• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ш.Баярсайхан: Ухаалаг төргүй Монгол Улсын ирээдүй үнэхээр бүрхэг байна

Д.Энхтүвшин
2014 оны 6 сарын 23
MorninigNews.mn
Зураг зураг
“Номин Холдинг” ХХК-ийн ерөнхийлөгч Ш.Баярсайхан

Монголын бизнес эрх­лэгчдийн дээд хэмжээний уулзалт 19-21-ний өдрүүдэд болж өнгөрөв. 

Өнгөрсөн баасан гарагт Их тэнгэрийн аманд болсон чуулганы хоёр дахь өдрийн ерөнхий илт­гэлийг Монгол Улсын Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж тавьж, түүний дараа асуулт хариулт өрнөсөн юм. Хувийн хэвшлийнхэн өөрс­дийн ажилд саад болж байгаа төрийн хүнд суртал, авлигач түшмэдүүдийн ту­хай бодитой асуулт асууж Ерөнхийлөгчөөс хариултаа авцгаасан юм. 

Энэ удаагийн асуулт хариултад “Номин Хол­динг” ХХК-ны ерөн­хийлөгч Ш.Баярсайхан, НИТХ-ын төлөөлөгч, “Сэр­гэн мандалт” группын ерөн­хийлөгч Б.Төмөрчулуун нар хамгийн идэвхтэй оролцсон. 

Хуралдааны завсар­лагаанаар “Номин Холдинг” ХХК-ийн ерөнхийлөгч Ш.Баярсайхантай уулзаж ярилцав. 

-Сая Монгол Улсын Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж тавьсан илтгэлдээ хувийн хэвшлийг бүх талаар дэм­жих хууль эрхзүйн орчныг яаралтай цэг­цэлнэ гэлээ. Олон жил биз­нес хийж жаргал, зовлонг нь эдэлсэн хүний тань хувьд асуухад ер нь Монголд бизнес эрхлэхэд тийм хэцүү байдаг юм уу. Ялангуяа хууль эрх­зүйн орчны хувьд?

-Урьд нь бид худал­дааны татвартай байсан. Тэр бол хам­гийн амар­хан, ойлгомжтой хууль эрхзүйн орчин байж, асуудал нааш­тай явж байтал 1998 оноос түүнийгээ өөрчлөөд Ху­дал­дааны татвар руу оруул­чихсан. Хамгийн гол нь тийм механизм сон­госон бол хэрэгжүүлэх л ёстой. 

Үндсэндээ 16 жил худалдааны татварыг халж, Нэмэгдсэн өртгийн албан татвар хэрэгжүүлэх гэж оролдсоор байгаа боловч тат­варыг төл­дөг нь 800 мянган бизнес эрх­лэгч, аж ахуйн нэгж байдаг юм билээ. Энэ бол Татварын ерөнхий газрын даргын хэлсэн тоо юм шүү. 

Харин тэднээс 20 мянга нь л НӨАТ төлөгчөөр бүртгэлтэй байдаг гэсэн. Хачирхалтай тоо байгаа биз. Энэ чинь ердөө л хоёр хувь хүрэхгүй нь гэсэн үг л дээ. Тэгэхээр хоёрхон хувь нь НӨАТ төлж байгаа нь тэдэнд учирч байгаа хамгийн их зардал, дарамт байгаа юм. Өөрөөр хэлбэл юу ч зарлаа гэсэн 10 хувийг нь зүв зүгээр л улсад төлөөд байгаа хэрэг. Харин төр өнөөдөр биднээс авсан тэр 10 хувиараа л амьдарч байна. Тэгээд ч өнөөдөр хувийн хэвш­лийнхэн улсын төсвийн 80-90 хувийг бүрдүүлж өгч байгаа. 

 Ашгийн татвар нь гурван тэрбумаас дээш орлоготой бол 25 хувь ч гэх шиг ийм нэг алаг үзсэн, татвараар дарамталсан юмнуудаа л болиоч ээ гэж гуйх, шаардах хэлбэрээр асуудлаа яриад л явж байна. 

Тийм учраас өнөөдөр Монгол Улсыг нуруундаа үүрч яваа тоотойхон хувийн хэвшлийнхнээ анхаарч үздэг, бас нэг жаахан учир­тай ханд­даг байгаач ээ л гэж хэлээд байгаа юм. Бидний чадамж, боломж өндөр байж гэмээнэ л Монгол Улс хурдан хөгжинө. Ийм ч учраас бидний тавиад байгаа үндсэн шаардлага бол буцаагаад Худалдааны тат­­вар­тай болгооч ээ гэсэн л ганцхан хүсэлт юм. АНУ худал­дааны татварыг ягштал баримталж явсаар байгаад л үсрэнгүй хөгжсөн шүү дээ.

Энэ талаарх санал бодлоо Ерөнхий сайд болоод бусад сайд дарга нарт тавьсан. Тэгсэн ч одоо гарч байгаа хуульд нь бас л нөгөө босго гэгч зүйл явж л байна. Нэг ёсондоо бизнес эрхлэгчдээ алаг үзэж байгаа хэрэг юм л даа. Ашгийн татвар нь гурван тэрбумаас дээш орлоготой бол 25 хувь ч гэх шиг ийм нэг алаг үзсэн, татвараар дарамталсан юмнуудаа л болиоч ээ гэж гуйх, шаардах хэлбэрээр асуудлаа яриад л явж байна. 

-Өргөн хэрэглээний барааг НӨАТ-аас чөлөө­лөхөөр болж байгаа нь ялангуяа танай ком­панид ихээхэн хөнгөлөлт үзүүлж байгаа хэрэг биш үү? 

-Гурил, будаа, сүү, сүүн бүтээгдэхүүн, үр тариа, мах, махан бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлнө л гэж байна. Тэгсэн мөртлөө хам­гийн гол нь ху­далдаачдаас чөлөөлөхгүй гэж байгаа юм. Харин тэр бараанууд чинь худал­даачдаар дамжихгүй, хаа­гуур нисээд ард түмний гар дээр буучих хэрэг вэ. Энэ олон үйлдвэрээ дэлгүүр болгох юм уу. 

Тэртэй тэргүй өнөөдөр хэдэн арван мянган дэлгүүр ажиллаж л байна шүү дээ. Монголын төр ийм харалган, гэнэн байж болохгүй л дээ. Дарга нар үнэндээ НӨАТ-ынхаа нарийн утгыг нь ерөөсөө ухаж ойл­гохгүй байна. Аль эсвэл тат­вараа дав­хар­дуулж авах зо­рилго, чиглэл яваад байдаг юм болов уу. Энэ мэтийн шударга бус хуулиудаа цэг­цэлж, зөв дэвсгэр суурьтай л болох хэрэгтэй байна.

Бүгдээс нь татвараа шударгаар авдаг, бүгдэд Монгол Улсын хууль дүрэм зөв шударгаар үйлчилдэг, аливаа гэрээ хэл­цэл нь тууштай залгамж халаатай байдаг болох юм бол гадаадын хөрөнгө оруу­лагчид тэртэй тэргүй буцаад л ороод ирнэ. Хувийн хэвшил ч аяндаа хөл дээрээ босоод л ирнэ. Өнөөдөр бүх юм эсрэгээрээ байгаа учир Монгол Улс бизнес хийх орчны хувьд дэлхийд их хойгуур орж байгаа. 

-“Номин Холдинг” ХХК өнөөдөр хэдэн салбарт үйл ажил­лагаа явуулж, хэч­нээн хү­ний амьдралыг авч явна?

-“Номин Холдинг” групп өнөөдрийн байдлаар 5000 га­руй хүнийг ажлын байраар хангаж, амьдрал ахуйд нь тус нэмэр болж байна. Улсад жилдээ 50 тэрбум төгрөгийн татвар төлж байгаа ч энэ жилийн тухайд улс орны эдийн засаг, санхүүгийн байд­лаас шалтгаалан 5-10 тэрбумын алдагдалтай ажиллах тооцоо гарч байгаа.

Гадаадын хөрөнгө оруулагчид гарч яв­сан, улстөр, эдийн засгийн тогтворгүй байдал зэрэг үндсэн хэдхэн шалтгаанаас болоод жишээ нь манай компанийн үйл ажил­лагаа ингэж огцом донсолж байна. Бид татвараа хэчнээн шударгаар төлөөд үлдсэн 98 хувь нь НӨАТ-аас бултаж зуг­таагаад байхаар дэвсгэр хөрс нь яаж зөв шударга явах вэ дээ. Бид энэ дарга нарт бизнесийн орчныг яаж зөв зохистой байлгах талаар зөвлөгөө өгөх, худалч хүнд хичээл заах гээд хүлээж авдаггүй.

Жишээ нь 50 тэрбумын татвар төлдөг манай компанийн санал бод­лыг сардаа таван минут гаргаад сонсож, харилцан ярилцдаг байж болно оо доо. 200 тэрбумийн татвар төлдөг компанийн төлөөллийг сар­даа хоёр цаг гарган хү­лээж авч уулздаг байж яагаад болохгүй байна аа.

Топ-100 аж ахуйн нэгжийн хувьд татвараас ямар нэгэн аргаар зугтая, бултая гээд байх нь үнэндээ бага шүү дээ. 

-Удахгүй батлахаар дун­шиж байгаа Санхүүгийн өр­шөөлийн хуулийн талаар та ямар бодолтой яваа вэ. Энэ нь нэг талаар нөгөө л НӨАТ-аас бултаж, зугтдаг 98 ху­вийнхны толгойг илж байгаа явдал биш үү? 

-Энэ өршөөлийн хууль бол үнэхээр цагаа олсон, маш чухал хууль мөн. Яагаад гэ­хээр НӨАТ-аас зугтдаг нө­гөө 98 хувийнхан цаашид нэг жаахан нойр, хоолтой, сэтгэл амар амьдрах боломж нээгдэх учиртай юм л даа. Энэ бол зөвхөн Монгол Улсад байдаг хууль биш л дээ, дэлхий даяар хэрэглэгддэг маш чухал хууль гэж ойлгох хэрэгтэй. 

Өршөөлийн хууль батлагд­санаар далд байгаа ихээхэн мөнгө ил гарч, олон улсаас мөнгө орж ирэх хандлага бий бол­но. Гэхдээ энэ хуулийг гаргахдаа “Төлөөд байсан нь үнэхээр тэ­нэг байж, төлөөгүй бултаад явсан мөн ч овжин, сэргэлэн байжээ” гэсэн байдлаар хандаж хэрхэвч болохгүй.

Хүн амын орлогын албан татвар ч юм уу, Аж ахуйн нэгжийн албан татвараа төлчих. Өөрөөр хэлбэл 100 саяыг төлөөд л цаана нь 900 саяыг цэвэрхэн болгочих гэх жишээний аргачиллаар л энэ хуулийг гаргах нь хамгийн зөв, шударга болно.

-Ухаалаг төрийн тухай дээр дооргүй л ярьцгааж байна. Харин төр ухаалаг шийдвэр гаргах, хувийн бизнесийг дэмжих тал дээр жишээ нь танай компанийн хувьд үйл­чилж чадаж байна уу? 

-Монголчууд цэнгэлийн манлайд хэзээ хүрэх вэ гэдэг нь төр ухаалаг байхаас л гол нь шалтгаална. Бидний хувьд урьдах ажлаа чадлаараа хийгээд, татвараа цаг тухайд нь төлөөд л явж байна. Одоогоор төр ухаажиж, өөрт ногдсон ажлаа аятайхан хийгээд байгаа юм үнэхээр алга. 

Ер нь Монгол Улс ингэж их татвар төлдөг улс байх ёстой ч юм уу, үгүй юу. Аль эсвэл Гонконг шиг чөлөөт бүс болох ч юм уу. Орос, Хятад хоёрын хооронд ганзгын наймаа хийж л босч ирсний хувьд энэ хоёрынхоо хооронд худалдаа наймаа хийдэг, дэлхийтэй холбогдсон чөлөөт бүсийг жинхэнэ утгаар нь байгуулж болдоггүй юм уу.

Ийм ийм томоохон ухаалаг бодлого гарган ирж, зоригтой өөрчлөн байгуулалт хийхгүй энэ маягаар сон­гуулиас сон­гуулийн хоо­ронд популизм хийгээд яваад байвал магадгүй Мон­гол Улс эдийн засаг, санхүүгийн хувьд аль нэг орон, санхүүгийн байгуул­лагуудаас хараат болохыг ч үгүйсгэхгүй. 

Өнөөдөр дэл­хийн эдийн засаг цэцэг­лэн хөгжиж байхад Монголын эдийн засаг эсрэгээрээ эл­гээ­рээ хэвтэхэд ойрхон байна. 

-Монголын төр “Номин Холдинг” ХХК-ийн Их тэн­гэрийн аманд ажиллуулж байсан цэцэрлэгийг нь хүчээр булаан авч, төмөр нүүрээ харуулсан. Энд нөгөө л ухаалаг төрийн цараа дутагдаад байна аа даа?

-Энэ бол ухаангүй төрийн хамгийн бодитой жишээ. Харамсалтай нь ийм жишээ хэдэн мянгаараа байгаа. Уг нь 2004 онд төр өөрөө хүсээд л балгас болж, тас хөлдчихсөн байсан бай­шингаа түрээслүүлье гэсэн зарыг хэвлэл мэдээллээр зар­ласан шүү дээ. Гадна, дотны олон бизнесмен, аж ахуйн нэгж очиж үзээд тоолгүй хаячихсан нөгөө балгасыг нь бид авч үнэхээр асар их өөрчлөлт, шинэчлэлт хийсэн. Анх бай­гуулсан гэрээг гурав дахин өөрчилсөн. Тухай бүрт нь бид төрдөө итгэдэг ч гэдэг юм уу, аажуу тайван хандаад явсан. 

Төрийн тусгай хамгаалалтын га­зар, Тагнуулын ерөнхий газрынхан энэ ажлыг миний татварын мөнгөөр цалинждаг 10 хүнээр хийлгэж, сүүлдээ намайг гэр рүү минь ч оруулахаа больсон.

Гэтэл өнөөдөр төрийн мөнгөө­р угжуулсан тусгай хам­гаалалтынхан биднийг нохой шиг хөөж байна. Ямар ч шүүхийн шийдвэргүйгээр улаан цагаандаа гарсан дээрэм хийж байгаа. Төрийн тусгай хамгаалалтын га­зар, Тагнуулын ерөнхий газрынхан энэ ажлыг миний татварын мөнгөөр цалинждаг 10 хүнээр хийлгэж, сүүлдээ намайг гэр рүү минь ч оруулахаа больсон.

Ингэхээр өнөөдөр Монгол төрд ху­вийн хөрөнгө оруулалтыг хамгаалдаг хууль эрхзүйн орчин үнэндээ алга байна. Төр ухаалаг байж чадахгүй байгаагаас шалтгаалан Мон­гол Улсын ирээдүй тун бүрхэг байна. 

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг