ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хотын дарга нийслэлчүүдийг татвараар дарамтлав

С.Уянга, Зууны мэдээ
2014 оны 8 сарын 8
Зууны мэдээ
Зураг зураг

Нийслэлийн тээврийн газар, НЗЦГ хамтран нэгэн шинэ журмын төслийг НИТХ-ын тэргүүлэгчдэд өргөн барьжээ.

Тэр нь “Нийслэлийн гол гудамж замуудад автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж төлбөртэй болон түгжрэлтэй бүсийн хязгаарыг тогтоох тухай” төсөл юм.

Төсөлд дурдсанаар Улаанбаатар хотын төв замаар зорчсон машинтай иргэн сард 40-50 мянган төгрөгийн татварыг хотын захиргаанд төлөх юм байна. Энэ нь нэг машинаас өдөрт 1500 төгрөг авах тооцоо юм.

Хэрэв татвараа төлөөгүй бол 07:00-22:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэжээ. НИТХ-аар баталж магадгүй байгаа дээрх журмыг эсэргүүцсэн иргэд цахим ертөнцөд Хотын даргатай “дайн” зарлаж байна.

Гадаадын улс оронд иргэд нь хурдны замаар зорчихдоо татвар төлдөг бол манайд харин эсрэгээрээ хэрэгжих нь. Иргэдийн уур бухимдлыг бараад байгаа шинэ журамд Баруун дөрвөн замаас 13 дугаар хорооллын уулзвар, “Гэсэр” сүмээс Сансарын тунелийн баруун уулзвар, Ж.Самбуугийн гудамж, Залуучуудын өргөн чөлөө, Бээжингийн гудамжнаас урагш Энхтайваны өргөн чөлөөгөөр машинтай зорчсон иргэд төлбөр төлдөг болох аж. Үүнийг Хотын даргын рекет гэж нэрлэх санал ч цахим ертөнцөд гарав.

Ингэхдээ суудлын автомашин 50 мянган төгрөг, ачааны машин 40 мянган төгрөг төлөх бөгөөд аймаг орон нутгийн . болон хилийн цэргийн, тээврийн хэрэгслийн дугаар бүхий тээврийн хэрэгсэлд ч энэ журам хамаарах юм. Харин нийтийн тээвэр, тусгай дуут дохиогоор тоноглосон, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэлд дээрх журам хамаарахгүй.

Олны дунд амьдралаас хол тасархай хэмээгдээд байгаа журмын талаар албаны хүмүүс “Нийслэл автомашины хэт төвлөрөлтэй байна. Хүмүүс дэмий мөнгө төлөөд замаар зорчихгүй учраас зорилгогүй машин унаж зугаацдаг хүмүүс байхгүй болно” гэсэн тайлбарыг өгч байна.

Ингэснээрээ хувийн болон түрээсийн машинаараа халтуур хийж, хэдэн бор юм олж амьдралаа залгуулдаг иргэдийг бас боомилох нь ээ.

Зураг