JCI Монгол байгууллага оюутан залуусын хөгжилд 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ
JCI Монгол байгууллага 2026 онд “SHAPE YOUR LEGACY” уриан дор залуучуудын хувь хүний хөгжил, мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн “ASAP” төслийг хэрэгжүүлж, 10 орчим их, дээд сургуулийн 102 оюутанд нийт 200 орчим сая төгрөгийн бодит хөрөнгө оруулалт хийжээ.
“ASAP” буюу As Soon As Possible залуучуудын хөгжлийн төсөл нь сургалт хөгжлийн хөтөлбөр болон менторшип программ гэсэн хоёр үе шаттайгаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд эхний шатны хаалтын арга хэмжээ 2026 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр ONE EVENT HALL-д боллоо.
Төслийн эхний шатанд оролцогчид 81 хоногийн хугацаанд нийт 48 академик цагийн сургалтад хамрагдаж, мэдлэг, ур чадвараа хөгжүүлэхийн зэрэгцээ багийн болон бие даасан даалгавруудыг гүйцэтгэн, өрсөлдөөний зарчмаар шилдгүүдээ тодруулсан байна.
Финалын шатанд шилдэг таван төсөл, шилдэг таван илтгэгч өрсөлдсөнөөс JCI Конгресс салбар байгууллагын багийн санаачилсан “Сайн дурын ажилтныг дэмжих хөтөлбөр” шилдэг төслөөр шалгарчээ. Харин оролцогчдоос гүйцэтгэл, идэвх оролцоогоороо тэргүүлсэн таван оролцогч “Миний үлдээх өв” сэдвээр илтгэл тавьснаас JCI Улаанбаатар салбарын оролцогч Б.Ганзаяа шилдгээр тодорч, Япон улсын Нигата хотод болох Ази, Номхон далайн бүсийн чуулганд оролцох эрхийн эзэн болсон байна.
Шилдэг илтгэгч Б.Ганзаяа “Ирээдүйн төлөө хөрөнгө оруулах нь хамгийн том үнэт зүйл гэдгийг ойлгосон. Тиймээс ч энэ ах эгч нар маань бидний төлөө хөрөнгө оруулж байгаа юм байна. JCI Монгол байгууллагын ах, эгч нартаа маш их баярлалаа. Төслийн хугацаанд өөрийгөө сорьж, хөгжүүлэх боломж олдсон нь миний хувьд хамгийн үнэ цэнтэй туршлага байлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан бол JCI Монгол байгууллагын 2026 оны Үндэсний Ерөнхийлөгч Балдангийн Онон оролцогчдод хандан залуучуудын хөгжилд чиглэсэн санаачилга, оролцоог цаашид улам дэмжихийг онцолсон байна.
Төслийн дараагийн шатанд оролцогчид салбар бүрийн мэргэжилтнүүдээс зөвлөгөө, дэмжлэг авч, өөрсдийгөө цогцоор хөгжүүлэх ментор–ментии хөтөлбөрт хамрагдах юм
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
