Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Хаяж байгаа хог нь онгон байгалийн үнэ цэнийг ҮГҮЙ болгож байна"

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 6 сарын 18
iKon.MN

- Бурууд нүд хурц -

Монгол Улсын хөгжлийн түлхцэд нөлөөлөх нэг салбар яах аргагүй аялал жуулчлал гэж тодорхойлоод байгаа ч энэ чиглэлд хийгдэж байгаа дорвитой ажил ер алга.

Өөрөөр хэлбэл, жуулчдыг татах гоц гойд зүйл хуруу дарам цөөхөн хэвээр л байна. Өнөөдөр хувийн хэвшлийн тоотой хэдхэн компаниуд л манай улсын аялал жуулчлалын салбарын нүүрийг тахалж, жилээс жилд цөөрч байгаа жуулчдын цувааг сааруулах гэж арга ядаж сууна.

Улаанбаатар хотоос 54 км-ийн зайд, байгалийн сайхан цогцолсон Цонжин болдогт Чингис хааны морьт хөшөөг босгоод хэдэн жилийн нүүр үзлээ.

Үнэндээ энэхүү бүтээн байгуулалт л өнөөдөр жуулчдыг татах нэг шалтгаан болж байгаа гэхэд хилсдэхгүй.

Мөн дотоодын жуулчдын тоог ч өсгөсөн. Харамсалтай нь манайхан сайхан зүйл үзэж харлаа гээд түүнийг хайрлах сэтгэлгүй аж. Хаана ч очсон сурсан зангаа гээлгүй хамаа намаагүй хог хаядаг гаж зуршилаа зассангүй.

Байгалийн сайханд амарч зугаалсаны эцэст идэж уусан зүйлсийнхээ сав баглаа, шил лонхыг тэр чигт нь тэндээ орхидог хэвээр л.

Энэхүү ухамсаргүй үйлдлийн харгай Улаан чулуутын хогийн цэгийг Цонжин болдогт нүүлгээд ирэв үү гэхэд ойрхон болжээ.

Чингисийн морьт хөшөөний хойгуур урсах Туул голын хөвөө тэр чигтээ хогонд даруулж, амарч зугаалахад тун бэрх болсон төдийгүй очоод суучих эрэг тойром, зүлэг ногоо ч олдохоо байж.

Цонжин болдогт зочилсон хэн ч морьт хөшөөний сүрлэг сайхныг шагширч шогширч байгаад л явдаг.

Гэсэн атлаа энэ сайхан байгууламжийн ойр тойромд амсхийгээд буцахдаа бий болгосон хогоо цэвэрлэчихээд, аваад явдаггүй юмаа гэхэд  үгүй ядаж хогийн саванд хийчих сэтгэл манайханд дутмаг байгаа нь дэндүү харамсалтай.
 


Америк залуу Эдуардогийн яриа

Морьт хөшөөг сонирхож явсан америк залуу Эдуардогийн ярьснаар бол монголчууд хэзээ ч замаа засаж чадахгүй, хогоо цэвэрлэж барахгүй гэнэ. Яагаад ийм бодолтой болсныг  лавлахад түүний найз нь Монголд ирэхээс нь өмнө ийнхүү хэлсэн бөгөөд өөрийн нүдээр үзээд үнэн гэдэгтэй санал нийллээ гэсэн юм. 

Түүнчлэн тэрбээр хэлэхдээ "Чингисийн морьт хөшөө үнэхээр сайхан сүрлэг, сэтгэл сэргэм юм. Миний үзсэн гайхамшгуудын нэг яах аргагүй мөн. Харин надтай хамт автобусаар ирсэн танай иргэдийн тухайд найрсаг сайхан харилцаатай боловч хаяж байгаа хог нь энэ сайхан онгон байгаль, энэ сайхан сүрлэг хөшөөний үнэ цэнийг үгүй хийж байгааг ойлгохгүй юм" хэмээсэн.