Украйны нутаг дэвсгэрт болсон онгоцны сүйрлийг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх зуур цахим ертөнцөөр буруутныг хайсан, ослын хувилбарыг дэвшүүлсэн давалгаа улам бүр өрнөсөөр байна.
Төрийн департамент, Пентагон, Цагаан ордны төлөөлөл Твиттер болон Youtube хуудсаар Путиныг буруутгасан мэдэгдэл, үг өгүүлбэр цацаж байсан бол тэдний араас Британийн өмгөөлөгчид Путиныг буруутгах ажилдаа ханцуй шамлан оржээ.
Боинг онгоцны осолд ОХУ- ын Ерөнхийлөгч Владимир Путин буруутай гэж үзсэн хэсэг өмгөөлөгч түүнийг шүүхэд өгөхөөр зэхэж байна. Харин тэд баталгаагаа хэрхэн гаргах нь одоогоор нууц хэвээр байгаа юм.
Тодруулбал “Макью ба түншүүд” хэмээх Британийн өмгөөлөгчийн газар Путин болон хэсэг улстөрч, цэргийн командлалын төлөөлөгчдийг Малайзийн иргэний нисэхийн Боинг 777 онгоцны осолтой холбоотойгоор буруутган шүүхэд өгөхөөр болсон байна.
Нэгэнтээ Муаммар Каддафиг буруутган, мөн л шүүхэд өгч байсан хэсэг өмгөөлөгчдөд одоогоор буруутгах үндэслэл байхгүй, харин Орос улс босогчдод дэмжлэг үзүүлдэг гэсэн сэжиг, таамаглалаар л баримтаа бүрдүүлж байгаа гэнэ.
Тэд Америкийн шүүхэд хандахаар болсон бөгөөд энэ нь ч санамсаргүй тохиолдол биш. Учир нь АНУ-ын албаны этгээдүүд мөн л ямар нэг нотлох баримтгүй ч Оросыг нэг бус удаа буруутгасан юм. “Орос улс Украйны хэт даврагсдад зэвсэг техник өгдөг гэдгийг бид мэднэ. Мөн эдгээр хэт даврагчид Орост бэлтгэл хийн, зэвсэг техник дээр ажиллаж сурдаг. Малайзийн онгоцыг газраас хөөргөсөн пуужингаар сөнөөсөн гэдгийг бид мэднэ. Онгоц Украйны пуужингаас хамгаалах систем тухайн үед ажиллаагүй байсан, хэт даврагчдын хяналтанд байдаг бүсд унасан. Тиймээс л энэ үйл явдалд Владимир Путин, оросууд буруутай гэсэн дүгнэлтэнд бид хүрсэн” хэмээн Цагаан Ордны хэвлэлийн төлөөлөгч Жош Эрнест мэдэгдэж байсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!