"Хорооллууд дунд дараа нь шилжүүлэх боломжтой угсардаг бага сургуулиудыг байгуулж ачаалал ихтэй байгаа ЕБС-ийг задална"
Боловсролын яамнаас “Монгол хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” цогц арга хэмжээг батлуулаад байгаа ба энэ талаар өнөөдөр Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.
Хөдөө орон нутагт 12 жилийн тогтолцоотой ч 10-р ангид нь 5 хүүхэд, 11-р ангид 7 хүүхэдтэй, 12-р ангид 13 хүүхэдтэй зэрэг цөөн хүүхэдтэй сургуулиуд байна. Иймд ЕБС-уудын бүтцийг дахин төлөвлөж, сум дундын төрөлжсөн ахлах сургуулиудыг хөгжүүлнэ гэв. Уг ажил энэ жилээс туршилтаар эхлэх ба эхний ээлжид таван бүсэд Кембрижийн тогтолцоотой төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулах аж. Цаашлаад 21 аймагт хийх юм байна.
Хотхоны болон бага сургуулийн шинэ загварыг гаргана гэв. Учир нь төрөлт багасаж байгаа учир зарим цэцэрлэгүүд хаагдана. Иймд тэр цэцэрлэгийг өөрчлөн зохион байгуулж хотхон дотор нь бага сургууль байгуулах аж.
Мөн алслагдсан хязгаар нутгуудад доорх зурагт харуулсанчлан бага сургуулиудыг хямд төсрөөр шийднэ гэв. Нийслэлийн хорооллууд дунд ийм бага сургуулиудыг угсарч сургууль баригдахаар нь хэрэгтэй газарт нь шилжүүлье гэв.
Боловсролын салбарт энэ онд ₮1.3 тэрбумын төсөвт өртөгтэй төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаа аж.
Ээлжийн коэффициент нэгээр буурахад математикийн хичээлийн оноо 8 пунктээр нэмэгддэг байна. Нэг ангид суралцаж байгаа хүүхдийн тоог 5,5-аар буулгаад байхад суралцагчийн сурлагын чадварт шууд нөлөөлж байгааг онцлов.
Нийслэлд 3,000-аас дээш хүүхэдтэй 38 сургуулийг төрөлжсөн ахлах сургууль, хотхоны бага сургууль болгож задална. Мөн 46 хүүхдээс дээш суралцагчтай байгаа 1089 бүлгийг задалж ачааллыг бууруулна гэв. Нийтдээ 2035 он хүртэл 108 сургууль, 95 цэцэрлэг барих аж. Үүнийг төсвөөр хийж дийлэхгүй учир төр хувийн хэвшлийн түншлэл буюу хувийн хэвшил сургууль, цэцэрлэг бариад түүнийг нь түрээсэлнэ гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
