НИТХ-ын Тэргүүлэгчдийн баасан гарагийн хуралдаанаар техникийн захуудыг Улаанбаатар хотын төвөөс нүүлгэж СХД-ийн 32-р хороо, хуучнаар 22-ын товчоо байснаас ургаш 130 га газарт “Авто худалдааны нэгдсэн цогцолбор” барих асуудлыг хэлэлцэн баталлаа.
Энэхүү цогцолборыг байгуулснаар Улаанбаатар хотод авто худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа газруудыг хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу нэг цэгт төвлөрүүлж, замын хөдөлгөөний хэт ачаалал, агаар болон хөрсний бохирдол зэргийг 40 орчим хувиар бууруулах боломжтой гэж үзэж байгаа юм.
Бага оврын автомашины зогсоол бүхий 18 метр кв газрыг 4 сая төгрөгөөр, том оврын автомашины зогсоол буюу 72 м кв газрыг 9 сая төгрөгөөр ААН, иргэнд эзэмшүүлнэ.
Эхний ээлжинд авто машины худалдааны ил талбайг байгуулж ашиглалтад оруулан авто машины худалдаа эрхлэгчдэд борлуулах бөгөөд энэ оны 10 сарын 01-ний дотор авто зогсоол, зам талбай, хамгаалалтын хашаа барих ажлыг дуусгах юм.
Зогсоолын төлбөрийн хувьд бага оврын автомашины зогсоол бүхий 18 метр кв газрыг 4 сая төгрөгөөр, том оврын автомашины зогсоол буюу 72 м кв газрыг 9 сая төгрөгөөр аж ахуйн нэгж, иргэнд эзэмшүүлнэ.
Дараагийн ээлжинд худалдааны талбайг борлуулснаас олох 36,283 тэрбум төгрөгөөр явган хүний зам, үйлчлүүлэгчдийн зогсоол, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, авто машины туршилтын талбайг байгуулахаар тооцжээ.
НИТХ-ын Тэргүүлэгчид авто худалдааны цогцолбор барих асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн учраас 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш нийтийн эзэмшлийн талбай, бусад ил задгай зогсоол, талбайд автомашин тээврийн сэлбэг, хэрэгсэл худалдан борлуулахыг хориглохоор боллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!