Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Шүрхүү: Си Зиньпиний Монголд хийх айлчлал олон улсын анхаарлын төвд байна

Б.Энхжаргал, Өдрийн шуудан
2014 оны 8 сарын 11
Өдрийн шуудан
Зураг зураг
ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Шүрхүү

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Шүрхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-БНХАУ-ын Төрийн тэргүүн Си Зиньпин тун удахгүй манайд дээд хэмжээний айлчлал хийх гэж байна. Юуны өмнө хятад судлаач хүний хувьд тус улсад гарч буй өөрчлөлт, хувиралтын талаар санал бодлоо манай уншигчидтай хуваалцана уу? 

-Монголчууд хятад хүний зан чанар, дотор ухааны талаас их сайн мэддэг. Айл хөрш хүмүүс мэдээж олон мянган жилийн харилцаанаасаа мэдэж цуглуулж авсан мэдлэг юм даа. Харин тус орныг бүхэлд нь авч үзэх юм бол орчин үеийн Хятадын талаарх ойлголт нь учир дутагдалтай. Хятад улс өөрөө асар том өөрчлөлт дунд явж байна. Юуны өмнө тус улс дэлхийн хоёр дахь том эдийн засаг болон гарч ирж байна.

Энгийн утгаар хэлбэл тэдэнд хийж чадахгүй зүйл гэж бараг байхгүй. Нөгөө талаасаа дэлхийн зах зээл дээрх аливаа бараа бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлтийг зохицуулах, зах зээлийн чиг хандлагыг тодорхойлж байна

Мөн Хятад орон өөрөө дотроосоо их өөрчлөгдөж байна. Хамгийн наад захын жишээ бол 1978 оноос эхэлсэн шинэтгэл, өөрчлөлтийн үр дүнд нийгэм нь их өөрчлөгдөж байна. Олон зуун сая хятад хүн тосгоноос хот руу нүүн, тариачнаас ажилчин болж буй. Хотжилттой холбогдуулан нийгэм, экологи, улс төрийн өөрчлөлтүүд гарч эхэлж байна л даа. Үүнийг монголчууд тэр бүр ойлгодоггүй. Нөгөөтэйгүүр Хятад Улс маш их сорилтуудтай тулгарч байгаа.

Тухайлбал хүн ам нь ихэссэн, агаар бохирдсон, газрын нөөц багассан. Газрын тосны бүтээгдэхүүнийхээ л гэхэд 60 хувийг гаднаас авч байх жишээтэй. Энэ бол Хятад улсын эдийн засаг, үйлдвэр хөдөө аж ахуй гээд бүх хэрэглээгээ эргээд хянахгүй бол “хөгжлийн бэрхшээлүүд”-тэй тулгарч байна. Орчин үеийн, экологид ээлтэй, хэмнэлттэй технологи хэрэглэхгүй бол олон жилийн хөдөлмөрийн үр дүн нь талаар болох асуудалтай тулгарч болох юм. 

Мөн баян хоосны ялгаа, авлига эрс нэмэгдсэн учраас шинэ удирдлага гарч ирээд дээрх гол гол асуудалд анхаарал тавьж байна. Си Зиньпин дарга гарч ирээд Хятад улсыг сэргээн мандуулах “Хятад мөрөөдөл”-ийг дэвшүүлсэн. Харин тус улсын Ерөнхий сайд Ли Көцяний хувьд хотжилтын асуудлыг иж бүрэн шийдэх зорилтыг дэвшүүлсэн. Монголд Ардчилсан нам Улаанбаатар хотыг дахин төлөвлөж, шинэ хот болгох тухай санал дэвшүүлснээрээ ард түмний санал дэмжлэгийг авсан шүү дээ.

Түүн шиг Ли Ерөнхий сайдын хувьд хамгийн гол нь 200-300 сая хүн хот руу шилжиж байгаа тэр нөхцөл байдлыг зүй зохистой шийдвэрлэхийг эрмэлзэж байна. Манайхтай яг адил агаарын бохирдол, замын түгжрэл Хятадад нүүрлээд байгаа юм. Тиймээс хамгийн орчин үеийн хэмнэлттэй системийг нэвтрүүлэхээр зорьж байгаа.

-Сүүлийн 30 жилд Зян Зэминь, Ху Зиньтао, Си Зиньпин тэргүүтэй хүчирхэг, тогтвортой удирдлагын баг гарч ирж, ээлжээр засгийн эрхийг барьж байна.Энэ үйл явц хэрхэн өрнөдөг вэ. 

-1945-1976 хооронд тасралтгүй 31 жил ХКН-ыг удирдсан Мао Зэдун нас барсантай холбоотой Хятад улс дараагийн удирдагчаа яаж сонгох вэ гэдэг асуудалтай тулгарсан. Түүний дараа Хятадад реформ эхэлсэн.Ингээд Дэн Сяопин гэдэг хүн төрийн гол удирдлага болж гарч ирээд, засаг солигдох бүрт хямарч байх уу, эсвэл Мао дарга шиг олон жилээр төрийн эрхэнд хэн нэгэн байх уу гэдгийг нэг тийш шийдвэрлэхээр зорьсон.

Дэн Сяопин дарга юуны өмнө нам, төрийн удирдлагад сонгогдсон хүний албан тушаалын хугацаанд хязгаар тогтоож өгсөн. Эрх баригч хүн нэг удаа дахин сонгогдох эрхтэй буюу нийтдээ 10 жил нам, төрийн удирдлагад алба хаших зарчмыг хэвшүүлсэн. Хоёрдугаарт дараагийн удирдлагыг яаж бэлдэх вэ гэдэг асуудалтай тулгарсан. Өрнөдийн судлаачдын бичиж байгаагаар бол Хятадад шийдвэр гаргах түвшинд хэд хэдэн фракц байна. Тиймээс сонирхлын бүлгүүд хоорондоо ээлжилж засгийн эрх барих тогтолцоо хэвшсэн гэж үздэг. Харин Зян Земинь даргын хувьд 1989 онд Хятадад өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөний дараа Дэн Сяопин гаргаж ирсэн хүн.

Гэхдээ Зян Земинээс хойш арав арван жилээр эрх барих тэр зарчмаараа явж байна. Энэ тогтолцоо Хятадын улс төрийн өвөрмөц онцлогийг харуулдаг. Хятад бол өрнөдийн сонгодог ардчилал буюу олон намын тогтолцоог хүлээж авахгүй гэдгээ хэлдэг. Харин өөрийн орны онцлогтой ардчиллыг бий болгоё гээд, анхны туршилтаа хамгийн бага нэгж буюу тосгоноос эхэлж байгаа. Цаашдаа энэ тогтолцоо дунд хийгээд өндөр дээд түвшиндээ яаж хөгжихийг одоохондоо хэлэхэд хэцүү. 

-Тосгоноос эхлүүлж байгаа тэр ардчилал улс төрийн хувьд яаж илэрч байгаа юм бэ? 

-Хамгийн гол нь тэнд сонгуулийн өрсөлдөөн, олон нэр дэвшигчээс хэнээр нь удирдуулах вэ гэдгийг ард иргэд шийдэж байна. Ерөнхийдөө тосгоны түвшинд иргэдийн оролцоо нэмэгдэж, альтернатив буюу сонгогдох боломжтой өрсөлдөөнийг бий болгож байна гэсэн үг.

-Арав арван жилээрээ гарч ирэхдээ Хятадын удирдлагууд өөрийн бодлогыг тодорхойлдог.Си Зиньпиний баг өмнөх хоёр арван жилийнхээс ямар онцлогтой байна? 

-Дараагийн удирдлагууд гарч ирэх тухай бүрт нь гадаад, дотоод улс төрийн байдал өөр байдаг. Си Зиньпиний хувьд гарч ирээд дөнгөж нэг жил болж байна. Гэхдээ харж байхад тэр хүн гадаад бодлогын салбарт илүү идэвхитэйгээр Хятадын эрх ашгийг хамгаалж байна. Нөгөө талаасаа миний дээр хэлсэн Хятадын эдийн засгийн хурд саарч байгаа.

Мөн эрдэс баялаг, түүхий эдийг найдвартай олж авах, түүнийгээ үр ашигтай зарцуулах, хот тосгоны ялгаа, баян хоосны ялгаа хол зөрсөн ийм үед бодлогоо хэрэгжүүлж байна. Сүүлийн жилүүдийн хятадын эрх баригчдын бодлогыг үндэсний үзэл давамгайлсан бодлого гэж хэлэх болсон. Тухайлбал “Хятад мөрөөдөл”-өөрөө хятад хүн, Хятад улс хамгийн хүчтэй шилдэг байх ёстой гэсэн зарчим тавьж байна шүү дээ. Үүнийг “Америк мөрөөдөл”-тэй зэрэгцүүлж болох юм.

 Сүүлийн жилүүдийн хятадын эрх баригчдын бодлогыг үндэсний үзэл давамгайлсан бодлого гэж хэлэх болсон. Тухайлбал “Хятад мөрөөдөл”-өөрөө хятад хүн, Хятад улс хамгийн хүчтэй шилдэг байх ёстой гэсэн зарчим тавьж байна шүү дээ.

 -Харин манай хоёр улсын харилцаа улс төр, эдийн засгийн аль түвшинд илүү хөгжиж байна гэж та үзэж байна.Мөнхийн хөрш шигээ мөнхийн түнш байж чадаж байна уу, бид? 

-Миний бодлоор Монгол-Хятадын харилцаа хамгийн тааламжтай үе дээрээ ирж байгаа. Гэхдээ хамгийн гол асуудал нь ирээдүйд байна.1940-өөд оноос авч үзэх юм бол манай хоёр улсын харилцаа нэг хэсэг ах дүүгийн сайхан харилцаатай байсан. Дараа нь муудаад, бүр тасарсан. Хоёр орны харилцаа 1980-аад оноос эргэж сэргээд, одоо бол оргил гэх юм уу даа, сүүлийн зуун жилийн харилцаагаа аваад үзвэл хамгийн дээд түвшинд хүрчихээд байна. Гэхдээ цаашдаа хийж, зохицуулах зүйл түүнээс их байна. Яагаад гэвэл Монгол Улс хөгжлийн дөнгөж гараан дээрээ байна.

Маш олон үйлдвэр аж ахуйн газар байгуулна, зам дэд бүтэц тавина, барилга барьж, худалдаа наймаа хийнэ. Харин Хятад улс дэлхийн хамгийн том зах зээл. Тиймээс эрчимтэй хөгжиж байгаа эдийн засаг, маш том зах зээлтэйгээ хэрхэн харилцан ашигтай хамтран ажиллаж, зохицох вэ гэдэг асуудал өөрөө их хүч хөдөлмөр, ухаан шаардах хүнд хөдөлмөр. Үүнийг зүгээр л “Хятад Монгол Улсыг залгих гээд байна”, “Бид хятадын түүхий эдийн хавсарга болох нь” гэж ярьж сууснаар шийдвэрлэхгүй.Тиймээс харилцаагаа зохистой түвшинд, харилцан ашигтайгаар, хэн хэн нь хожсон байдлаар хөгжүүлэх вэ гэдэг арга замаа олох хэрэгтэй юм. 

-Тус улсын төрийн тэргүүн Си Зиньпин бас энэ талаар манай Ерөнхийлөгчид хэлж байсан санагдаж байна? 

-Тэгсэн. Манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой өнгөрсөн оны тавдугаар сард Шанхайд уулзахдаа “Би ихийг авч, чи багыг ав, би хожиж, чи хохирно гэсэн зүйл байхгүй. Аль болох харилцан ашигтай байх хэрэгтэй” гэсэн. Энэ бол чухал зарчим. Тиймээс бид үзэхдээ Монгол Хятадын харилцаа яг ямар чиглэлээр явах вэ гэдэг торгон ирмэг дээр ирчихээд байна гэж харж байгаа.

 -Өндөр дээд түвшний айлчлал улс төр, эсвэл эдийн засгийн ямарваа нэгэн шийдвэр гаргаж, харилцан тохиролцоонд хүрэхэд чиглэгддэг.Си Зиньпин даргын айлчлал хоёр орны харилцаанд ямар өгөөж үлдээх бол? 

-Монгол гэлтгүй дэлхий дахинд Си Зиньпин даргын айлчлал ямар үр дүнтэй байх бол гэдэгт маш их анхаарал тавьж байгаа. Яагаад гэвэл түүнд хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрт дэлхий болон Хятадын зах зээлийн эрэлт буурсан, манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ унасны улмаас Монгол Улсын санхүүгийн байдал хүндрэлтэй байна.

Ийм нөхцөлд Монгол Улс хөгжлийн хэвийн гольдрилд орж, эрчимтэй хөгжихөд хаанаас хөрөнгө оруулалт, зээл тусламж авах вэ гэдгийг ажиглаж байна л даа. Дөнгөж саяхан манай Ерөнхийлөгч Япон Улсад айлчилсан шүү дээ. Хүмүүсийн харж байгаагаар Монгол Улс Хятадаас тусламж авч хөгжлөө үргэлжлүүлэх нь үү, Японоос авах уу гэдгийг анхаарч байна.Хоёрдугаарт, Монгол Хятадын хооронд томоохон төслүүд яригдаж эхэлж байгаа.30 тэрбум ам.долларын өртөгтэй, нүүрс хийжүүлэх үйлдвэрийн том төсөл хэрэгжүүлэх гэж байна. Энэ төслөөрөө тохиролцож, гарын үсэг зурж чадах уу гэдгийг энэ айлчлалаас харж байна. Мөн Монгол Улсын уул уурхай, хөгжлийн цаашдын хувь заяа дэд бүтэц, транзит тээвэртэй их холбоотой. Тиймээс энэ чиглэлээр, ялангуяа төмөр замаар Монгол Хятад хоёр орон ямар тохиролцоонд хүрч, яаж ажиллах вэ гэдгээс цаашдын хөгжлийн хандлага тодорхойлогдоно.

Мөн бүс нутгийн хэмжээнд ямар бодлого явуулах вэ, Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр орох уу гэсэн хүлээлтүүд байгаа учраас Си Зиньпин даргын айлчлал их анхаарал татаж байна. Ялангуяа дээд хэмжээний айлчлал тодорхой үр дүнд хүрч байж л хийгдэнэ. Тиймээс Си Зиньпин Ерөнхийлөгчийн айлчлалын дараа манай хоёр орны харилцаа нэлээн шинэ шатанд гарч, дараа дараагийн томоохон асуудлууд шийдэгдэх байх гэж харж байна. 

-Харин энэ шийдвэрүүдийг Монгол Улс хэрхэн хэрэгжүүлж чадах вэ гэдэг их том асуудал болох байх? 

-Өмнөх туршлагуудаас харж байхад Хятадаас манайд нэлээд их зээл тусламж өгч байсан.Гэвч хэрэгжилт их удаан байдаг.Энэ удаагийн дээд хэмжээний айлчлал зөвхөн эхлэл.Харин түүнийг хэрэгжүүлээд, үр дүн гарахыг хүлээх хэрэгтэй.

 -Манай улс чухал баримт бичиг, шийдвэрүүдээ байнга өөрчилдөг нь хоёр орны харилцан тохиролцсон зүйлүүд ажил хэрэг болохгүйд нөлөөлдөг.Тухайлбал төмөр замын ямар цариг тавих вэ гэдгээ шийдэх гэж бодлого тодорхойлогчид маань хэдэнтээ эргэж буцлаа. 

-Хятадын байр суурь бол тодорхой.“Танайх нарийн царигаар төмөр замаа тавибал манай танайд ашигтай” гэдэг. Тэдэнд өөр үзэл бодол байхгүй. Судлаачийн хувьд хэлэхэд манайхан их буурьтай дүгнэлт хийж, олон талаас нь хэлэлцэн байж шийдвэр гаргах нь зүйтэй байх. Төсөл хойшлогдож байгаагаараа муу боловч, олон хүний бодол санаа, нам хүчний байр суурийг авч байж шийдэлд хүрэх нь зүйтэй л юм шиг санагддаг. Ер нь энэ талаар ярихад асуудал дан ганц царигтаа байгаа юм биш. Монгол Улс дэлхийн зах зээлийн нэг хэсэг болж чадаагүйтэй холбоотой. Хамгийн гол зүйл нь бид орчин үеийн аргаар наймаа хийж сурах хэрэгтэй. Тодруулбал, дэлхийн бирж дээр явж байгаа наймааг Монголын хөрсөнд буулгах ёстой л доо.

Тухайлбал Хятадын Цинхаундао боомт дээр нүүрс, Лондон, Шанхайн бирж дээр өнгөт металл яаж зарж байна, тэр түвшинд нүүрсээ борлуулахын төлөө зүтгэх хэрэгтэй.Одоо бол Монголын хэдэн компани Хятадын компани дээр очиж гэрээ хийгээд л нийлүүлж байгаа шүү дээ.Олон улсын зах зээл тэнд алга, банк санхүү, даатгал, тээвэр логистикийн сүлжээ алга. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд 5-10 жил маш шургуу ажиллах хэрэгтэй гэж судлаачийн хувьд үзэж байна. Өөрөөр хэлбэл Монголын нүүрс, төмрийн хүдэр, зэс Хятад, Зүүн Азийн гол хэрэглэгчдэд хүрэх найдвартай иж бүрэн сүлжээг байгуулах хэрэгтэй. 

Зураг