Ши Жиньпинтэй уулзсаныхаа дараа Трамп тусгаар тогтнолоо зарлахаас зайлсхийхийг Тайваньд анхааруулав

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт Хятадад улсад хийсэн төрийн айлчлалаа дуусгасны дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тусгаар тогтнолоо зарлахаас зайлсхийхийг Тайванийн эрх баригчдад анхааруулжээ.

Тэрбээр гурван өдрийн айлчлалынхаа үеэр “гайхалтай” худалдааны гэрээ байгуулсан гэж мэдэгдсэн ч тодорхой үр дүн харагдахгүй байна.

Мөн гацаанд орсон Ираны эсрэг дайныг дуусгах асуудлаар Хятадын удирдагчтай ямар нэг тохиролцоонд хүрсэн шинж харагдсангүй.

Ямартай ч Трамп ирэх есдүгээр сард Вашингтонд айлчлах урилгыг Ши Жиньпинд гардуулсан нь дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр улс харилцаандаа тогтвортой байдал эрэлхийлж байгааг харуулж байна.

Хятадын төрийн тэргүүн Тайванийн асуудлаар өөрийн байр суурийг хатуу илэрхийлж байсан бол Трамп энэ асуудал дээр тодорхой буулт хийсэн бололтой.

“Би хэн нэгэн тусгаар тогтнохыг хүсэхгүй байна. Мөн та бүхэн мэдэж байгаачлан бид дайнд оролцохын тулд 9,500 миль аялах хэрэгтэй болно. Би үүнийг хүсэхгүй байна. Би тэднийг тайвшруулахыг хүсэж байна. Би Хятадыг тайвшруулахыг хүсэж байна. Бид дайн хийхийг хүсэхгүй байна. Хэрвээ бид үүнийг хөндөлгүй хадгалбал Хятад улс зөвшөөрнө гэж би бодож байна” гэж Fox News сувгийн хөтлөгч Брэт Байертай ярихдаа Трамп хэлжээ.

Өөрөөр хэлбэл Трамп тус арлыг тусгаар тогтнохын эсрэг байгаа, мөн Хятадын талаас халдвал АНУ яагаад хамгаалах ёстойд эргэлзэж байгаагаа ийнхүү илэрхийлсэн байна.

АНУ нь нэг Хятад зарчмыг дэмжиж, Тайвань арлын тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрдөггүй. Гэхдээ тусгаар тогтнуулахын эсрэг байгаагаа ингэж шууд илэрхийлж байсан тохиолдол байхгүй юм.

Хуулиараа АНУ нь бас Тайванийн батлан хамгаалах хүчин чадлыг дэмжихэд зориулан зэвсэг нийлүүлэх үүрэгтэй ч дайн дэгдвэл хамгаалах эсэх нь эргэлзээтэй байдаг.

Тайванийн одоогийн ерөнхийлөгч Лай Чин Тэ тус арлыг нэгэнт тусгаар тогтносон тул зарлах шаардлагагүй гэж үздэг юм.

Саяын айлчлалын үеэр Ши Жиньпин хэрвээ энэхүү эмзэг асуудалд АНУ хөндлөнгөөс оролцвол хоёр улсын хооронд “мөргөлдөөн” гарч болзошгүйг Трампад анхааруулсан.

Айлчлалын үеэр Хятад улс Америкаас газрын тос, шар буурцаг, бас 200 том оврын Boeing нисэх онгоц худалдаж авахаар болсныг Трамп зарласан юм.

“Бид хоёр улсад аль алинд нь ашигтай гайхалтай худалдааны гэрээ байгуулсан. Бид өөр хүмүүс шийдэх боломжгүй маш олон асуудлаар тохиролцож чадлаа” гэж Трамп айлчлалын төгсгөлд мэдэгджээ.

Ши Жиньпиний хувьд Цагаан ордны цэцэрлэгт тарих сарнайн үрийг илгээхээ амлаж, Трампын энэ удаагийн айлчлалыг “чухал” гэж тодорхойлсон юм.

Гэхдээ Хятадын талаас худалдааны гэрээ байгуулсан талаар ямар нэг мэдэгдэл гараагүй байна.

Трамп айлчлалын турш Ши Жиньпинийг “аугаа удирдагч”, ”сайн найз нөхөр” гэх мэтээр магтаж байсан ч Хятадын талын мэдэгдлүүдэд ийм өнгө аяс харагдахгүй байгаа.

Трамп энэ айлчлалаа Ираны дайны улмаас нэг удаа хойшлуулж байв.

Хятад улс Иранд зэр зэвсгийн тусламж үзүүлэхгүйг Ши Жиньпин амласан тухай Трамп мэдэгдсэн. Хятадын гадаад хэргийн яам Баасан гарагт Ираны талаар гаргасан мэдэгдэлдээ “ачаа тээврийн замыг аль болох хурдан нээх хэрэгтэйг” онцолсон байна.

Эндээс харвал хоёр удирдагч ямартай ч Ормузын хоолойг нээлгэхээр Иранд шахалт үзүүлэхээр тохиролцсон бололтой.

Трамп бас Хонконгийн ардчиллыг дэмжигч, хэвлэл мэдээллийн магнат Жимми Лайг суллуулах талаар Ши Жиньпинийг ятгаж чадаагүйгээ хүлээн зөвшөөрчээ.

“Тэр Жимми Лай бол өөрийнх нь хувьд шийдэхэд хэцүү асуудал болохыг надад хэлсэн” гэж Трамп сэтгүүлчидтэй уулзахдаа хэлсэн юм.

Өнгөрсөн оны аравдугаар сард Трамп, Ши Жиньпин нар хоёр улсын худалдааны дайны галыг нэг жилийн хугацаанд зогсоох тохиролцоонд хүрч байсан. Харин сая энэ хугацааг сунгах асуудал яригдаагүйг Трамп баталжээ.

Хэдийгээр олон асуудал бүрхэг хэвээр үлдсэн ч анхнаасаа өндөр хүлээлтгүй байсан тул Трампын айлчлалыг харьцангуй амжилттай болсон гэж ажиглагчид үзэж байна.

 

Эх сурвалж: AFP