ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/11-НД НИЙТЛЭГДСЭН

Р.Чойномын нүүрний хэвний түүхэн замналыг дэлгэлээ

М.Уянга, Өдрийн шуудан
2014 оны 2 сарын 11
Өдрийн шуудан
Зураг зураг
Р.Чойномын нүүрний хэвний түүхэн замналыг дэлгэлээ

Монгол Улсын төрийн шагналт зохиолч Р.Чойномын мэндэлсний 78 жил, Монголын төр нийгэм, утга зохиол, соёл, яруу найргийн нэрт зүтгэлтэн О.Дашбалбарын 55 насны төрсөн өдөр өчигдөр тохиосон юм.

Монголын хүүхдийн Ордонд Р.Чойномыг хүндэтгэсэн олон хүн саатав. Эзэн нь хэдийгээр мөнх бусын хорвоог орхисон ч түүний нэр хүнд, уран бүтээлийн үнэ цэн тэр олон хүмүүсийг нэг дор цуглуулж чадсан юм. Эрхэм найрагчийн зохиол бүтээлийг шимтэн уншдаг уншигчдынх нь “жим"-ийг таслалгүй авч яваа хүн Д.Ганболд гэж эрхэм бий. Тэрбээр Монгол Улсын төрийн шагналт зохиолч Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сангийн тэргүүн. Уран зохиол, утга зохиолд “дурладаг” тэр тусмаа Р.Чойномын бүтээлийг шимтэн уншиж, архивладаг хүмүүсээс зохиол бүтээлийг нь цуглуулж, ном болгон хэвлэдэг.

Мөн түүнтэй холбоо бүхий л мэдээ, мэдээллийг цуглуулж, хүмүүст хүргэж, хадгалж, сурталчилдаг. Тиймээс алдарт зохиолч Р.Чойномын 78 насны төрсөн өдрөөр түүнд хамгийн том бэлгийг “Өд” сангийнхан барьсан. Д.Ганболд тэргүүнтэй “Өд” сангийн хамт олон түүний төрсөн өдөрт зориулан гурван шинэ бүтээлийн нээлтийг хамтатган хийсэн юм.

Тодруулбал, “Р.Чойномын нүүрний хэв” номын нээлт, түүний гэрээслэл шүлгээс сэдэвлэсэн баримтат кино, гэрээслэл шүлгийн клипний нээлтийг хамтад нь хийлээ. Энэ үеэр эрхэм найрагчийг нас барсных нь дараахан авсан нүүрний хэвийг олны өмнө анх удаа ил гаргасан юм.

Нээлтийн үеэр Д.Ганболд “Бид сангаа байгуулснаас хойш энэ агуу зохиолчийн бүтээлүүдийг эмхэтгэн 22 ном гаргалаа. Одоо дахиад 10 гаруй ном хэвлүүлэх хэмжээний бүтээлийн архив бидэнд байна. Агуу зохиолчийн уран бүтээлийг хуулбарлах энд тэнд тараах явдал цөөнгүй гардаг. Түүнд бид хяналт тавьдаг. Р.Чойном гуай уран бүтээлээ ард түмэндээ нээлттэй туурвиж, түгээдэг байсан болохоор түүний бүтээлийг цуглуулахад хэцүү биш байдаг. Ард түмэн өөрсдөө л түүний архив болчихсон байдаг” хэмээж байсан юм.

Д.Ганболд: Р.Чойномын нүүрний хэв эзэн шигээ ээдрээтэй амьдралыг туулсан

Р.Чойномын өвийг хамгаалах "Өд" сангийн тэргүүн Д.Ганболдоос зарит зүйлийг тодруулсан юм.

"Р.Чойномын нүүрний хэв" ном хэвлэгдсэн тухай мэдээ шинэ оны өмнөөс хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Энэ мэдээ Р.Чойном найрагчийг шүтэн биширдэг, шүлэг найргийг нь амтархан уншдаг олон хүний хорхойг хүргэх шиг боллоо.
 
-Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын нүүрний хэв эзэн шигээ ээдрээтэй замыг туулан хэд хэдэн хүний гар дамжсаар найрагчийг бурхан болсноос хойш 24 жилийн дараа буюу 2003 онд манай "Өд" санд ирсэн. Энэ бол зүгээр нэг дуурайлгаж хийсэн эд биш их найрагчийн нүүрний хэв. Нэг үгээр хэлбэл, асар их үнэ цэнэтэй зүйл.

Бид Р.Чойномын нүүрний хэв бол үл тайлагдах оньсого биш, баримт нотолгоотой, он цаг, үйл явдал нь тодорхой, буух эзэн, буцах мөртэй уршагийн бүтээл гэж үзсэн. Тиймээс энэ талаар уншигчдад ойлголт өгөх нь зүйтэй гэж ярилцаад "Р.Чойномын нүүрний хэв" гэдэг номыг бүтээсэн. Энэ номонд түүний нүүрний хэв хэрхэн бүтсэн, ямар замнал туулсан болохыг дэлгэрэнгүй өгүүлнэ.
 
-Найрагчийн нүүрний хэвийг хэн гэдэг хүн, хэрхэн авсан юм бол?
 
-Найрагчийг элдвээр хавчиж, хянаж байсан тэр цагт нас барсных нь дараа нүүрнийх нь хэвийг авч үлдэнэ гэдэг нь тухайн үед асар их зориг шаардах асуудал. Р.Чойномын оршуулганд хэн хэн оролцов гээд НАХЯ-ныхан хянаж цагдаж байсан гэдэг.

Их найрагчийн дотны андуудын хувьд энэ бүхнээс эмээлгүйгээр сүүлчийн замд үдэхийн өмнө нүүрнийх нь хэвийг авсан байдаг. Р.Чойном найрагч насан өөд болохынхоо өмнөх гурван жилийг найз зураач Л.Дэмбэрэлийндээ өнгөрүүлсэн гэдгийг уншигчид мэдэх байх. Л.Дэмбэрэл зураач түүний хамгийн дотны найз нь. Одоо ч бидний ажилд их тусалдаг. Л.Дэмбэрэл гуай барималч Ц.Доржсүрэнгээр талийгаачийн нүүрнийхэвийг авахуулсан байгаа юм. Энэ нь нэг талаар найзынхаа гэрээслэлийг биелүүлсэн хэрэг л дээ.

Р.Чойном найрагч ЛДэмбэрэл зураачид Орост алдартай яруу найрагчдынхаа нүүрний хэвийг авч үлддэг бичигдээгүй хууль байдаг тухай ярьж "Минийхийг заавал аваарай" хэмээн захисан гэдэг юм. Тиймээс Л.Дэмбэрэл зураач түүнийг нас барсны дараа найз нартайгаа зөвлөлдөж байгаад нүүрнийх нь хэвийг авсан гэсэн. Энэ үйл явдал 1979 онд болсон. Тэр хэв огт эвдрээгүй хэвээрээ байгаа.
 
-Нүүрний хэвийг юугаар хийсэн юм бол. Тайзан дээр залсан болохоор хамаагүй ойртож болохгүй юм?
 
-Гипс.
 
-Энэ ховор зүйл 2003 онд танай санд ирсэн гэсэн. Түүнээс өмнө хаана хадгалж байсан юм бол?
 
-"Р.Чойномын нүүрний хэв" номд энэ тухай дэлгэрэнгүй өгүүлсэн. Ярих юм бол их урт түүх болно. Ямар ч байсан зураач Л.Дэмбэрэл гуай Р.Чойномын нүүрний хэвийг 1995 он хүртэл нандигнан хадгалж байгаад найрагчийн гэр музей байгуулагдахад баримлыг нь хийлгэн залах гэж яваад хулгайд алдчихсан гэсэн.

Тэр цагаас хойш Р.Чойномын нүүрний хэв барималч, зураач, яруу найрагч зэрэг олон хүний гар дамжиж, гэр оронд нь хүндэтгэлтэйгээр залагдаж байсан. Зарим хүн уг хэвийг үнэ хүргэн зарах, тэр ч байтугай Өвөр Монгол руу гаргах санаа өвөрлөж ч байсан гэдгийг бид сүүлд олж мэдсэн.
 
-"Р.Чойномын нүүрний хэв" номоос гадна баримтат кино хийсэн гэсэн.
 
-Энэ ном, кино хоёр нэг талаас Р.Чойном найрагчийн нүүрний хэв, түүнийг тойрсон адал явддыг өгүүлэх боловч нөгөө талаар Монголд нүүрний хэв гэдэг урлагийн хэмжээнд хөгжих цаг болсныг харуулахыг зорьж байна.
 
Л.Дэмбэрэл: Р.Чойном хөдөлмөрч хүн байсан

 
Төрийн шагналт зохиолч Р.Чойнот бурхны оронд одохоосоо өтнө дотны найз Л.Дэмбэрэлийндээ гурван жил амьдарсан. Түүнтэй хамт атьдарч жаргал зовлонг нь хуваалцаж явсан Л.Дэтбэрэл гуай энэ өдрийн хатгийн хүндтэй зочны нэг байсан юм.
 
-Их найрагчтай хамгийн ойр байсан хүний хувьд түүнийг хэрхэн үнэлдэг вэ?
 
-Миний найз хүний дээд байсан. Цаг зав л гарвал үсэг цаас нийлүүлж суудаг. Зарим хүн түүнийг архи их уудаг энэ тэр гэж ярьдаг юм билээ. Тийм ч найгаа алдсан архичин байгаагүй юм шүү. Цуг байхад хөгжилтэй, яриад суухад мэдлэг мэдээлэл ундарч байдаг үнэхээр сайхаи хүн байсан.

Бидний яриа сайхан нийлдэг байж билээ. Би түүний шүлэг найрагт дуртай. Тэр миний зурсан зургийг ихэд сонирхон үнэлгээ дүгнэлт өгдсөг байсан билээ.
 
-Амьдралынхаа сүүлчийн гурван жилийг тантай хамт өнгөрүүлсэн. Энэ хугацаанд ар гэрийнхэн нь ирж очдог байв уу?
 
-Ирэлгүй яах вэ. Олон охинтой айлд өссөн хүн шүү дээ. Ганц ахтай. Тэд бүгд ирдэг л байсан.
 
-Түүний амьдрал тийм ч дардан байгаагүй шүү дээ. Ганц охин нь одоо хаана байдаг юм бол?
 
-Хөөрхий охиноо төрсний дараахан эхнэрээсээ салчихсан. Тэгээд байнга л охиноо ярьдаг байж билээ. Их л санадаг байсны шинж байх. Даанч охин нь түүнийг бурхны орныг зорьтол нэг ч удаа ирж уулзаагүй. Сонин юм шүү.
 
-Одоо хаана байдаг юм бол. Та сураг тавьж үзэв үү?
 
-Мэдэхгүй ээ.
 
-Р.Чойномыг өвчнөөс болж нас барсан гэсэн. Яг юу нь өвддөг байсан юм бол. Танд хэлж ярьдаг байв уу?
 
-Үгүй ээ. Өөрөө бол хэрийн зүйлийг тоодоггүй хүн. 1979 онд хахир хүйтэн өвөл болсон. Тэр жил ханиад томуу дэгдээд дарагдахгүй онцгүй байсан. Түүний бие гэнэт муудаад би III эмнэлэгт хүргэж өгсөн. Р.Чойномын найз Баяр, Дондог гэж хоёр эмч тэнд ажилладаг байсан юм.

Тэгээд түүнийг эмнэлэгт хүргэж өгчихөөд эмчид нь хоол цай аваад хүрээд ирье гэж хэлээд явах гэтэл эмч нь одоо оройтсон байна. Та өглөө эртхэн хүрээд ирэхгүй юү гэсэн юм. Түүний хэлсний дагуу өглөө нь иртэл найз маань аль хэдийнэ тэнгэрийн орныг зорьсон байсан. Надад маш хүнд цохилт болсондоо.

Зураг