Шри Ланкын хууль хүчнийхэн 110 кг мансууруулах бодис хилээр нэвтрүүлэх гэсэн лам нарыг баривчилжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 11 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Ачаанаас нь 110 кг каннабис төрлийн мансууруулах бодис илэрсэнтэй холбогдуулан нисэх буудлаас Буддын шашны 22 ламыг баривчилснаа Шри Ланка улсын эрх баригчид мэдээлжээ.

Бямба гарагт Тайландаас нийслэл Коломбо хотын нисэх буудалд ирэхдээ лам тус бүр 5 кг хэмжээтэй каннабисын онцгой хүчтэй хэлбэр болох Кушийг ачаа тээшиндээ нуусан байсныг гаалийн албаныхан илрүүлсэн байна.

Тэд нэрээ нууцалсан ивээн тэтгэгчийн гаргасан зардлаар Тайландад дөрөв хоног амраад буцаж ирэхдээ ийнхүү баривчлагджээ.

Аяллыг зохион байгуулсан гэгдэж буй 23 дахь ламыг Коломбо хотын захын хорооллоос сүүлд баривчилсан байна.

Лам нарыг хилээр нэвтэрсний дараа ачааг цуглуулж авах фургон автомашин тосож байжээ.

Тэдний гар утаснаас Тайландад амарч буй энгийн хувцастай лам нарын гэрэл зураг, дүрс бичлэгүүд илэрсэн тухай Шри Ланкын цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх алба мэдээлсэн байна.

Ням гарагт 22 ламын шүүх хурлын эхний сонсгол болсны дараа тэднийг үргэлжлүүлэн шалгахаар долоо хоногийн хугацаатай хорьжээ.

Үүнийг бүлэг лам нар нисэх буудлаар мансууруулах төрлийн бодис нэвтрүүлэхийг завдаад баригдсан анхны тохиолдол гэж Шри Ланкын хуулийн байгууллагууд үзэж байна.

 

Эх сурвалж: BBC