Уншиж байна ...

Венесуэлийн парламент газрын тосны салбараа хувийн хэвшилд нээх хуулийн төслийг дэмжлээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Венесуэл улсын Үндэсний Ассамблей өчигдөр тус улсын газрын тосны салбарт хувийн хэвшил, тэр дундаа гадаадын хөрөнгө оруулагчдыг нэвтрүүлэхийг дэмжсэн агуулгатай хуулийн шинэчлэлтийг баталжээ.

Хуулийн шинэчлэлтэд тус улсын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Дэлси Родригес гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.

Дэлхийн хамгийн том батлагдсан нөөцтэй улс болох Венесуэлийн газрын тосны салбар бүхэлдээ хэдэн арван жилийн турш төрийн өмчит PDVSA компанийн мэдэлд байсан бөгөөд буруу менежмэнт, хөрөнгө мөнгөний гачигдлын улмаас хүчин чадал нь нэлээд доройтоод байгаа.

Тус улсын ерөнхийлөгч Николас Мадурог энэ сарын эхээр төрийн эрхээс зайлуулсныхаа дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн томоохон компаниудад Венесуэлийн газрын тосны салбарт хөрөнгө оруулахыг уриалах болсон.

Гэвч үүнд саад болж байсан ганц зүйл нь PDVSA компанийн монопол байдал байлаа.

2006 онд тухайн үед ерөнхийлөгч байсан Уго Чавесын санаачилгаар баталсан өмнөх хууль Венесуэлийн газрын тосны салбар дахь төрийн хатуу хяналтыг баталгаажуулж байв.

Одоо Каракас, Вашингтоны эрх баригчид хоригт байгаа Венесуэлийн олон арван сая баррель газрын тосыг АНУ-ын зуучлалтай экспортлох арга замыг хэлэлцэж байна.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн мэдээлснээр уг экспортын орлого Катарын банкны дансанд төвлөрөх бөгөөд Венесуэлийн засгийн газар сар бүрийн төсвөө Цагаан ордонд танилцуулсны үндсэн дээр шаардлагатай хөрөнгө мөнгөө татаж байх гэнэ.

 

Эх сурвалж: BBC