₮1.5 их наядын өртөгтэй трамвай төслийн хоёрдугаар шугамын тендерийг хойшлуулжээ

Д.Янжиндулам, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Трамвай төслийн хоёрдугаар шугам болох Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай чиглэлийн тендерийг “Зураг төсөл боловсруулах, худалдан авалт хийх, барилга угсралт гүйцэтгэх” (EPC) нөхцөлөөр 2026 оны гуравдугаар сарын 13-ны өдөр зарласан. Тендерийг дөрөвдүгээр сарын 29-ний өдөр нээх байсан боловч оролцогч талуудаас ирүүлсэн хугацааг хойшлуулах саналыг үндэслэж Тендерийн үнэлгээний хороо хуралдаж тавдугаар сарын 13-ны өдөр хүртэл сунгажээ.

Төслийн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Мэргэжлийн зөвлөлөөр 2026 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр хэлэлцэн дэмжсэн. юм.

Төслийн хоёрдугаар шугам хэрэгжсэнээр тухайн чиглэлд оргил цагт цагт 6,989 хүртэл зорчигч тээвэрлэж, авто замын хөдөлгөөний ачааллыг 12.2 хувиар бууруулах урьдчилсан тооцоо гарчээ.

Зорчигчид автобусаар 90-100 минут зарцуулдаг замыг трамвайгаар 35-40 минутын хугацаанд туулах боломж бүрдэх юм. Тус төсөл хэрэгжсэнээр хотын агаарын бохирдолд нөлөөлж буй нүүрсхүчлийн хийн ялгарал жилд 43.3 тонноор, азотын ислийн ялгарал 301.9 тонноор буурна. Төслийн нэгдүгээр шугам нь Зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл хэрэгжинэ гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.

Нэгдүгээр шугам буюу Сүхбаатарын талбайгаас Зунжин хүртэл явах чиглэлийн шугамыг Оросын компани барих саналаа илэрхийлээд байгаа бол хоёрдугаар шугамыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр болоод байгаа юм.

Трамвайны нэгдүгээр шугамыг барих төсөвт өртөг 1.2 их наяд, хоёрдугаар шугамыг барих төсөвт өртөг 1.5 их наяд буюу нийт өртөг 2.7 их наяд төгрөг байна. Энэ онд нийслэлийн төсвөөс санхүүжих дүн 325 тэрбум төгрөг.

Улаанбаатар трам төслийн удирдагчаар НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин ажиллаж байгаа билээ.