Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

ЖАМУХ нь хэн юм бэ?

Ч.Болортуяа
2014 оны 4 сарын 28
iKon.MN

Улстөр дэх хачин жигтэй өдрүүд үргэлжилсээр... 

Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулахгүйн тулд жагсаал, цуглааны шинж чанартай зүйл ч болоод өнгөрөв. Нөгөө талд чухам хэн түүнийг огцруулахыг ингэтлээ их хүсч байгааг нийгэм таасаар л сууна. Учир нь тэрбээр олон нийтийн сүлжээнд алдаршаад буй "Сумаа харвачихаад нумаа нуудаг хүмүүс... Нэг сумыг таван нумаар харвадаг л юм байна" хэмээх үгээ УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Х.Баттулга нар руу хандан бичсэн нь Х.Тэмүүжинг огцруулах хүсэл энэ хоёрт байна гэж таахад хүргэсэн билээ.

ТЭР БҮГДИЙГ ХЯНАЖ БАЙГАА ГЭДГЭЭ БАТАЛЛАА

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад эмчилгээнд яваад ирснийхээ дараа анх удаа телевизэд ярилцлага өгөв. Тэрбээр хүн бүхний анхаарлын төвд байсан Х.Тэмүүжин сайдтай холбоотой хэдэн жиргээ нисгээд түүнийг нь олон түмэн янз бүрээр тайлбарлаж эхэлсэнтэй холбоотойгоор энэ бүгдийг өөрийн амаар тайлбарласан дээр гэж үзсэн бололтой. 

Энэ ярилцлагаас Ерөнхийлөгчийн амнаас нэг үг хэдэнтээ унасан нь өөрийн эрхгүй анхаарал татав. Тэр нь "чадахгүй бол өргөдлөө өгчих". Тийм ээ. Ерөнхийлөгчид өнөөдөр бүх биш юмаа гэхэд бараг л ихэнх эрх мэдэл байгааг тэр энэ үгээрээ батлав. 

Аргагүй биз. Хууль шүүхийн толгой агентлагуудад хэн очихыг тэр л шийдэж буй. 

Түүнийг Х.Тэмүүжинг унагаах ажиллагаанд оролцож байна гэж хардах хүмүүс ч цөөнгүй. Харин тэрбээр энэ ярилцлагаараа Х.Тэмүүжинг өмгөөлөхийн дээдээр өмгөөллөө. Гэхдээ өмгөөлөхдөө Х.Тэмүүжинд хэлье гэснээ ч хэлээд авав. Тэрбээр "Энэ бол Х.Тэмүүжинд сургамж болоод үлдэнэ, Ноцтой гэдэг нь алдаагаа давтаж байгааг хэлнэ" гэх зэргээр түүнд хандан сэтгэлийн үгээ хэлсэн биз. 

Гэхдээ "алдаа" гэдэг энэ үг одоо ч сонирхол татсаар. Нийгэмд цацагдсан Х.Тэмүүжин сайдын "хормойн" явдлын талаар хэлж байна уу. Эсвэл З.Энхболд даргын хэлж байгаагаас өөр Ерөнхийлөгчийн эрх ашигт хамаарах улстөрийн томилгоог Х.Тэмүүжин эсэргүүцсэнтэй холбоотой тэр ингэж хэлэв үү гэдэг асуулт болон үлдэж байна. 

Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн нийгэмд яригдаж байгаа энэ алдаагаар нь хаацайлан Ерөнхийлөгч өөрийн хүслээ түүнд ингэж шивнэсэн болов уу. 

УИХ-ЫН ДАРГА ЯМАР Ч БАЙСАН ӨӨРИЙГӨӨ ИЛЧИЛЛЭЭ

УИХ-ын дарга З.Энхболд 

З.Энхболд дарга Ерөнхийлөгчийн санаачилсан Засгийн газар, УИХ-ын гишүүний ажлыг давхар хашихгүй байх хуулийг яаравчлан хэлэлцэх сонирхол буйгаа өөрийн үйлдлээрээ илчилсэн. Мөн түүний баяр баясгалантайгаар чуулганаа даргалж байгаа инээмсэглэлийн цаана ямар хэлэлцээ нуугдаж байгаа бүр л их сонирхлыг татна. 

Ямар ч байсан тэрбээр Х.Тэмүүжин сайдын жиргээнд өнгөрсөн амралтын өдөр хариу өгч түүнийг дэмжихгүй байгаа гэдгээ нотоллоо. 

Тодруулбал, З.Энхболд бямба гаригт "Авлигын эсрэг хууль зөрчсөн БГД Цагдаагийн дарга Нанзадын Амарзаяаг ЦЕГ дарга Билэгт ажлаас нь халжээ. Харин түүнийг Х.Тэмүүжин сайд ЦЕГ-ын дэд даргаар томилжээ. Ийм “шинэчлэл” хийгээд байгаа учраас дэмжихгүй байгаа" гэж бичээд хоёр баримт хавсаргажээ. 

Жиргээ:

 

Х.БАТТУЛГА "ЦЭРГҮҮДЭЭРЭЭ" ДАМЖУУЛАН ӨӨРИЙГӨӨ ИЛТГЭНЭ

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга

УИХ-ын дарга З.Энхболд ч өөрийгөө илчилчихлээ. Харин энэ бүхний ард "дуугүй" байгаа хүн бол Х.Баттулга. Түүнийг ингэж онцолж байгаа нь Х.Тэмүүжин сайд өөрөө хандан бичсэн хүний нэг шүү дээ. Өөрөөр хэлбэл нумаа нуусан хүний нэг нь. 

УИХ, ЗГ-ын гишүүн атлаа энэ Засгийн газрыг "унагах" сонирхол буйгаа тэр аль хэдийнээ баталсан. Харин Х.Тэмүүжин түүний анхны "бай" байв уу. 

Хууль зүйн сайдыг огцруулах эсэхэд тэрбээр албан ёсны байр сууриа илэрхийлсэнгүй. Харин түүний "цэргүүдээр" дамжуулж Х.Баттулгын байр суурийг харж болохоор. 

Өнгөрсөн пүрэв гарагийн орой яаравчлан хуралдсан Хууль зүйн байнгын хорооны хуралд оролцож Х.Тэмүүжинг огцруулах шаардлагатай гэж үзсэн АН-ын гишүүд нь З.Энхболд ба МоАХ-ных байв.  Ингээд л асуудал ойлгомжтой. 

 

Р.БУРМААД ЮУ ТОХИОЛДОВ

УИХ-ын гишүүн Р.Бурмаа

Ардчилсан намын Хяналтын ерөнхий хороо хуралдаж Р.Бурмааг намаасаа хөөх шийдвэрийг гаргасан талаар бид мэдээлсэн. Хэрвээ тус намын Гүйцэтгэх зөвлөл энэ долоо хоногт дээрх шийдвэрийг баталгаажуулвал АН-ын мандатаар сонгогдсон Р.Бурмаа УИХ-ын гишүүний суудлаа ч өгөх хэмжээнд хүрэх боломжтой. 

Харин түүний араас жагсаалтаараа ХХБ-ны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээ УИХ-д орж ирнэ. Гэхдээ энэ бүхнийг ярихад эрт ч мэдэж байхад илүүдэхгүй. 

Энэ бүгдээс нэг л асуулт гарч ирнэ. Олон жил сонгууль, сонгогчийн эрхийн талаар ярьж ирсэн Р.Бурмаа намын дүрмээ мэдэхгүй байсан уу. 

Үгүй л байх. Харин мэдсээр байж яагаад тэрбээр засгийг "унагах" үйлдлийг хийв ээ гэдэг бас л сонин. Р.Бурмаагийн улстөрийн уг гарал МоАХ. Асуудал ингээд л тодорхой гэж үзэж болох уу. УИХ-ын суудлаас үнэтэй гишүүнчлэл гэж үү. 

Хяналтын ерөнхий хорооны шийдвэр гарсны дараагаар МоАХ-ын толгойлогч Х.Баттулга өөрийн твиттер хуудасдаа дараах жиргээг оруулжээ. 

Х.Баттулга "За Бурмаа хө суучих.. Тийм ч амар хөөгдөхгүй шүү. Давхар дээл ээ гэж" жиргэжээ. Энэ нь тэрбээр Р.Бурмааг хөөлгүүлэхгүйн тулд нэг зүйл бодож, төлөвлөсөн байгаа гээд байгаа болов уу. 

Түүний жиргээг харвал:

 

ЖАМУХ НЬ ХЭН ЮМ БЭ?

Олон нийтийн сүлжээгээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг нэр нэгтэйгээр нь Их хааны нэрээр буюу Тэмүүжин гэх нэртэй адилтган янз бүрээр хошигнох аж. 

Тэдний хошигнолоор Хууль зүйн сайд нь Тэмүүжин юм бол түүнийг унагах санаа буюу нумаа барьж байгаа хүн нь яг хэн юм бэ. Та бүхэн дээрхээс дүгнэлт хийгээрэй. 

Хаврын улстөрөө гэж...