Энэ удаагийн "Уран бүтээлч" буландаа УДЭТ- ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Г.Амгаланбаатарыг урилаа.
Тэрбээр энэ сарын 23-нд нээлтээ хийх Урлагийн гавъяат зүтгэлтэн, найруулагч Н.Ганхуягийн "Бүүвэй" жүжгийн гол дүрд тоглож байгаа юм. Ингээд түүнтэй уран бцтээл болон хувийн амьдралынх нь талаар ярилцсанаа хүргэе.
-Энэ жил УДЭТ-ынхан долоон найруулагчийн долоон өөр төрлийн жүжгээр бэлэг барьж байгаа. Харин та хоёр ч жүжгийн гол дүрд тоглож байгаа шүү дээ?
-Тийм ээ.
-"Бүүвэй" уянгын драмын жүжгээр дамжуулж үзэгчдэд ямар мессеж өгөхийг зорьж байна вэ?
-Бусад зургаан жүжгээ бодоход их онцлогтой л доо. Н.Ганхуяг найруулагч маань зохиолоо өөрөө бичсэн. Зохиолоо анх 1980-аад онд үр хөндөлтийг эсэргүүцэж бичсэн юм билээ. Харин өнөө үед үр хөндөлт гэхээсээ илүүтэй эх, үрсийн нандин холбоо, эхнэр нөхрийн ариун журмыг хөндөж гаргасан уянгын жүжиг.
-Тухайлбал?
-Өнөөгийн нийгэмд гэр бүл салалт их байна. Хэдийгээр шалтгаан нь янз бүр ч тодорхой хувь нь нөхөр эсвэл эхнэр нь гадаадад олон жил ажиллаж байгаатай холбоотой. Яалт ч үгүй амьдралаа өөд нь татах, аяга хоолоо олж идэхийн тулд гэр бүлийн нэг нь харийн орныг зорьж байна шүү дээ.
Бие холдохоор сэтгэл холдоно гэж ярьдаг. Яг энэ замаар олон гэр бүл салж байна. Нөгөөтэйгүүр гэр бүл салалт маш хүнд сэдэв. Жүжиг маань энэ сэдвийг хөндөж, нийгэмд тодорхой хэмжээний мессеж, ухаарал өгөхийг зорьсон. Нөгөөтэйгүүр монгол ахуйг харуулсан сайхан жүжиг.
-Таны хувьд яг ямар дүр дээр ажиллаж байна вэ?
-Очирсүрэн гэдэг залуугийн дүрд тоглоно. Амьдралаа өөд нь татах гэж Америкт таван жил ажилласны эцэст эх орондоо ирж байгаагаар үйл явдал өрнөнө. Гэтэл эхнэр нь өөр хүнээс жирэмсэн болчихсон байдаг.
Эхлээд үзэгчдэд ямар хартай залуу вэ гэж харагдах байх. Ийм тохиолдолд ямар ч эр хүн уурлаж, хардана шүү дээ. Гэхдээ эр хүн ноён нуруутай байхаас гадна аливаа зүйлийг уучилж чаддаг ухаантай байх хэрэгтэй. Очирсүрэн бол тийм л уужуу, тайван ухаан, ноён нуруутай залуусын төлөөлөл.
-Дүр дээр ажиллахад ямар нэгэн хүндрэл, бэрхшээл гарч байна уу?
-Үгүй ээ. Бидний амьдралд өдөр бүр тохиолддог зүйл болохоор хүндрэл гараагүй.
-Ингэхэд бэсрэг жүжиг гэдэг утгаараа их цөөхөн дүртэй байх?
-Тийм ээ, таван хүний дүртэй. Жүжигт маань Ардын жүжигчин С.Сарантуяа, жүжигчин Ц.Цэрэнболд, Б.Тамир, Т.Хулан нар тоглож байгаа. Одоогоор жүжгийн бэлтгэл ид явагдаж байна даа.
-Нэлээд завгүй байгаа бололтой?
-Үүнээс гадна театрын Ерөнхий найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатарын «Өчигдөр» хэмээх жүжигт тоглож байгаа. Дүрүүд дээрээ давхар ажиллаж байгаа болохоор зав муутай л байна.
-"Өчигдөр" жүжгийг хоёрхон хүний дүртэй гэж сонссон юм байна шүү?
-Тийм ээ, залуу жүжигчин М.Тогтохжаргал бид хоёр тоглоно. Маш шинэлэг санаатай, өөр хэлбэрийн сэтгэхүйн жүжиг. Үзэгчдэд их зүйлийг ойлгуулах байх. Эхнэр, нөхөр хоёр нэг нэгнээсээ яагаад уйддаг, хүн ямар учраас нууц амрагтай болдог вэ гэдгийг тод томруунаар гаргаж өгнө.
-Танд Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуягтай ажилласнаас найруулагч Н.Наранбаатартай ажиллахад хялбар байдаг байх л даа. Учир нь Төрийн соёрхолт Н.Наранбаатар та хоёр уран бүтээлч гэхээсээ илүү найзууд шүү дээ?
-Ялгаагүй л дээ. Бид адилхан л уран бүтээлчид. Яах вэ, найз нөхөд гэдэг утгаараа амархан ойлголцдог нь үнэн. Гэхдээ ажил, амьдралыг ялгах хэрэгтэй гэж боддог. Тайзан дээр би жүжигчин, Пара маань найруулагч шүү дээ. Найзан дундаа орчих юм бол ажил явахгүй. Нөгөөтэйгүүр найзтайгаа ажиллахад сайхан байдаг. Манай театрын найруулагчид янз бүрийн л ааш аягтай. Бид ч хүнээс үг сонсоод сурчихсан. Ялангуяа манай драмынхан.
-Тийм шүү, уран бүтээлчид үг сонсоод сурчихсан нь ажиглагддаг. Та саяхан өөрийн фэйсбүүк хуудаснаа жүжигчин Д.Шүүдэрцэцэг, мисс Э.Сэлэнгэ нарыг шүүмжилснээс болж багагүй хэл аманд өртсөн санагдана?
-Үнэнийг хэлэхэд миний дургүй хүрсэн л дээ.
-Юунд тэр вэ?
-Тэр хүмүүс бүхий л зүрх сэтгэл, цаг зав, оюун ухаан, мах цус, хөлс хүчээ урсган байж хийдэг ажлыг маань “Жүжиглэх миний хобби” гэж ярьсан. Үүнд нь дургүй хүрсэн. Гэтэл нэг бүтээл ямар их хүч хөдөлмөрөөр төрдөг билээ. Түүнийг ч ойлгоогүй хэсэг хүмүүст зориулж хэлсэн юм.
Ингэж жаахан ч гэсэн цочроо өгөхгүй бол болохгүй шүү дээ. Хэн дуртай нь жүжигчний мэргэжлийг “хобби”-гоороо хийдэг гэж яриад явж болохгүй.
-Гэхдээ нэг кинонд тоглоод ч юм уу, ганц дуу дуулчихаад л өөрийгөө «од» мэтээр бодчихсон залуус тоогоо алдлаа. Нөгөөтэйгүүр тэд урлагийнханы нэр хүндийг унагаад байх шиг?
-Яах вэ дээ, хэн ямар уран бүтээлч вэ гэдгийг цаг хугацаа харуулна шүү дээ. Дээр нь ард түмэн шүүгээд, ялгаад өгнө дөө.
-Сайхан хэллээ. Ингэхэд та УДЭТ-аар овоглоод их удлаа. Миний мэдэхийн л 10 гаруй жил болж байна шүү дээ?
-Театртай амьдралаа холбоод 14 жил болж байна даа.
-Анзаараад байх нь ээ, уран бүтээлчид урлагийн ертөнцийг хатуу, харгис гэж ярьдаг хэрнээ ажиллаад л байдаг. Урлагийн юу нь ингэтлээ татдаг юм бэ?
-Мэдэхгүй юм даа, оноод хэлчих төгс хариулт одоог хэр олоогүй л явна.
-Ингэхэд яаж яваад урлагийн хүн болчихвоо. Таныг хэрэг төвөгт орооцолддог, их сахилагагүй хүүхэд байсан гэдэг?
-Тийм ээ. /Инээв/ Хэл ам таталж, хэрэг төвөг их тарьдаг хүүхэд байсан. Нийгэм маань ч ороо, бусгаа байсан үе шүү дээ. Харин өвөөгөө бурхан болоход л ухаан суусан даа.
-Тэгэхээр өвөөгийнхөө мэргэжлийг өвлөж, хүслийг нь гүйцээх гэсэндээ жүжигчин болсон гэх яриа үнэн байх нь ээ?
-Намайг жүжигчин болоход өвөө маань их нөлөөлсөн. Өвөө маань намайг наймдугаар ангид байхад бурхан болсон. Тэр үед л би “жүжигчин болно” гэж шийдсэн. Өөрөөр өөртөө амалсан. Би чинь өвөөгийнхөө амь нь байсан. Эрх дураараа өссөн. Өвөө дээрээ өссөн болоод ч тэр үү бусад хүүхдийг бодоход ахмад настнаа хүндэлдэг. Бас түүх соёлоо судалж, түүгээрээ бахархдаг. Нэг үгээр үндсэрхэг үзэлтэй болж хүмүүжсэн дээ.
-Ярилцсанд баярлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!