Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд өнөөдөр зохион байгууллаа.
Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг нийтэд ил болгосныхоо төлөө тодорхой хувь хүн, бүлэг этгээд, аж ахуйн нэгж, албан тушаалтан, засаг захиргааны зүгээс ямарваа дарамт шахалтад өртөх, эрх чөлөөгөө хязгаарлуулах, хувь хүний эрх нь зөрчигдөх, хүчирхийлэлд өртөх улмаар үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүйд хүрэх тохиолдол дэлхий нийтийн хэмжээнд байсаар байна.
Олон улсын судалгаанаас үзэхэд хувийн хэвшлийн салбарт үйлдэгдсэн залилангийн хэргийн 45 орчим хувийг салбар дотроос мэдээлсэн мэдээлэлд тулгуурлан илрүүлсэн байдаг.
Зохисгүй үйлдэл, гэмт үйлдлийг дотооддоо мэдээлэх буюу шүгэл үлээх боломжийг бүрдүүлж, дэмжихийн ач холбогдлыг эндээс харж болно гэдгийг хэлэлцүүлгийн үеэр онцоллоо.
Монгол Улсын хувьд 2002, 2016, 2023 онд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг баталж, мөрдүүлсэн хэдий ч шүгэл үлээгч /мэдээлэгч/-ийн эрхийг хамгаалах эрх зүйн зохицуулалт хангалтгүй байна.
Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Ерөнхий Ассамблейн 2003 оны аравдугаар сарын 31-ний өдрийн 58/4 тоот тогтоолоор баталсан “Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенц”-д Монгол Улс 2005 онд нэгдэн орж, соёрхон баталсан.
Тус конвенцын 33 дугаар зүйлд “Оролцогч улс бүр энэхүү конвенцын дагуу тогтоосон гэмт хэргийн талаарх аливаа баримт нотолгоог сайн санааны үүднээс, үндэслэлтэйгээр эрх бүхий байгууллагад мэдээлж буй аливаа этгээдийг аливаа шударга бус хандлагаас хамгаалахаар заах талаарх зохих арга хэмжээг өөрийн дотоодын эрх зүйн тогтолцоонд нэвтрүүлэн оруулах асуудлыг авч үзнэ” гэж заасан байдаг. Үүний дагуу Монгол Улс шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх үүрэг хүлээсэн.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 181 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 45-д Монгол Улсын Засгийн газар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг санаачлан боловсруулахаар тусгасан.
Дээрх хууль зүйн болон практик хэрэгцээ, шаардлагын улмаас Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, хуулийн төслийг боловсруулсан бөгөөд 2026.01.30-ны өдөр тус хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг төрийн байгууллага, хувийн болон иргэний нийгмийн байгууллага, сонирхогч иргэдийг оролцуулан зохион байгуулж байна.
Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ болон холбогдох албаны хүмүүс оролцож, хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Тус хуулийн төсөл нь нийтийн эрх ашгийн төлөө шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, урамшуулах, түүний эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байна.
Тус хуулийн төслийг 2026 оны хаврын ээлжит чуулганаар УИХ-д өргөн барихаар болсныг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээлсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!