АНУ-ын зэвсэгт хүчин сар гаруй завсарласны эцэст Ираны пуужин харвагчийг устгахаар Ларак арал руу довтолжээ

Т.Давааням, ikon.mn
45 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ням гарагт АНУ-ын зэвсэгт хүчин Ларак арал дээр байрласан Ираны пуужин харвагчийг агаарын цохилтоор устгажээ.

Долдугаар сарын сүүлчээс хойш намжаад байсан талуудын мөргөлдөөн ийнхүү сэргэж байна.

“Исламын Хувьсгалт Гвардын хүчин Ормузын хоолой руу далайн минатай пуужин харвахаар бэлтгэж байгааг бид ажигласан” гэж АНУ-ын цэргийн төв командлалын хэвлэлийн төлөөлөгч Тим Хокинс мэдэгджээ.

Ираны тал уг цохилтын улмаас хэд хэдэн хүн алагдаж, шархадсаныг мэдээлээд “хариу арга хэмжээ авах”-аа амласан байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп долдугаар сарын сүүлчээс эхлэн Ираны эсрэг ямар нэг байлдааны ажиллагаа явуулахаа зогсоож, эдийн засгийн хатуу хориг арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай ярих болсон юм.

Энэ сарын эхээр Ормузын хоолойн гол тээврийн замаас бүх минийг цэвэрлэж дуусгаснаа тэр зарлаж, дахин мина байрлуулах оролдлого гаргавал хатуу арга хэмжээ авахаа Ираны талд анхааруулж байлаа.

Ларак арал нь чухал боомт Бандар Аббасаас холгүй, Ормузын хоолойд байрладаг.

Ираны тал одоо уг арлаар гадаадын ачаа тээврийн хөлгүүдийг шалган нэвтрүүлж байгаа бөгөөд хөлөг тус бүрээс $2 саяыг нэхэж байгаа гэсэн мэдээлэл бий.

Ираны Хувьсгалт Гвардын хэвлэлийн төлөөлөгч Хоссейн Мохебби өчигдрийн цохилтыг “Трампын дэглэмийн стратегийн бөгөөд үхлийн аюултай алдаа” гэж нэрлээд “дайсны эдийн засаг, цэргийн салбар энэхүү буруу тооцоолсон үйлдлийнхээ үр дагаврыг амсах болно” хэмээн анхааруулжээ.

Ираны Тасним агентлаг АНУ агаарын цохилтоо нисгэгчгүй онгоцоор гүйцэтгэсэн, үүний улмаас хоёр хүн алагдаж, хоёр хүн шархадсаныг мэдээлсэн байна.

Наймдугаар сарын 24-ний өдөр Трампын засаг захиргаа Ираны дэглэмийн эсрэг эдийн засгийн хүчтэй хориг арга хэмжээ авч, тус улсыг гадаад ертөнцөөс тусгаарлах гэж байгаагаа зарласан.

Ингэхдээ холбоотнуудын хамт Ирантай худалдаа хийдэг орнуудын эсрэг хоёрдогч хориг арга хэмжээг өргөн хүрээнд авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм.

Харин Техраны эрх баригчид болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүнийг АНУ-ын өмнө авч хэрэгжүүлсэн хориг арга хэмжээний үргэлжлэл төдий алхам бөгөөд байлдааны ажиллагаа нь бүтэлгүйтсэний шинж гэж тайлбарлаж байгаа.

Хоёрдугаар сарын 28-ны өдөр АНУ, Израилийн зэвсэгт хүчнүүд Ираны нутаг дэвсгэрт довтолж эхэлснээс хойш яг зургаан сарын хугацаа өнгөрөөд байна.

 

Эх сурвалж: BBC