Өчигдөр Алмата хотод Казахын Спорт, Аялал Жуулчлалын Академи тус улсын нэрийг солих асуудлаар хуралдай зохион байгууллаа.
Хуралдай зохион байгуулагдсан танхим нь 400-500 суудалтай бөгөөд танхим дүүрэн байсан гэж зохион байгуулагчид мэдээлжээ.
Хуралдайд уригдагсад нь эрдэмтэд, түүхчид, нийгмийн зүтгэлтнүүд, оюутнуудаас бүрдсэн гэнэ. Хуралдайн зорилго нь Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын дэвшүүлсэн улсын нэрийг солих асуудлыг хэлэлцэж санал хураах байлаа.
Энэ оны эхээр Назарбаев улсынхаа нэрнээс перс гаралтай “стан” дагаварыг халж оронд нь түрэг гаралтай “эли” болгох тухай санаагаа дэлгэсэн юм.
Ингэснээр Казахстан улсын нэр “Казах эли” буюу Казахын газар нутаг гэсэн утгатай болох юм.
Казахстаны түүхчид “Монгол” нэрийг түрэгийн хаадын бодож олсон “Мөнг эли” буюу “Мөнх улс орон” гэсэн үг гэж үзээд энэ нэрнээс угшилтайгаар “Казах эли” гэж нэрлэхэд буруудахгүй гэж тайлбарлаж байгаа ажээ. Харин Чингис хаан хожим нэгдсэн улсаа байгуулаад энэ нэрийг өгсөн гэнэ.
Хуралдайд оролцогчдын олонх энэ саналыг дэмжсэн тул одоо Ерөнхийлөгчийн зарлиг гарах л үлдлээ гэж мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!