Цахим системээр тендерийг алдаагүйгээр зохион байгуулж, илгээх талаар өнөөдөр сургалт зохион байгуулж байна.
Энэ үеэр Төрийн Худалдан Авах Ажиллагааны Газрын дарга Ц.Батзул "Төрийн худалдан авах ажиллагааны газар тендер шалгаруулалтын www.tender.gov.mn цахим системийн хөгжүүлэлт, ашиглалтыг хариуцдаг.
Тендер шалгаруулалтын цахим систем хэвийн ажиллаж байгаа ч хиймэл буюу зохион байгуулж болох хэт их ачааллаас гацдаг тохиолдол бий. Тухайлбал Үнэлгээний хороо буюу захиалагч байгууллагууд бүх тендерээ Даваа гарагийн 09:00 цагаас нээнэ гээд зарлачихдаг. Манай систем цагт 200 тендер шалгаруулалтыг нээхэд хэвийн ажилладаг. Харин цагт 700 тендер нээх боломжтойгоор хөгжүүлчихээр бусад үед ашиглалтгүй, хэрэггүй хөрөнгө оруулалт болчих гээд байгаа юм.
Иймд Захиалагч байгууллагууд Даваа гарагийн өглөө бус үдээс хойш тендер шалгаруулалтаа нээхээр зарлаж байхыг зөвлөе. Бямба, Ням гарагт лавлагаа гаргадаг байгууллагууд амарчихдаг тул оролцогчгүй тендер шалгаруулалт болж, төр ажлаа алдаж, хувийн хэвшлүүд тендерт оролцож чадахгүй болдог.
Тендерт оролцогчдын системд илгээсэн материалыг нээж үзэх боломжгүй гэсэн дүгнэлтийг Тагнуулын байгууллагаас гарагасан тул оролцогчдын илгээсэн материалыг нээж үзэх боломжгүй гэдэгт итгэж болно" гэлээ.
Тэрбээр тендерт оролцогчдод:
Тендер шалгаруулалтын системд өөр олон систем холбогддог учир бусад систем гацахаар оролцох гэж буй иргэн, ААН-үүд материалаа илгээж чадахгүй нөхцөл үүсдэг. Энэхүү тасралтыг тухай бүрд засдаг ч хүссэн тендертээ бэлтгэсэн материалаа илгээж чадахгүй харамсалтай тохиолдол гардаг. Нээлттэй тендер шалгаруулалт ажлын 15 хоног буюу 21 хоног, харьцуулалтын тендер шалгаруулалтын материалд ажлын тав хоногийн хугацаа өгдөг тул хугацаанаас нэг хоногийн өмнө материалаа илгээж байхыг зөвлөе. Тендерийн цахим системийг гацалтгүй, байнгын ажиллагаатай байлгахын тулд IT-ийн инженерүүд 24 цагаар ажиллаж байгаа ч бусад систем гацсан тохиолдолд тухайн системийг хариуцдаг байгууллага засдаг юм.
Жишээ нь тоон гарын үсэг олгодог МонПасс компани саяхан системээ шинэчилсэн байсан. ААН-үүд тоон гарын үсэг ашигладаг бол өмнө суулгасан системээ устгаж шинээр татаж авч суулгах, тодорхойлолтууд авах гэж байгаа бол хэд хоногийн өмнөөс авч, явуулж байхыг зөвлөв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!