Дэвид Бекхэм тэрбумтан болж, Oasis хамтлагийнхан анх удаа Британийн баячуудын жагсаалтад багтав
Баасан гарагт Sunday Times сонин жил тутам гаргадаг Их Британийн хамгийн баян 350 эрхмийн жагсаалтаа танилцуулжээ.
Сэр Дэвид Бекхэм тус улсын түүхэнд анхны тэрбумтан тамирчин болсныг энэ жагсаалт харуулсан байна.
Мөн Oasis хамтлагийн ах дүүс болох Ноэл, Лиам Галлахер нар анх удаа уг жагсаалтад багтжээ.
Бекхэм болон түүний гэргий нарын нийлбэр хөрөнгийн хэмжээ 1.2 тэрбум фунт стерлинг хүрсэн бол ах дүү Галлахеруудын хөрөнгө 375 сая фунт хүрсэн байна.
Жагсаалтыг Санжай болон Дхираж Хиндужа нар нийт 38 тэрбум фунт стерлингийн хөрөнгөөр тав дахь жилдээ дараалан тэргүүлжээ.
Ах дүүс газрын тос, байгалийн хий, банк санхүү, тээвэр зэрэг олон салбарт ажилладаг Hinduja Group-ийг удирддаг юм.
Sunday Times-ийн энэ жилийн жагсаалтад 157 тэрбумтан байгаа нь дөрвөн жилийн өмнөхөөс 20-оор цөөрсөн үзүүлэлт болжээ.
Хаан Чарльзын хөрөнгө өнгөрсөн нэг жил 40 саяар өсөж, 680 сая фунт стерлинг болсон нь жагсаалтын 230 дугаар байранд бичүүлсэн байна.
Судалгааг зохион байгуулагчдын мэдээлснээр энэ удаагийн жагсаалтаас 15 хүн өөр улсын иргэн болсон шалтгаанаар хасагджээ.
Үүнээс гадна жагсаалтад багтсан хүмүүсийн гуравны нэг орчим нь Британийн аралд амьдрахаа больсон байна.
Тэдний ихэнх нь Дубай, Швейцар, Монакод амьдрах болжээ.
Үүнээс гадна Sunday Times сонин Их Британийн 40 нас хүрээгүй 40 баяны жагсаалтыг гаргасан байна.
Үүнд энэ жил боксчин Тайсон Фюри анх удаа оржээ.
Эдгээрийн дөрөвний гурав нь өөрийн хүчээр баяжигсад, тэдний гуравны нэг орчим нь Лондонд бүртгэлтэй хиймэл оюуны стартап компаниудтай холбоотой байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
