Уншиж байна ...

iPhone 17 бүтээгдэхүүний ачаар Apple компанийн орлого огцом өсөж, түүхэн дээд хэмжээндээ хүрчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 55 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Apple компани өнгөрсөн улирлын санхүүгийн тайлангаа хөрөнгө оруулагчдад танилцуулахад орлого нь жилийн өмнөхөөс 16 хувиар өссөн нь харагджээ.

Энэ бол Уолл Стритийн шинжээчдийн таамаглаж байсан хэмжээнээс хол давсан үзүүлэлт юм.

“Apple компани $143.8 тэрбумын орлоготой, түүхэн дээд өсөлттэй, гайхалтай улирлын үр дүнг танилцуулж байгаадаа баяртай байна” гэж тус компанийн гүйцэтгэх захирал Тим Күк мэдэгджээ.

“iPhone бүтээгдэхүүн бүх зах зээлд дээд амжилт тогтоож, урьд өмнө байгаагүй өндөр эрэлттэй байсан тул түүхэндээ хамгийн шилдэг улирлыг өнгөрөөлөө” гэж тэр цааш нь өгүүлсэн байна.

Шинжээчид Apple компанийн өнгөрсөн улирлын орлогыг $138.4 тэрбумд хүрэх урьдчилсан тооцоо гаргаж байсан юм.

Жил бүрийн сүүлийн улирал нь олон баяр ёслол, шинэ бүтээгдэхүүний танилцуулгатай холбоотойгоор тус компанийн хамгийн өндөр орлоготой үе байдаг.

2024 оны сүүлийн улиралд Apple компани $124.3 тэрбумын орлого олж байжээ.

Зөвхөн iPhone бүтээгдэхүүнийх нь орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 23 хувиар өссөн байна.

Ялангуяа Хятадын зах зээлд iPhone 17 загварын эрэлт төсөөлснөөс өндөр байж, жилийн өмнөх мөн үеэс 38 хувиар өсжээ.

Apple компанийг 2026 онд анхны эвхэгддэг iPhone загвараа танилцуулж магадгүй гэсэн цуурхал тараад байгаа.

Сүүлийн жилүүдэд шинжээчид бас тус компанийн хиймэл оюуны технологийн салбарт хийх алхмыг анхааралтай ажиглаж байлаа.

Энэ сарын эхээр Apple өөрийн дуу хоолойн туслагч Siri-ийн шинэчилсэн хувилбарт Google-ийн Gemini хиймэл оюуны загварыг ашиглаж эхэлснээ зарласан юм.

 

Эх сурвалж: Associated Press