Трампын нэрийг нь сольсон нуурын эрэгт Канадын тал “Lake Ontario” гэсэн бичигтэй том самбар байрлуулав
Өнгөрсөн долоо хоногт АНУ, Канадын худалдааны дайн эрчимжиж, хоёр улсын нутаг дэвсгэрийн дунд байрладаг Онтарио нуурын нэрийг “Америк нуур” болгон өөрчлөх шийдвэрийг ерөнхийлөгч Дональд Трамп зарласан.
Тэгвэл хил залгаа Канадын Онтарио мужийн захирагч Даг Форд үүний хариуд нуурын эрэг дээр “Онтарио Нуур. Одоо, бас Үргэлж” гэсэн бичигтэй том самбар байрлуулжээ.
“Ерөнхийлөгч Трампаас бүр өмнө энэ нуурыг Онтарио гэж нэрлэдэг байсан. Ерөнхийлөгч Трампыг явсны дараа ч Онтарио нуур гэж нэрлэгдэх болно” гэж тэр мэдэгдсэн байна.
Гэхдээ Трампын гаргасан шийдвэр зөвхөн АНУ-д үйлчлэх бөгөөд дэлхийн бусад улс орнууд дагаж мөрдөх албагүй.
Бямба гарагт Google компани зөвхөн АНУ-ын хэрэглэгчдэд харагдах дижитал газрын зурагтаа нуурын нэрийг “Америк нуур” болон өөрчилснийг зарласан юм.
Харин Канадын иргэдэд Онтарио нуур нэрээр харагдах бол дэлхийн бусад бүх улс орнуудын хэрэглэгчдэд шинэ, хуучин хоёр нэрээр давхар харагдахыг Google тайлбарлажээ.
Трамп өнгөрсөн онд АНУ-ын өмнөд эргийн дагуу байрладаг Мексикийн булангийн нэрийг Америкийн булан болгон өөрчилж байв.
Бямба гарагт Трамп сошиал хуудсандаа нуурын нэртэй холбоотой хиймэл оюунаар үүсгэсэн хэд хэдэн дүрс бичлэг нийтэлсний дотор Онтарио нуурын тэмдэглэгээг өшиглөн унагааж, оронд нь “Америк нуурт тавтай морил” гэсэн бичигтэй самбар босгож байгааг харуулсан бичлэг байжээ.
Шинэ самбарынхаа өмнө үг хэлэхдээ Форд “Ерөнхийлөгч Трамп болон өөр хэн нэг нь нуурын нэрийг мартчихвал Онтарио нуур нэртэй байсаар ирсэн, цаашдаа байх ч болно гэдгийг сануулахын тулд үүнийг босголоо” гэж мэдэгдсэн байна.
Хоёр улсын хил дээр байрладаг Их Нууруудын дөрвийнх нь нэр болох Онтарио, Хурон, Мичиган, Эри бол бүгд энэ нутгийн уугуул иргэдийн өгсөн нэрс юм.
Харин Супериор нуурын нэр нь Америк тивд шинээр суурьшигчдын өгсөн франц гаралтай нэр ажээ.
Их Нууруудын хамгийн жижиг нь болох Онтарио хойд талдаа Канадын Онтарио мужаар, урд талдаа АНУ-ын Нью Йорк мужаар хүрээлэгддэг.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
