Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Мангалжалав: Хүүгээ сүмод явуулахдаа би зөв юм хийж байна уу гэж бодсон

Н.Лхагвасүрэн, Өдрийн шуудан
2014 оны 4 сарын 3
Өдрийн шуудан
Ч.Мангалжалав: Хүүгээ сүмод явуулахдаа би зөв юм хийж байна уу гэж бодсон

Японы мэргэжлийн сүмогийн 71 дэх аварга Какирюу М.Анандын гэр бүлийнхэн өнгөрсөн долоо хоногт хүүгийнхээ ёслолын арга хэмжээнд оролцоод иржээ.

М.Анандын аав ШУТИС-ийн Эрчим хүчний инженерийн сургуулийн захирал, доктор, профессор Ч.Мангалжалавтай ярилцлаа. 

-Юуны өмнө сүмогийн аварга хүү төрүүлсэн танд баяр хүргэе?

-Баярлалаа. Сүмог бишрэн үздэг, миний хүүгийн түрүүлэх агшинд бидэнтэй адил хөөрөн догдолж суусан бөхөд хайртай монгол түмэндээ баярлаж явдгаа танай сониноор дамжуулж хэлмээр байна.

-Хүүгийнхээ түрүүлэх торгон агшныг үзэх сайхан байх. Ёслолын арга хэмжээ хэр өргөн болдог юм байна вэ?

-Япон хүний соёл, сүмогийн дэвжээний дэг жаяг гэж нарийн юм. Ёслолын арга хэмжээ их өргөн болдог юм байна. Ёкозүна гэдэг үнэхээр нэр хүндтэй сайхан ч цол юм байна. “Энэ эрхэм нэр хүндтэй цолны эзэн бурхны хүү болдог” гэж япончууд үздэг юм байна.

Тийм ч учраас албан ёсны олон арга хэмжээ тасардаггүй юм билээ. Харин Миэ мужийн Исэ сүмд болсон арга хэмжээнд эхнэр бид хоёр оролцож чадалгүй ирсэн. Япончууд түрүүлсэн аваргатай зургаа татуулах гээд зав зай бага гаргасан шүү.

-Танайх хэдэн хүүхэдтэй вэ. Ананд багадаа хэр сахилгагүй байв?

-Залуу байхад олон хүүхэдтэй болохыг хүсдэг л байлаа. Бидний үед цаг хэцүү байсан болохоор олон хүүхэдтэй болох хүслээ гүйцэлдүүлж чадаагүй юм. (инээв) Манайх хоёр хүүхэдтэй. Ананд маань “Хүүгийн том. айлын отгон нь” гэж хэлэхээр тэр их инээдэг юм. Манай хүү 1985 онд төрсөн. Нийслэлийн 31 дүгээр дунд сургуулийг төгссөн юм. Манай хүүхдүүд бусдын жишгээр сурч хүмүүжсэн дээ. Харин 2001 онд Япон орныг зорьж мэргэжлийн сүмогийн “Изүцү” дэвжээний Ояката Сакахожо болон түүний дүү Шикорояма ояката Тэрао нарын шавь болсон юм.

-Бөх удамтай байдаг. Таны удамд бөх хүн байсан уу?

-Би Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул. Миний эхнэр Б.Оюунтөгс. Завхан аймгийн Идэр сумын хүн. Эхнэрийн маань төрсөн ахын хүү Батбаатар гэж сайхан барилддаг хүн байсан юм. Чөлөөт бөхөөр Азийн хоёр удаагийн аварга болж байсан удаатай. Одоо бурхан болсон. Би өөрөө бөхөд их дуртай хүн. Би танд нэг сонин түүх ярьж өгмөөр байна. Бөхийн удам гэхээсээ илүү би нэг сонин түүх ярьж өгөх үү?

-Тэг л дээ. Манай уншигчдад сонин байх байх?

-Манай Оюунтөгсийн эмэг эх нь XX зууны эхэнд Завханы Идэр суманд амьдарч байж. Тэр хөгшин Дилав хутагт Жамсранжавт үйлчилдэг байсан түүхтэй. Хоол ундыг нь хийж, дээл хувцсыг нь оёод дагаад явдаг нэгэн байж.

Дилав хутагт нэг өдөр ‘Та насаараа намайг дагалаа. Одоо хань ижилтэй бол. Би үхээд л өгнө” гэж сануулсан юм гэдэг. Эмэг эх “Надад үр хүүхэд үрчлээд л өгчих” гэж гуйсан гэсэн. Дилав хутагт өөрөө зааж өгнө гэж амлаад тэр нэгэн өдөр Идэр сумын нутгаас нэгэн айлын охиныг зааж өгсөн нь Анандын эмээ байгаа юм.

Дилав хутагтын хэлсэн үг, хийсэн үйлдлээс буцах хүн байдаггүй байсан учир охиноо шууд өгсөн юм билээ. “Танай охин төдийгүй үр удам нь их сайн явна. Санаа зоволтгүй, та нарт ч үр заяана” гэж Дилав хутагт өргүүлсэн хүмүүст хэлсэн юм билээ. Ээжийнх нь удмын түүх ийм байдаг юм. Бид тэр болгон хүнд хэлж ярьдаггүй юм шүү, харин танд хэлчихлээ. 

-Анандыг энэ спортод хөл тавих эхлэлийг хэн нээсэн бэ?

-Манай Анандад сонирхдоггүй спорт, тоглоом гэж ховор. Сагс сайн тоглодог хүүхэд байсан. Ер нь зөвхөн сагс ч биш ширээний теннис, волейбол, хөлбөмбөг, бильярд зэргийг тоглоно шүү дээ. Би боддог юм. Хүүгийнхээ сонирхсон зүйлийг хорьдоггүй, үзэл бодлыг нь сайн дэмждэг, хамтарч спортоор хичээллэдэг байсан нь их нөлөө үзүүлсэн юм болов уу гэж. Гэртээ нэг жижигхэн сагсан бөмбөгийн самбар зоочихно.

Хүүгийнхээ сонирхсон зүйлийг хорьдоггүй, үзэл бодлыг нь сайн дэмждэг, хамтарч спортоор хичээллэдэг байсан нь их нөлөө үзүүлсэн юм болов уу.

Тэрэндээ бөмбөгөө оруулах гээд үзэж тарна аа, бид хоёр. Хөлсөө гартал тоглоно. Монгол айл бүтэн сайн өдөр сайхан банштай цай хийж уудаг даа. Тэгээд л аягаа угаах дээрээ тулахаараа “Хэн бага гоол оруулсан нь угаая” гэж тохирно. Би ялагдсан бол аягаа заавал угаана. Тэр үед хүү маань их гайхаж "Та нээрээ угаах гэж байгаа юм уу” гэж асуудаг. “Ялагдсан л бол ялагдсан” гээд л би ажлаа хийнэ. Хүүд маань энэ мэт байдал нөлөөлсөн гэж боддог юм.

-Анх сүмод барилдахаар олон хүүхэд явсан. Бөхчүүдийн хүүхдүүд явдаг байсан. Анандад ямар боломж олдсон бэ?

-Тухайн үедээ би хүүгээ энэ зэрэгтэй аварга болно гэж санаж байсангүй. 2000 оны дундуур манай улсад Хакаки гэдэг нэр хүндтэй Ояката ирсэн дуулдлаа. Тэр хүн Б.Бат-Эрдэнэ аваргын “Аварга” дээд сургуульд ирээд хүүхэд бүртгэсэн.

Тэгэхдээ 100-гаад хүүхэд бүртгэж аваад 10 баг болгосон юм билээ. Дараа нь баг бүрээс шалгарсан хоёр хүүхдийг нийлүүлж 20 хүүхдийг бэлтгэл хийлгэж сүмод авч явахаар болсон юм. Манай хүү зургаа давж гурав ялагдсанаар шалгарах боломжгүй болсон. Манай сургуулийн лицейд сурдаг байсан хэр нь “Би спортын лидер болно” гэж ярьдаг байсан. Хичээлээ тараад миний өрөөнд ороод ирнэ.

Манай багш нар өхөөрдөн “Энэ бөх болно шүү, хүзүүг нь” гэцгээж тоглоом хийдэг байсан. Одоо бодох нь бөх болох нь харагдаж байсан юм байлгүй дээ. Шалгуураас хойш гурван сарын дараа миний нэг шавь баахан япон сэтгүүл явуулдаг юм байна. Хүү маань тэр сэтгүүлийг нэгд нэгэнгүй үзнэ. Сэтгүүлээс сүмо бөх хараад “Би ийм хүн болмоор байна” гэсэн. Тэр үед би “Сүмо их хэцүү гэсэн. Зоддог, хүч чадал, тэсвэр тэвчээр их шаарддаг гэсэн” гэхэд ‘Та нар хүний хий гэснийг хийхгүй л байхгүй юу. Би хий гэснийг хийнэ” гэж хэлж байсан. Хүү маань ‘Та асууж хөөцөлдөөд өгөөч” гэж гуйгаад болдоггүй. Тэгэхээр нь Спортын төв ордонд очлоо. Бөх мэдэх хүмүүст хандлаа.

Нэрийг нь хэлээд яах вэ. Зарим нь мөнгө хүртэл нэхсэн. Багш хүнд юуны мөнгө байх вэ дээ. Хүү бид хоёр энэ бодлоо орхилоо. Нэг өдөр хүү маань “Би захиа бичье” гэдэг байгаа. Тэгэхээр нь тоглоом хийгээд “Тэдэн см өндөртэй, биеийн жин тэд, сүмод сонирхолтой гээд сэтгэлийнхээ үгийг бич” гэсэн. Тухайн үед нэг их тоолгүй өнгөрсөн.

Хэд хоногийн дараа захиагаа биччихээд ирсэн. Их сайхан үгтэй захиа байсан. Би одоо ч тэр захиаг нь хадгалдаг юм. Тэр захиаг нь япон хэл мэддэг хүнээр орчуулууллаа.

Япон хүний сэтгэлгээ өөр учраас “Сүмогийн дэвжээний төлөө үнэнчээр зүтгэнэ. Байнга өндөрт өргөж явна” гээд л орчуулсан. Дараа нь бэлэн болсон захиагаа хэнд явуулахаа мэддэггүй. Тэгтэл нөгөө сэтгүүлд Сонирхогчийн сүмогийн холбооны утас, хаяг нь байсан байгаа юм. Тэгээд хоёр ч удаа захиа явуулчихлаа. Тэгтэл нэг өдөр хариу ирдэг юм байна. Тус холбооныхон “Изүцү” дэвжээнийхэнд энэ тухай хэлснээр хүүгийн нэрээр захиа иржээ. Тэр үед манай сургуулийн хэмжээнд ганцхан факсын аппарат байсан. Намайг хурал дээр сууж байтал гэнэт хариу ирдэг байгаа. Түүнд “Захидлыг аваад судалж байна. Авах бодол байна. Долоо хоногийн дараа эцсийн хариу гарна” гэсэн байсан.

-Хариуг нь хүлээж удав уу?

-Хүү маань хүлээгээд л. Тэгтэл авахаар болдог байгаа. Явах бэлтгэл хийгдээд бэлэн болтол визийн асуудал хүндэрлээ. Хоёр удаа буцаасан. Ямар үндэслэлээр гэдгээ хэлдэггүй юм билээ. Би ч хүүгийнхээ хүслийг биелүүлэхийн төлөө зүтгээд л байсан. Нэг өдөр Кёкүшюзан Батбаярын аав Даваа гуайтай уулзлаа. Тэр хүн “Би Батбаярт хэлье. Явуулж болох байх” гэж хэлсэн. Тэгээд удахгүй виз нь гарсан даа.

-Ананд багадаа япон хэл сурсан байсан гэж сонссон юм байна?

-Их инээдтэй түүх юм даа. Миний хүү нэг өдөр “Япон хэлний дамжаанд явмаар байна” гэлээ. Төлбөр нь 10 мянга л байх болов уу гэж бодоод зөвшөөрсөн юм. Сонирхсон зүйлээ тасална гэж байдаггүй учир яваад л байна. Нэг мэдсэн коничива, соянаратайгаа болчихож. Нэг өдөр төлбөр нэхээд “60 мянган төгрөг” гэдэг байгаа. Их сургуулийн багш хүнд яаж тийм их мөнгө байх юм. Ярилцаад яах ч арга алга. “Миний хүү бултаарай” гэж хэлсэн.(инээв) Гудамжинд явж байхад нь нэг эмэгтэй “Ананд аа, чи төлбөрөө төлөхгүй байлаа ч хичээлдээ явах ёстой” гэж орилсон гэсэн. Инээдтэй байгаа биз. Ингэж л хөглөж явсан хоёр доо.

-Ананд Япон явахдаа хэдэн настай байсан бэ?

-Тухайн үед их л юм бодогддог юм билээ. Насанд хүрээгүй 16 настай хүүгээ би хааш нь явуулж байна даа. Би зөв юм хийж байна уу гэж эргэлздэг л юм билээ. Хүү маань ч хилийн дээс дээр очоод зогсчихсон. Хоёулаа бодол болсон улс яахаа мэддэггүй. Яг тэр үед хүүгийнхээ араас бага зэрэг түлхээд “Миний хүү яв даа” гэсэн.

-Явуулсны дараа санаа их л зовсон байх даа?

-Гурван cap ямар ч хэл чимээ ирээгүй. Гэтэл нэг өдөр дэвжээнийх нь багшийн эхнэрээс гаргацтай нь аргагүй бичсэн захиа ирсэн. “Хүү чинь сайн байгаа. Бэлтгэлээ сайн хийдэг, санаа зоволтгүй” гээд бичсэн байсан. Бид тэр захиаг аваад их баярлаж билээ.

-Та нар хүүгээ өнгөрсөн сарын башёд түрүүлэхийн өмнө Японд очсон уу?

-Бид гуравдугаар сарын 15-нд очсон. Анх манай бөхчүүд эн тэнцүү барилдаж байсан. Тэгээд л Хакүхо М.Даваажаргалыг унангуут шууд Япон явсан.

-Хүүгийнхээ барилдааныг дэргэдээс нь харахад ямар байв?

-Зурагтаар харах, орчинд нь очоод дэргэдээс нь, үзэх хоёр мэдээж эрс ялгаатай. Сэтгэл хөөрөөд дээд цэгтээ хүрсэн байх. Их баярладаг юм билээ. Миний хүү олон аавын хүүхдийн шантарч, буцаж байсан давааг даваад оргилд нь хүрлээ гэж бодохоор баярлахаас аргагүй. Үгээр хэлэхийн аргагүй юм билээ. Харин би нулимс унагаагүй.

Миний хүү өмнө нь түрүүлэх боломжоо хоёр удаа атгаад алдсан хүн шүү дээ. Баяр, жаргалтай үйл явдлыг нулимсаар угтаад яах вэ гэж бодсон. Харин нэг зүйл хэлмээр санагдлаа. Ялалтаас илүү ялагдлын агшин хамгийн хэцүү. Би хүүгээ ялагдал хүлээхэд нь үнэхээр их шаналсан. Тэр үе ямар гэж хэлэхийн аргагүй мэдрэмж төрдөг юм билээ.

-Сүмогийн холбооны ёслолын арга хэмжээ удаан үргэлжилдэг гэсэн?

-Ямар их нэр хүндтэй байдгийг анзаарсан. “Бурхны хүү” гэж үздэг юм билээ, япончууд. Хамаагүй ойртохгүй, их ёс заншилтай хүмүүс юм. Сүмогийн холбооны гишүүдийн ихэнх нь Японы нэр хүндтэй, алдар цуутай хүмүүс байдаг юм байна. Тэд гаргасан амжилтыг нь сонсоод шууд шийдвэрээ л хэлнэ. Их зохион байгуулалттай, нарийн дэг журамтай арга хэмжээ болдог. Хүү маань уг нь эх орондоо хамт ирэх байсан юм. Гэтэл арга хэмжээ нь дуусдаггүй. Албан болоод албан бус арга хэмжээ тасрахгүй юм билээ. 

Хүн бүр “Танд баяр хүргэе” гэх юм. Бараг л би амжилт гаргасан юм шиг болоод байна.

-Анандын сүмод үзүүлсэн амжилт их үү?

-Манай хүү өнгөрсөн 10 жилийн хугацаанд комүсүби цолыг гурван удаа. Сэкивакэ цолыг зургаан удаа, техниктэй бөхийн шагналыг долоон удаа, дайчин барилдааны шагналыг хоёр удаа авсан юм билээ. Сүмогийн мэргэжилтнүүд “Өдрөөс өдөрт өсч байгаа ирээдүйтэй залуу хүчтэн” гэж үнэлсэн байна билээ. Мөн 2012 оны Хацү башёд амжилттай барилдаж озэки цол хүртсэн.

-Анандад гавьяат тамирчин цол олгох болов уу. Энэ талаар чимээ сураг байна уу?

-Цол хэргэм гэдэг авах, өгөх ёстой бол цагаа ирэхээр авч л таараа. Одоо тэр тухай бодох, хүсэх юм алга. Харин Сүхбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгчид гавьяат тамирчин цол олгох тогтоол гаргаад ирүүлсэн байна билээ. Аймгийн төвд залуус жагсаал зохион байгуулсан гэсэн. Тэр бүү хэл манай Асгатынхан найрлаад маргааш нь босох тэнхээтэй хүн цөөн байсан гэсэн шүү. (инээв).

-Хүү тань эх орондоо хэзээ ирэх вэ?

-Бидний зоргоор ирж очиж болохгүй юм билээ. Долдугаар сард ирэх санаа байгаа.

-Анандад үерхдэг найз бүсгүй байдаг болов уу. Танд мэдэгдсэн юм байдаг уу?

-Би чинь өвөө болсон хүн шүү дээ. Охин хүүхдийг өсгөж хүмүүжүүлэх гээд өвөөгийн үүрэг их ээ (инээв). Хүүд маань яг одоо үерхдэг охин байхгүй байх аа. Танилцаж үерхсэн ганц нэг охин байсан. Тэгэхдээ нэг их дотносоогүй байх.

-Таныг Улаанбаатарт онгоцноос буухаас эхлээд хүмүүсийн хандлага өөр болж байна уу?.

-Би хуучнаасаа өөрчлөгдөх гэж юу байх вэ дээ. Хамгийн түрүүнд л хэвлэл мэдээллийнхэн угтаж авлаа даа. Харин сониноос танайх надаас анх ярилцлага авч байх шив дээ. Хүн бүр “Танд баяр хүргэе” гэх юм. Бараг л би амжилт гаргасан юм шиг болоод байна. Хүү маань энэ удаад түрүүлж монгол түмэндээ том бэлэг хүртээлээ гэж бодож байгаа шүү. Тусгайлсан арга хэмжээ зохион байгуулагдаж л байна.

Хүү маань сүмогийн дэвжээнд түрүүлж дөрөв дэх монгол аварга болж, монгол түмнээ баярлууллаа. Ганцхан манай ахан дүүс биш Монголын ард түмэн бүгдээрээ баярлаж байгаад бахархууштай байна. Хүн бүхэн чаддаг зүйлээ хэнээс ч дутахгүй хийж байж Монгол орон хөгжинө. “Эх орон минь мандан бадраг” гэж би залбирдаг юм.

Зураг