Хоёр жилийн дараа 1,000 хүүхдийн зуслан ашиглалтад оруулна гэж хотын дарга Б.Пүрэвдагва амлажээ

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 13 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хоёр жилийн дараа нийслэлийн хүүхдүүдийг амраах зуслантай болгоно хэмээн хотын дарга Б.Пүрэвдагва "том" амлажээ.

Тэрбээр “Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүний хувиар нэг дор 1,000 хүүхэд хүлээн авах хүчин чадал бүхий дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр энэ жил эхлүүлж, 2028 онд ашиглалтад оруулна.

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар эхэлсэн “Хүүхдийн төлөө за бол заавал хий” үндэсний хөдөлгөөнийг нийслэл хотод эхлүүлнэ. Түүнчлэн Хүүхэд хөгжлийн ордны засвар, тохижилтын ажлыг эхлүүлж, мэдээллийн технологи, хиймэл оюун, англи хэл, инновац, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх танхимуудыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулахаар төлөвлөөд байна” гэв.

Хүүхдийн зуслан шинээр байгуулна гэхээсээ илүүтэй хуучин зуслангуудаа сайжруулах нь чухлыг зарим иргэн ч хэлж байгаа билээ.

Харин төв талбайн баруун талд байрладаг хуучин Хотын захиргааны барилгыг Х.Нямбаатар даргын үед 300 ортой олон улсын зочид буудал болгоно гэж байсан ч Засгийн газраас Хүүхэд хөгжлийн ордон болгохоор шийдвэрлэж, сэргээн засварлах ажлыг эхлүүлжээ.