Женналин Сентино нэртэй охиныг Филиппиний 100 сая дахь иргэнээр тодруулжээ. Охин долдугаар сарын 27-ны шөнө мэндэлсэн бөгөөд түүнтэй хамт энэ шөнө тус улсын эмнэлгүүдэд нийт 100 хүүхэд шинээр төрсөн байна.
Женналиний аав нь 45 настай, Клименте Сентино жолоочоор ажилладаг. Харин ээж нь энэ жил 27 хүрч буй Дайлин Сабигаян. Тэд гэрлэлтээ батлуулаагүй, нэг үгээр албан ёсоор гэр бүл болоогүй ч хүүхдээ төрүүлэхээр шийдсэн гэнэ. Гэхдээ тэд тун удахгүй гэрлэнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа аж. Климентогийн хувьд жолоо мушгиад эхнэр, охин хоёроо өлсгөхгүй аваад явж чадна хэмээж буй аж.
Филиппиний засаг захиргаа хүн амаа өсгөхгүй байх бодлого барьдаг ч энэ нь шашны зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгардаг. Тус улсын нийт хүн амын 80 хувь католик шашин шүтдэг бөгөөд энд Римийн католик сүм тун нөлөөтэй.
Тэд жирэмслэлтийг хүчээр таслан зогсоох нь бурхны өмнө хийж буй том нүгэл хэмээн сурталчилдгаас үүний эсрэг төр засаг ямар нэг бодлого шийдвэр гаргахад амаргүй байдалд байдаг юм.
Филиппиний хууль тогтоогчид бүтэн арван жил хэлэлцэж байж дөнгөж өнгөрсөн дөрөвдүгээр сард ядуу давхаргынханд бэлгэвч хэрэглэхийг зөвшөөрсөн хууль баталж чадсан байна. Тус улсын нийт хүн амын 25 хувь нь нэн ядуу гэсэн ангилалд хамаардаг аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!