САНЬЯА 2026: 3х3 сагсан эрэгтэй, эмэгтэй шигшээ баг хасагдах шатанд шалгарлаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Ч.Ганбат

БНХАУ-ын Саньяа аралд болж байгаа Азийн элсний наадмын 3х3 сагсан бөмбөгийн төрөлд манай эрэгтэй, эмэгтэй баг өрсөлдөж байна.

Эрэгтэй баг Б.Энх-Амар, Э.Энхтэмүүлэн, Г.Балжинням, М.Өлзийбат гэсэн бүрэлдэхүүнтэй оролцож буй бөгөөд "B" хэсэгт Малайз, Шри Ланка, Индонезтой орсон юм. Улмаар Индонезыг 15:12-оор ялсан ч Малайзын багт 12:21-ээр дийлдсэн билээ.

Тэгвэл өнөөдөр Шри Ланкаг 22:11-ээр буулган авснаар хэсгээсээ хоёроор дараагийн шатанд шалгарлаа. Энэ хэсгээс Малайзын баг гурав хожсон үзүүлэлтээр тэргүүлсэн юм.

Эмэгтэй баг Малайз, Тайвань болон Саудын Арабтай нэг хэсэгт орсон ч Саудын Арабын баг оролцох боломжгүй болсон. Хүүхнүүд Тайванийг 20:18-аар илүүрхсэн ч Малайзын багт хожигдсон юм. Малайзчууд Тайванийг 16:14-өөр ялснаар эмэгтэй баг мөн хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авлаа.

Хасагдах шатны тоглолтууд маргааш үргэлжлэх бөгөөд медальтнууд нөгөөдөр буюу энэ сарын 29-ний Лхагва гарагт тодорно.