Тегераны эрх баригчдын тавьсан шинэ саналтай Трамп танилцаж, Ираны гадаад хэргийн сайд Путинтэй уулзав
Тегераны эрх баригчид хоёр сарын өмнө эхэлсэн дайныг зогсоох өөрийн шинэ хувилбар саналыг Пакистаны зуучлагчдаар дамжуулан АНУ-ын талд хүргүүлсэн байна.
Уг саналтай танилцаж, үнэлэх ажлыг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн үндэсний аюулгүй байдлын багт даалгасан тухай Вашингтоны албаны эх сурвалжууд мэдээлжээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Исламабад хотод Пакистаны эрх баригчидтай уулзсан Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи өчигдөр буюу Даваа гарагт Санкт Петербург хотод ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан байна.
Цагаан ордны мэдээлснээр Ираны боомтуудыг бүслэн хаасан ажиллагаагаа АНУ зогсоовол Персийн булангаас гарах ачаа тээврийн урсгалыг нээх саналыг Тегеран тавьсан гэнэ.
Харин Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг дараагийн шатанд тусдаа ярилцахаар саналд тусгажээ.
Шинэ саналд ерөнхийлөгч Трамп ямар байр суурьтай байгааг асуухад Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролин Ливитт “Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй. Ямартай ч өнөөдөр өглөө уг саналыг хэлэлцэх хурал болсон. Энэ талаар та бүхэн удахгүй ерөнхийлөгчөөс өөрөөс нь сонсох байх гэж би найдаж байна” гэж хэлсэн юм.
Өчигдөр Fox News сувагт өгсөн ярилцлагадаа АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио уг саналыг шүүмжилсэн байна.
“Хоолойг нээх гэдэг нь тэднийхээр бол Ирантай тохиролцож, хураамж төлөх, үгүй бол дэлбэрэх гэсэн үг бололтой. Энэ бол хоолойг нээх гэсэн үг биш. Олон улсын усан замд ийм зүйл байх ёсгүй” гэж Рубио хэлжээ.
Вашингтонд саналыг нь хэлэлцэж байх зуур Ираны гадаад хэргийн сайд ОХУ-д айлчилсан байна.
Энэ үеэр Путин тусгаар тогтнолынхоо төлөө “зоригтой, баатарлаг” тэмцэж буй Ираны ард түмнийг магтаж, дайныг дуусгаж, энх тайван тогтоохын төлөө Москва чадах бүхнээ хийхийг Арагчид амласан тухай ТАСС агентлаг мэдээлжээ.
Өнгөрсөн долоо хоногт Ираны дээд удирдагч Можтаба Хаменигаас захидал хүлээж авснаа Путин энэ үеэр баталсан байна.
Орос, Иран улсууд өнгөрсөн онд харилцаагаа шинэ түвшинд хүргэж, 20 жилийн хугацаатай стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан юм.
Үүний хүрээнд Иран улс Украины дайнд ашиглах Шахед нисгэгчгүй онгоцыг ОХУ-д нийлүүлж байгаа бол Оросын тал Ираны цөмийн дэд бүтцийг өргөжүүлэхэд тусалж байгаа.
Дайныг дуусгах яриа хэлэлцээ удааширч байгаа нь АНУ-ын тавьсан “хэт өндөр шаардлага”-тай холбоотойг Арагчи тайлбарласныг Ираны засгийн газар сошиал хуудсаараа мэдээлжээ.
Тэрбээр өнгөрсөн Баасан гарагийн орой Пакистаны нийслэл Исламабад хотод хүрэлцэн очсон нь АНУ, Ираны хоёр дахь ээлжийн яриа хэлэлцээ амралтын өдрүүдэд зохион байгуулагдаж болзошгүй гэсэн таамгийг бий болгосон юм.
Гэвч АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп уулзалт үр дүнгүй болох нь тодорхой болсон үндэслэлээр элч төлөөлөгчдөө Исламабадад илгээх төлөвлөгөөгөө гэнэт цуцалж байв.
Ням гарагт CBS сувгаар Трамп “дайн тун удахгүй дуусна”, “Ираны тал хүсвэл бидэнтэй утсаар холбогдож болно” гэх зэргээр ярьсан юм.
Тэрбээр Ираны талтай яриа хэлэлцээ явуулах боломж гаргахын тулд байлдааны ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байгаа.
Гэхдээ АНУ-ын тэнгисийн хөлгүүд одоо Ормузын хоолойн гадна Оманы буланд Ираны боомтуудыг чиглэсэн ачаа тээврийн хөлгүүдийн шилжилт хөдөлгөөнд хаалт тавьсан хэвээр байна.
Вашингтонд төвтэй Олон Улсын Стратегийн Судалгааны Төвийн гаргасан сүүлийн мэдээллээр бол одоо Ормузын хоолойгоор өдөрт дунджаар дөрвөн хөлөг нэвтэрч байгаа нь хоёрдугаар сарын 28-нд эхэлсэн дайны өмнөх 188-тай харьцуулахад огцом буурсан үзүүлэлт юм.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
