Чад улсад худаг булаацалдсан үндэстэн хоорондын мөргөлдөөний үеэр 42 хүн алагджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Сахарын цөлд оршдог төв Африкийн Чад улсад худаг булаацалдсан үндэстэн хоорондын мөргөлдөөн гарсны улмаас 42 хүн амиа алдаж, 10 хүн шархаджээ.

Тус улсын зүүн бүсийн Вади Фира мужид гарсан энэ мөргөлдөөн анх хоёр айлын маргаанаас эхэлсэн байна.

Гэвч сүүлдээ үндэстэн хоорондын мөргөлдөөн болон даамжирч, бүтэн тосгон шатжээ.

Чадын эрх баригчид Ням гарагт ерөнхий сайдын орлогч Лимане Махамат тэргүүтэй төлөөлөгчдийг тус бүс нутагт илгээснээр нөхцөл байдлыг хяналтдаа авсан байна.

Тус улсад малчид болон тариаланчдын хооронд ус, бэлчээртэй холбоотой маргаан байнга гардаг бөгөөд энэ нь заримдаа үндэсний цөөнхүүдийн хоорондын зөрчил мөргөлдөөн болж хувирдаг юм.

Сүүлийн саруудад хөрш Судан улсын иргэний дайнаас дүрвэгсэд Чадад олноор ирэх болсон нь нөхцөл байдлыг улам хурцатгажээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тус улсын баруун өмнөд Дибебе мужид худаг булаацалдсан маргааны улмаас 33 хүн амиа алдаж байв.

Олон Улсын Хямралын Бүлэг судалгааны байгууллагын мэдээлснээр 2021-2024 оны хооронд Чадад ийм төрлийн 100 орчим мөргөлдөөн гарахад 1,000 орчим хүн алагдаж, 2,000 орчим хүн шархдаж байжээ.

Эмнести Интернэйшнл хүний эрхийн байгууллага 2022-2024 оны хооронд малчид-тариаланчдын хооронд гарсан 98 хүний үхэлтэй холбоотой долоон мөргөлдөөнийг баримтжуулснаа өнгөрсөн онд мэдээлж байв.

Уур амьсгалын өөрчлөлт зэрэг бусад асуудлууд зөрчлийг улам хурцатгаж, засгийн газар үүнээс сэргийлэх хангалттай арга хэмжээ авахгүй байгааг уг тайланд дурджээ.

 

Эх сурвалж: BBC