжүүлэхийн төлөө байна”–Америкийн дээд өндөр тушаалтны үг ба амлалт.
Хараал зүхлийн амт амсан буй тэр АНУ нь өнөөдөр даян дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах “Дэлхийн цагдаа” болчихоод байна. Нэг үгээр онож хэлбэл. Аль л болохгүй, бүтэхгүй дэглэмүүдтэй тэмцэж байна. Болж бүтэхгүй дэглэмүүд гэдэг нь ард түмэн биш шүү, засгийн эрх барьж буй улс төрийн дэглэм. Болохгүй, бүтэхгүй гэдгийг нь Монгол амсаагүй л дээ. Тиймдээ ч бодит байдлаас хол, бас дотоодын ба өөрсдийн зовлондоо буруутан хайхдаа Америкийг лүд барам болгоод заачхаад сууцгааж байгаа хэрэг.
Америкийн профессор Ханс Биннендик 1999 онд ийм нэг онолоо дэвшүүлсэн. Эх сурвалж: Hans Binnendijk. Back to Bipolarity? The Washington Quarterly, Autumn 1999. Түүнд дэлхийн бодлогын гол тоглогчид ба дэглэмүүд гээд 5 ангилсныг би тодруулаад жишээ орууллаа.
|
1] Гол орнууд–(core states): зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан орнууд Дэлхийн ДНБ-ий өсөлтийн 80 гаруй хувь, НҮБ-ын төсвийн 90 орчим хувь тэдэнд ногдоно |
|
2] Шилжилтийн орнууд–(transition states): зах зээл, ардчилал руу яваа, жишээ нь манай Монгол гарцаагүй энэ ангилалд орно |
|
3] Харгис хэрцгий орнууд–(rogue states): эсэргүүцэгч орнууд буюу миний хэлээд буй авторитари, тоталитари, исламжсан, шашинжсан бүлэг улс |
|
4] Бүтэлгүй орнууд–(failed states): Өөрийгөө авч явах чадваргүй |
|
5] Төрт улс биш тоглогчид–Хезболла, ХАМАС маягийн террорист бүлэг, дээрмийн-мөнгө угаах, гэмт элдэв бүлэг, эсвэл олон улсын томхон корпорац, олон улсын зарим байгууллага (олон бий дээ) гэх мэт. |
Гол орнуудын (core states) толгойд АНУ зогсож байгаа гэдгээр “Дэлхийн тэргүүлэх глобал гүрэн” гэсэн алдрыг хүртсэн. Тэгэх тэгэхдээ “Гуравдагч хөрш чинь болъё, болж чадна” гэдэг итгэл 1990 онд бидэнд төрүүлсэн, тэр утгаар гуравдагч хөршийн концепцыг өөрсдөө бидэнд сэдээд өгчихсөн дэлхийн том гүрэн бол АНУ шүү дээ. Тиймдээ ч манай улсын хувьд анхдагч, тэгэхдээ гол гуравдагч хөрш, дээр нь стратегийн түнш улс. АНУ бол Монголын хувьд геополитикийн, стратегийн түнш учраас тэр өнцгөөс харилцааны улс төрийн ач холбогдлыг нь олж хараасай, тэгэхдээ бүр олзуурхан лавшруулж хараасай гэж би бичдэг уриалдаг. АНУ бол манай улсын энхийг сахиулах ажиллагааны бас гол түнш. Монгол цэргийг дэлхийн данстай болгоход түүхэн хувь нэмрээ оруулсан итгэлт түнш маань. Гэх мэт яривал олон баримт, аргумент дурдаж нэрлэж чадна. Улс төрийн харилцаа бидний хүссэн дээд түвшиндээ хүрсэн, цаашдаа нэг том алхвал “Иж Бүрэн” рүү тулна. Одоо харин энэ үзүүлэлтээ (ололт!) эдийн засаг, нийгэм, хүмүүнлэгийн салбарт бэхжүүлэхэд л Та бидний чармайлт чиглээсэй гэж ерөөх байна!
АНУ-д эдийн засгийн боломж, санхүү, эрх мэдэл, цэрэг-зэвсэг, олон улсын нэр хүнд, нөлөө, шинжлэх ухаан–өндөр технологи, тэр ч бүү хэл технологи бүтээдэг технологи болох метатехнологи, ер нь бүгд байна. Чухам хүртэж чаддаг бол бүгд нээлттэй байна, монголчууд аа!
- 2026.07.03
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!