Nvidia чипийн хууль бус наймааны орлогоор худалдаж авсан хувийн орон сууцыг Сингапурын эрх баригчид хураажээ
Хиймэл оюуны технологид чухал үүрэгтэй Nvidia компанийн хагас дамжуулагч чипийг хууль бусаар хил давуулсан хэрэгтэй холбоотой тансаг ангиллын хувийн орон сууцыг Сингапурын эрх баригчид хураан авчээ.
Энэхүү үл хөдлөх хөрөнгийг 55 сая сингапур доллароор ($42.5 сая) худалдаж авсан бөгөөд үүний гуравны хоёроос багагүй хэсгийг дээрх хууль бус орлогоор санхүүжүүлснийг мөрдөн байцаалтын үр дүнд тогтоосноо Лхагва гарагт тус улсын цагдаагийн байгууллага мэдээлсэн байна.
Nvidia компанийн үйлдвэрлэсэн чип бол дэлхий дахинд асар өндөр эрэлттэй бүтээгдэхүүн бөгөөд АНУ-ын экспортын хяналтад байдаг.
АНУ-ын хууль зүйн яам өмнө нь Сингапурыг ийм төрлийн бүтээгдэхүүнүүдийг Хятадын зах зээлд хууль бусаар нэвтрүүлдэг гол төв болсныг анхааруулж байжээ.
Сингапурын алдартай Ботаникийн Цэцэрлэгт оршдог уг хувийн орон сууцыг худалдаж авахдаа хууль бус аргаар олсон 38 сая сингапур долларыг ашигласан хэрэгт Вэй Жаолун гэгчийг буруутгасан юм байна.
Тэрбээр сервер болон бусад тоног төхөөрөмжийг бизнесийн байгууллагуудад нийлүүлдэг Aperia Group нэртэй компанийн гүйцэтгэх захирал ажээ.
Эрх баригчид бас түүний дансанд байсан нэг сая сингапур долларыг хураасан байна.
Вэйг оролцуулаад нийт дөрвөн хүн АНУ-ын экспортын хяналтад байдаг бүтээгдэхүүнийг хуурамч баримтаар худалдан авч, хууль бусаар хил давуулсан хэрэгт 2025 оны хоёрдугаар сараас хойш шалгагдаж байжээ.
Сингапурын цагдаагийн газар тэд хориотой бүтээгдэхүүнийг хаашаа гаргаж байсныг мэдэгдэлдээ дурдаагүй байна.
Хэрвээ дээрх дөрвөн хүн мөнгө угаасан хэрэгт буруутай нь тогтоогдвол 20 хүртэл жилийн хорих ялаар шийтгүүлэх ажээ.
АНУ-ын засаг захиргаа Nvidia компанийн бүтээгдэхүүнийг цэрэг зэвсгийн зорилгоор ашиглахаас сэргийлэхийн тулд 2022 оноос эхлэн Хятадад экспортлохыг хориглосон юм.
Тэр үеэс хойш тус улс Сингапурын эрх баригчидтай хамтран ийм бүтээгдэхүүний хууль бус наймаатай тэмцэж эхэлжээ.
Сүүлд АНУ-ын засаг захиргаа Nvidia компанийн зарим чипийг тодорхой нөхцөлтэйгөөр Хятадад экспортлохыг зөвшөөрч байв.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

