Б.Ганзориг: Явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилсний дараа эвдрэл гараагүй. Гүйцэтгэгч компани гурван жил хариуцна
Энэ онд нийслэлийн хэмжээнд 12 байршилд 70 мянган ам метр явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна гэж мэдээлээд буй.
Өнөөдрийн байдлаар долоон байршилд явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байгаа аж.
Энэ тухай Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газрын Барилга захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Б.Ганзориг “Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 54.2 км урт, 195 мянган ам метр явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулахаар төлөвлөж, ажлын зураг төсөл батлагдсан.
2025 онд дөрвөн байршлын гэрээт ажлыг хийж дууссан бөгөөд үлдсэн байршлын ажлуудыг он дамжин хэрэгжүүлж байна. Энхтайвны өргөн чөлөөний нэг багц ажлын гүйцэтгэгчийн хариуцлагагүй, удаашралтай байдлаас шалтгаалж тухайн байршлын явган хүний замыг шинэчлэх компанитай гэрээг цуцалсан юм. Ийнхүү энэ онд тухайн багцыг гурван багц тендер болгон, нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан. Гүйцэтгэгч нь шалгарсны дараа шинэчлэлтийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.
Явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилсний дараа шаардлага хангаагүй, эвдрэл гэмтэл гараагүй. Ийм тохиолдол гарвал замын ажлыг гүйцэтгэгч компани чанарын баталгааны гурван жилд засвар, шинэчлэлийг хариуцаж хийх үүрэгтэй байдаг” гэлээ.
Явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж буй байршлууд:
- Геологийн төв лабораторийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх 3.4 мянган ам метр явган замын ажил 83 хувь
- Саппорогийн уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх 10.9 мянган ам метр явган замын ажил 62 хувь
- Яармагийн гүүрний зүүн үзүүрээс АПУ-гийн уулзвар хүртэлх замын хойд талаар 2.6 мянган ам метр явган замын ажил 80 хувь
- АПУ-гийн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэлх замын баруун талаар 1.0 мянган ам метр явган замын ажил 84 хувь
- АПУ-гийн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэлх замын зүүн талаар 3.1 мянган ам метр явган замын ажил 40 хувь
- Баруун дөрвөн замын уулзвараас хойгуураа Баянбүрд КТМС-ийн уулзвар өнгөрөөд, Зүүн дөрвөн замын уулзвар хүртэл замын урд талаар 9.5 мянган ам метр явган замын ажил 35 хувь
- Баруун дөрвөн замын уулзвараас хойгуураа Баянбүрд КТМС-ийн уулзвар өнгөрөөд, Зүүн дөрвөн замын уулзвар хүртэл замын хойд талаар 7.8 мянган ам метр явган замын ажил 45 хувийн явцтай үргэлжилж байгааг мэдээлэв.
Явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлэхээр зэхэж буй байршлууд:
- Баруун дөрвөн замын уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэлх
- Төв шуудангийн уулзвараас Бөхийн өргөөний уулзвар хүртэл /Замын урд талаар/
- Төв шуудангийн уулзвараас Зүүн дөрвөн замын уулзвар хүртэл /замын хойд талаар/, Бөхийн өргөөний уулзвараас Зүүн дөрвөн замын уулзвар хүртэл /замын урд талаар/
- Цэцэг төвийн уулзвараас хойгуураа СУИС, МУИС өнгөрөөд МУБИС-ийн уулзвар хүртэлх замын урд талаар
- Яармагийн гүүрний зүүн үзүүрээс АПУ-гийн уулзвар хүртэлх замын урд талд.
Улаанбаатар хотын явган хүний замыг тохижуулах ажлын 2024-2026 оны нийт төсөвт өртөг ₮78.3 тэрбум байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
