Мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээнд ёкозүна цолны болзол сонсон барилдсан, “Изүцү” дэвжээний бөх, озэки Какүрюү М.Ананд боломжоо бүрэн ашиглаж Хару баше буюу хаврын тэмцээнд 14-1 амжилтаар түрүүлсэн билээ.
Мэргэжлийн сүмогийн Ёкозүнагийн зөвлөлийн 11 гишүүн уржигдар хуралдаад Какүрюү М.Анандад мэргэжлийн сүмогийн дээд цол олгох эсэх асуудлыг Мэргэжлийн Сүмогийн холбоонд өргөн барих нь зүйтэй гэсэн шийдвэрийг санал нэгтэй гаргасан байна. Ёкозүна цол олгох асуудлыг дээрх зөвлөл шийддэг, тиймээс холбоо зөвхөн батламжлах л үлдэж байгаа юм.
Монголын бөх М.Ананд ийнхүү мэргэжлийн сүмогийн 71 дэх, Монголоос төрсөн дөрөв дэх их аварга боллоо. Японы мэргэжлийн сүмогийн холбоо өчигдрийн хуралдаанаараа зохион байгуулалтын асуудал хэлэлцэж, мэргэжлийн сүмогийн 64 дэх их аварга Китаноумиг Ерөнхийлөгчөөр улираан сонгосон.
Харин өнөөдөр болох Захирлуудын зөвлөлийн ээлжит бус хуралдаанаар Какүрюү М.Анандад ёкозүна цол олгох шийдвэрийг албан ёсоор гаргах юм. Шинэ ёкозүнагийн дэвжээнд гарах ёслолыг ирэх баасан гарагт Мейжи Жинго сүмд зохион байгуулахаар бэлтгэл ажил эхлээд байгаа ажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!