Монгол Улсын Ардын жүжигчин Н.Дагийранз бурхны оронд заларчээ.
Ардын жүжигчин Н.Дагийранз эгэл сайхан дүрүүдээс гадна олон уран бүтээлд дуу оруулж, тууль хайлсан байдаг. Энэ бүгдээс хамгийн онцлох нь "Тунгалаг тамир" киноны гол дүрүүдийн нэг "цахиур" Төмөрт дуу оруулсан аргил сайхан хоолой Монголчуудын сэтгэл зүрхэнд хоногшсон билээ.
Н.Дагийранз нь дуу хуураараа алдартай Дундговь нутгаас гаралтай Ардын жүжигчин юм. Тэрбээр Монголын кино урлагт том жижиг нийлсэн 30 гаруй дүр бүтээжээ.
Түүнийг 1959 онд сүргийн бэлчээрээс аймгийн клубт дуудсанаар урлагийн их замд орсон түүхтэй хэмээн түүний тухай нэгэн хөрөгт бичжээ.
1964 онд буюу анх удаа “Тус биш ус” кинонд тоглож өөрийн цаглашгүй авъяасаа нээжээ. Тэрбээр “Үер”, “Талын цуурай”, “Тэмцэл, “Уул усны үр сад” зэрэг 30 гаруй дүр бүтээжээ.
Харин дуу оруулсан кино 200 гаруй. Энэ нь зөвхөн Монгол кино биш орчуулгын Орос киноны дуу оруулалтыг ч мөн хийж байлаа.
Монголын кино урлагийн, дуу хуурын нэгэн сайхан од Н.Дагийранз гуай амьдралынхаа сүүлийн жилүүдийг Булган аймагт охиныхоо хамт мал маллаж буянт сүргийн дэргэд жаргаж яваад ийнхүү мөнх бусыг үзүүллээ.
Ингээд Монголчуудын зүрхэнд хоногшсон түүний сайхан хоолойг та бүхэндээ эргэн сануулж байна.
Зүрхэнд сонсогдох аялгуу: Н.Дагийранз,
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!