ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Автозамаар төлбөртэй зорчих асуудлыг иргэдээс санал асуулга авч байж шийднэ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн тээврийн газар, НЗЦГ-аас нэгэн шинэ журмын төслийг НИТХ-ын тэргүүлэгчдэд өргөн барьсан байгаа. Энэ нь “Нийслэлийн гол гудамж, замуудад автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж төлбөртэй болон түгжрэлтэй бүсийн хязгаарыг тогтоох тухай” төсөл юм.

Энэхүү төсөл хэрэгжиж эхэлснээр ачаалал ихтэй замын хөдөлгөөн саарч, төв замын түгжрэл 30 хувиар буурах гэнэ.

Гэсэн хэдий ч энэхүү журмын төслийг иргэд сайшаахгүй байгаа бөгөөд иргэдээсээ мөнгө саах гэсэн явуургүй арга хэмээн үзэж байна.

Н.Гантөмөр: Хүн чинь заавал нэг зорилготой явж байж унаа хэрэглэх ёстой. 

Тэгвэл дээрх асуудлыг энэ сарын 13-нд НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэхээр болжээ.

Нийслэлийн Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга Н.Гантөмөрөөс зарим зүйлийг тодрууллаа.

- Автозамаар төлбөртэй зорчих асуудал сөхөгдсөн даруйд иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Энэ  асуудлыг ард иргэдээс санал авч байж шийдвэрлэх нь зүйтэй юм шиг.

-Эхэндээ иргэд дэмжихгүй байсан ч сүүлийн үед харьцангуй нааштай хүлээж авч байна. Гэхдээ энэ асуудлыг НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар оруулахаас өмнө иргэдээс гар утсаар санал авах болно.

- НИТХ-ын тэргүүлэгчдийн хурал энэ сарын 13-нд болно. Үүнээс өмнө иргэдээс санал авч амжих уу. Гар утсаар авах санал асуулгыг яг хэзээ авах вэ?

-Санал асуулга авах өдрийг товлоогүй байгаа. Ирэх даваа гаригт хэлэлцэж байгаад шийднэ.

-Ирэх даваа гариг наймдугаар сарын 11.  13-наас өмнө амжиж санал асуулгыг явуулж амжих уу?

-............................. 

-Төв замаар зорчдог нийт тээврийн хэрэгсэлийн 30-40 хувь нь ямар ч зорилгогүй сэлгүүцдэг гэсэн судалгааг та бүхэн гаргасан байсан. Яг ямар аргачлалаар гаргасан судалгаа вэ?

- Хүн чинь заавал нэг зорилготой явж байж унаа хэрэглэх ёстой. Өөрөөр хэлбэл, автомашины зөв хэрэглээний асуудлыг яриад байна л даа. Бусад орны хувьд ч гэсэн тодорхой бүсэд өндөр төлбөр төлдөг.

Дээрх 30-40 хувь гэсэн тооцоог ЗЦГ-аас гаргаж өгсөн байгаа. Тус газар судалгааг маш нарийн тооцоолж байж гаргаж өгдөг.

-Түүнчлэн дээрх төсөлд дурдсанаар жижиг тэрэгнээс 50, том тэрэгнээс 40 мянган төгрөг сар бүр авна гэж зааж. Энэхүү мөнгөн дүнг хэрхэн тооцоолж гаргасан юм бол?

- Талбайн хэмжээ дээр нь зогсоолуудын төлбөр авдаг асуудлыг манай Автозамын газрынхан хариуцдаг. Тэндээс л үнэ тарифын хувь хэмжээг тогтоосон байгаа.

Бас нэг зүйлийг хэлмээр байна. “Нийслэлийн гол гудамж, замуудад автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж төлбөртэй болон түгжрэлтэй бүсийн хязгаарыг тогтоох тухай” төсөл хэрэгжиж эхэлбэл нийтийн тээврийн салбарыг дэмжиж өгөх давуу талтай юм.

Тэрбээр ийн хариулсан юм.

Дашрамд дурдахад, иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа тус төсөл хэрэгжиж эхэлбэл,

  • Баруун дөрвөн замаас 13 дугаар хорооллын уулзвар
  • “Гэсэр” сүмээс Сансарын тунелийн баруун уулзвар
  • Ж.Самбуугийн гудамж, Залуучуудын өргөн чөлөө, Бээжингийн гудамжнаас урагш Энхтайваны өргөн чөлөөгөөр машинтай зорчсон иргэд төлбөр төлдөг болох аж.