АН-ын бүлэг Х.Тэмүүжингээ ч авч үлдэнэ, "давхар дээлээ ч тайлахгүй"
УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр 23.00 цаг хүртэл хуралдсан байна. Тэд ингэж өдөржингөө хуралдсан хурлаараа зарчмын зөрүүтэй олон санал дээр нэгдсэн байр суурьт хүрчээ.
Тухайлбал Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулахгүй байх шийдвэрт хүрсэн байна. Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ, ЗГ-ын гишүүний албыг давхар хашихгүй байх хуулийн төслийг 2014 оны долоодугаар сарын 1-нээс бус анх оруулж ирсэн төслийн хүрээнд буюу 2016 оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх байр суурьт нэгдсэн байна.
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт хуралдсан Хяналтын ерөнхий хорооны шийдвэр буюу УИХ-ын гишүүн Р.Бурмааг намаасаа хөөх мөн үлдсэн гурван гишүүн болох Х.Баттулга, М.Зоригт, Ж.Батзандан нарын асуудлыг хэлэлцсэн байна. Ингэхдээ тэд энэ дөрвөн гишүүнтэйгээ ойлголцож ажиллах шийдвэрт хүрчээ.
Яг одоо Ерөнхий сайд Н.Алтанхуяг өрөөндөө УИХ-ын гишүүн Х.Баттулгатай уулзаж байна. Тэд өчигдөр бүлэг дээр хэлэлцсэн асуудал дээрээ тусгайчлан дахин хэлэлцэж байгаа бололтой.
АН-ын дарга Н.Алтанхуяг өрөөндөө Х.Баттулгын дараагаар УИХ-ын гишүүн Р.Бурмаа, М.Зоригт, Ж.Батзандан нарыг нэг нэгээр нь хүлээн авч уулзах юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!